Улаанбаатарын хувьд өнгөрсөн онд нэгэн түүхэн өөрчлөлт гарсан нь зэсийн баяжмалын экспортын орлого анх удаа нүүрсний экспортын орлогоос давсан явдал байв. Энэхүү эргэлтийн цэгт хиймэл оюун ухааны хөгжлийн хурдац, цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өсөлт голлон нөлөөлжээ.

Одоо Монголын Засгийн газар шинэ орд, шинэ нөөц эрэлхийлж байгаа талаар "AsiaNews" мэдээлснийг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна. 

MongolianNews-ийн мэдээлснээр, Монголын эдийн засаг олон жилийн турш голчлон нүүрсний экспортод түшиглэж ирсэн. Гэвч өнгөрсөн онд түүхэн өөрчлөлт гарч, зэсийн баяжмалын экспортын орлого анх удаа нүүрсний экспортын орлогоос давсан байна.

Энэ хандлага энэ онд улам эрчимжжээ. Учир нь, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан бол үүний зэрэгцээ зэсийн үнэ өссөн байна. Үүний үр дүнд оны эхний хагас жилд зэсийн экспортын орлого нүүрснийхээс дахин давжээ.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүн Монгол Улсын нийт экспортын орлогын 87.2 хувийг бүрдүүлсэн байна. Үүний 44.7 хувийг зэсийн баяжмал, 37.9 хувийг нүүрс эзэлжээ.

Энэ хугацаанд Монгол Улс 56.8 сая тонн нүүрс экспортолж, 3.94 тэрбум ам.долларын орлого олсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын биет хэмжээ 21.7 сая тонноор нэмэгдэж, орлого нь 1.4 тэрбум ам.доллараар өсжээ.

Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ буурсаар буй нь энэ салбарын орлогыг цаашид нэмэгдүүлэх боломжийг хязгаарлаж байна.

Харин зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.31 сая тоннд хүрч, Монгол Улс үүнээс 4.65 тэрбум ам.долларын орлого олжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмалын экспорт 253,300 тонноор нэмэгдсэн бол экспортын орлого 2.3 тэрбум ам.доллароор өсөж, 1.9 дахин нэмэгдсэн байна.

Зэсийн эрэлтийг юу өсгөж байна вэ?

Зэсийн экспортын орлого өсөж буй гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлт маш хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотой. Мэргэжилтнүүд энэхүү өсөлтийн цаана үндсэндээ гурван гол хүчин зүйл байна гэж үзэж буй аж. Үүнд:

Нэгдүгээрт, хиймэл оюун ухаан. Дэлхий даяар асар олон тооны дата төв шинээр баригдаж, хиймэл оюун ухааны дэд бүтэц эрчимтэй хөгжиж байна. Эдгээр дата төвүүдэд их хэмжээний цахилгаан эрчим хүч, цахилгаан дамжуулах болон хөргөх систем шаардлагатай бөгөөд энэ бүхэнд зэс өргөнөөр ашиглагддаг.

Хоёрдугаарт, байгальд ээлтэй тээвэр. Цахилгаан автомашины үйлдвэрлэл маш хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд цахилгаан автомашинд уламжлалт автомашинаас илүү их хэмжээний зэс шаардлагатай байдаг.

Гуравдугаарт, цэвэр эрчим хүч. Сэргээгдэх эрчим хүчний төслүүд дэлхий даяар эрчимтэй өргөжиж байгаа нь мөн зэсийн эрэлтийг нэмэгдүүлж буй.

Зэсийн үнэ цаашид өсөх үү?

Энэ нөхцөлд Лондоны Металлын бирж (London Metal Exchange) дээр цэвэршүүлсэн зэсийн үнэ тонн тутамдаа 13,645 ам.долларт хүрээд байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд болон судалгааны байгууллагууд зэсийн ирээдүйд маш өөдрөг байр суурьтай байна. Тухайлбал,

Goldman Sachs-ийн шинжээчид энэ оны эцэс гэхэд цэвэршүүлсэн зэсийн үнэ тонн тутамд 13,735 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.

Энэ нь тус банк өмнө нь гаргасан 12,465 ам.долларын таамгаасаа 10 гаруй хувиар өсгөсөн үзүүлэлт юм.

Монголын эдийн засаг нүүрснээс зэс рүү шилжих үү?

Нүүрс нь экспортын биет хэмжээний хувьд Монголын тэргүүлэх экспортын бүтээгдэхүүн хэвээр байх магадлалтай. Гэвч статистик мэдээллүүд Монголын гадаад валютын орлогын бүтцэд гүнзгий өөрчлөлт гарч буйг тодорхой харуулж байна.

Хэрэв дэлхийн зэсийн эрэлт өндөр хэвээр байж, үнэ нь цаашид өссөөр байвал Монголын эдийн засгийг тодорхойлоход нүүрсний гүйцэтгэдэг тэргүүлэх үүрэг аажмаар зэсэнд шилжих боломжтой.

Өөрөөр хэлбэл, цаашид Монголын улсын төсвийн орлого, гадаад валютын урсгал, эдийн засгийн нийт өсөлт нь зөвхөн нүүрсний салбараас хамаарах бус, зэсийн дэлхийн эрэлт болон үнийн мөчлөгөөс шууд хамаарах болж болзошгүй юм.

Монгол Улс одоо юу хийх хэрэгтэй вэ?

Ийм нөхцөлд төр засаг түүхий эдийн зах зээлд үнэ өсөх таатай мөчлөгийг зүгээр л хүлээгээд суух бус, урт хугацааны зөв стратегийн тусламжтайгаар бий болсон боломжийг идэвхтэй ашиглах нь чухал гэж нийтлэлд онцолжээ.

Үүний тулд хэд хэдэн чухал арга хэмжээ авах шаардлагатай.

1. Геологийн хайгуулыг эрчимжүүлэх. Шинэ, ирээдүйтэй ашигт малтмалын орд, нөөцийг илрүүлэхийн тулд геологийн хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, одоо байгаа Оюу Толгой зэрэг томоохон ордуудад найдаад зогсохгүй ирээдүйн шинэ зэсийн нөөцийг эрэлхийлэх хэрэгтэй гэсэн санаа.

2. Тогтвортой эрх зүйн орчин бүрдүүлэх. Том хэмжээний, урт хугацааны хөрөнгө оруулалтыг татахын тулд тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчин бий болгох шаардлагатай.

Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдад Монголд урт хугацаанд хөрөнгө оруулах итгэл төрүүлэхэд чухал.

3. Зөвхөн хүдэр экспортлох бус нэмүү өртөг шингээх. Монгол Улс түүхий эдээ шууд экспортлохоос илүүтэйгээр гүн боловсруулалт, баяжуулалт, түүхий эд боловсруулах технологийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх хэрэгтэй.

Ингэснээр зэсийн баяжмал болон бусад түүхий эдээс илүү өндөр үнэ цэн бүтээж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж нийтлэлд дурджээ.

Эх сурвалж: ASIA NEWS