Монголчууд цаг агаарын эрс тэс, хатуу ширүүн нөхцөлийг даван туулж, нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг. Монгол Улсын хүн амын 50 хувийг малчид эзэлдгээрээ онцлог. Монгол түмэн улирал бүр малын бэлчээрээ сэлгэн нүүдэллэдэг уламжлал нь байгальд ээлтэй, түүндээ дасан зохицож оршсоор ирснийг харуулдаг.
Иймд уул ус, газар нутагтайгаа шүтэн барилдлагатай амьдардаг уламжлалт мэдлэгээ орчин үеийн бодлоготой хослуулан, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг хэрхэн ухаалгаар сааруулах шийдлээ СОР17-ын үеэр олон улсад таниулж, харуулахыг зорьж буй.
Монгол Улс одоогоор харилцан үр ашигтай байх гурван санаачилга гаргаж, СОР17 хурлын үеэр олон улсад танилцуулахаар төлөвлөөд байгаа юм. Тодруулбал,
Нэгдүгээрт, бэлчээрийн тэргүүлэх санаачилга. Бэлчээрийн доройтлыг нөхөн сэргээж, иргэдэд ашигтай байлгах, хэрхэн хэмжих, үүнийгээ олон улсад санал болгож зах зээлтэй хэрхэн холбохыг чухалчилж буй.
Хоёрдугаарт, газар, усны тогтвортой нэгдсэн менежмент. Газрын төлөвлөлтийг жил бүр гаргаж, газрын тогтвортой менежментийг устай нийцүүлэн уялдуулж шийднэ.
Гуравдугаарт, тогтвортой дэд бүтцийг дэмжих байгальд суурилсан шийдлүүд. Хот, хөдөөд тогтвортой дэд бүтцийг байгальд ээлтэй хөгжүүлж, хэрхэн ашиглахаа тодорхойлох юм.
Бэлчээр нь малын бэлчээр бус ойгоос бусад өвсөн бүрхэвчит бүх талбай юм. Газар доройтвол биологийн олон янз байдлын хомсдол нүүрлэн, уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэн, тэр хэмжээгээр газар доройтох гинжин хэлхээтэйг “Бяцхан диваажин” цэцгийн дэлгүүр, кофешоп ажиллуулдаг А.Нарангаравуу тайлбарлажээ.
Тэрбээр “Монгол орны газар нутгийн 77 хувь нь ямар нэг байдлаар доройтсон судалгаа бий. Өргөн уудам газар нутгийнхаа бэлчээрийг ухаалгаар, байгальд хал бага, хүн ардад ашигтайгаар нөхөн сэргээж чадвал манай орон цөлжилтийг дорвитой сааруулсан үлгэр жишээ улс болж болно.
Монгол орон газар нутаг тал хээр, ойт тал хээрийн экосистем, биологийн олон янз байдлын арвин нөөцтэй ч институц, хууль эрх зүйн орчин, бодлого, хүний нөөц, техникийн хүчин чадал дутагдалтай.
Иймд өөрсдөдөө болон бусдад харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Бодлого, институц, эрх зүйн орчноо сайжруулж, шинэ тутам хөгжиж буй бизнесийг ногооруулан, олон улсын зах зээлд холбож чадвал 10 жилийн дараа хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө орж ирэх боломж бий. Үүнийг СОР17 хурлаар дамжуулан танин мэдүүлж, байгаль орчны асуудлуудыг хөндөнө” гэжээ.
Дэлхий нийтээр өсөн нэмэгдсээр буй агаарын дундаж температурыг энэ зууны эцэс гэхэд 1.5 хэмд хязгаарлахыг зорьж буй. Монгол Улсын Ерөнхийлөгч СОР-ын сүүлийн 5 хуралд оролцсоноос гадна НҮБ-ын индрээс “Тэрбум мод” хөтөлбөрийнхөө санаачилгыг зарласан нь олон улсад байгаль орчны манлайллаар нэг шат ахисны жишээ.
Энэ нь нөөцийг өөрөөр нь зохицуулж, ухаалгаар ашиглах байгальд суурилсан шийдэл юм. Мод тарих нь хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, уур амьсгалын тэсвэрлэх, дасан зохицох чадамжийг бэхжүүлж, усны нөөцөд ч эерэг нөлөөлөх ач тустай билээ.