УИХ-ын 2026 оны тавдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын хүний амь нас, амьдралын чанарт шууд нөлөө үзүүлэх хэд хэдэн чухал хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, заримыг нь дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Тухайлбал,

Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 03 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг чуулганы үеэр авч хэлэлцсэн юм.

Хуралдааны эхэнд Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гарч, гишүүдийн олонхын дэмжлэгийг авснаар шууд батлах шийдвэрт хүрэв.

Үүний дараа Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг мөн анхны хэлэлцүүлгээр нь эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх саналыг Байнгын хорооноос танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын ач холбогдлыг онцолж, ийм мэс заслын ачаар олон жил амьдарч яваа иргэд энэ хуулийг дэмжихийг хүссэн талаар дурдав. Тэрбээр цаашид эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо нэмэгдэх эсэх, шинээр байгуулагдах Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төв хэрхэн ажиллах болон санхүүжилтийн асуудлыг тодруулсан юм.

Үүнд ажлын хэсгээс дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос эхлэн амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тогтолцоо хөгжиж ирснийг дурдаад, Монгол Улс 2018 оноос энэ чиглэлийн мэс заслыг эрчимтэй хөгжүүлж буйг мэдээлэв.

Түүнчлэн амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмж олгох тогтолцоо бүрэн хэрэгжиж эхэлбэл эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа эрчимжих боломжтойг онцолсон юм. Судалгаагаар БНСУ болон БНТУ-д ийм бодлого амжилттай хэрэгжсэн туршлага бий аж.

Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд баригдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төвийг бодлогын байгууллага удирдан ажиллуулж, төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буйг тайлбарлав.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг сүүлийн жилүүдэд хэдэн амьгүй донор бүртгэгдсэн болон уг тогтолцоонд хэдий хэмжээний зардал шаардагдах талаар асуухад ажлын хэсгээс 2018 оноос хойш нийт 75 удаагийн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн талаар мэдээлэв.

Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу 2023 оноос амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр 2023 онд нэг, 2024 онд дөрөв, 2026 онд нэг хүнд нийт 22 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Цаашид жилд дунджаар 10 орчим амьгүй донор гарна гэж тооцоолж байгаа бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу жилд ойролцоогоор 70 сая төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Ийнхүү Байнгын хорооноос гаргасан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлгээр нь эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх горимын саналыг чуулганы олонх дэмжсэн байна.

Үүний дараа чуулганы хуралдаанаар Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Уянга цусны донорын идэвхтэй насны бүлэг, улсын хэмжээнд цусны нөөц хүрэлцээтэй байгаа эсэх, мөн шинэ хууль батлагдсанаар донорын тоо нэмэгдэх боломжийн талаар тодруулсан юм.

Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр цусны нөөцийг байнгын болон гамшгийн үеийн гэсэн хоёр ангиллаар бүрдүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 10-14 хоногийн хэрэглээг хангах байнгын нөөц хангалттай түвшинд байгаа ч гамшгийн үеийн стратегийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцоллоо. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр гамшгийн үеийн цусны нөөц бүрдүүлэлтэд бодит ахиц гарна гэж үзэж байна.

2025 оны статистикаар, улсын хэмжээнд 46 мянга 723 удаагийн цус өгөлт бүртгэгдсэн бөгөөд үүний 80 хувь нь Улаанбаатар хотод төвлөрчээ. Хэрэгцээг бүрэн хангахын тулд улсын хэмжээнд өдөр бүр 180-250 нэгж, нийслэлд 150-200 нэгж цус цуглуулах шаардлагатай гэсэн тооцоог мөн танилцуулсан байна.

Ингээд Цусны донорын тухай хуулийн төслийг чуулганы гишүүдийн олонх дэмжиж, холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн бол хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ.

Мөн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 03 дугаар дүгнэлтийг сонсож танилцсан бөгөөд хуралдааны төгсгөлд Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс чөлөөлж, түүний оронд С.Лүндэгийг томилох асуудлыг хэлэлцсэн ч эцсийн шийдвэрийг баасан гаргийн хуралдаан хүртэл хойшлуулахаар тогтсон юм.