“Нээлттэй нийгэм форум”-оос өнөөдөр буюу 2026 оны долдугаар сарын 2-ны өдөр Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубын төлөөллүүдтэй уулзаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн санал, шүүмжээ танилцууллаа.
Тус байгууллагаас хуулийн төсөлд салбарын хөгжлийг дэмжих, уул уурхайн үйл ажиллагааны хариуцлагыг нэмэгдүүлэх чухал зохицуулалтууд туссаныг сайшаасан боловч газрын хэвлийн баялгийг ашиглах үйл ажиллагаанд ил тод байдал, байгаль орчны хамгаалал, иргэдийн мэдэх эрхийг хангах шаардлагатайг онцлов.
Нийт 7 санал, шүүмж танилцуулснаас газрын ховор элементийн талаар тусгасан хэсгийг "Хүмүүн.мн" сайт онцлон мэдээлж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд баяжуулах үйл ажиллагааг хуульчлах, уурхайн хаалтын төлөвлөгөө болон санхүүгийн баталгааны тогтолцоог бий болгох зэрэг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалт туссан байна.
Гэвч тус хуулийн төсөлд багтсан зарим өөрчлөлт цацрагийн хяналт, аюулгүй байдлын шаардлагыг сулруулах эрсдэлтэй гэж “Нээлттэй нийгэм форум” үзжээ. Тус байгууллагаас боловсруулсан санал, шүүмжид газрын баялгийг ашиглах үйл ажиллагааг хүний эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдлыг хамгаалсан зарчимтай уялдуулах шаардлагатайг онцолсон байна.
Хуулийн төсөлд цацраг идэвхт ашигт малтмалын тодорхойлолтоос газрын ховор элементийг хасах, улмаар Цөмийн энергийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах зохицуулалт туссан. Харин газрын ховор элементийн зарим орд нь геологийн тогтоц, эрдсийн агуулгаасаа хамааран цацраг идэвхт изотоп агуулсан байх боломжтойг тус байгууллага анхаарууллаа.
Тухайлбал, Халзан бүрэгтэй ордод хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн тайланд газрын ховор элемент боловсруулах явцад их хэмжээний хаягдал үүсэх бөгөөд түүний дотор цацраг идэвхт хаягдал гарах эрсдэлтэй талаар дурдсан байдаг.
Халзан бүрэгтэй ордын тусгай зөвшөөрлүүд анх 2000-2004 онд Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд олгогдсон бөгөөд Цөмийн энергийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цацраг идэвхт ашигт малтмалын үйл ажиллагаанд ердийн ашигт малтмалаас илүү өндөр стандарт, хяналтын шаардлага тавигдах болсон байна.
“Нээлттэй нийгэм форум”-ын дүгнэснээр, Цөмийн энергийн тухай хуулийн шаардлагыг хангаж тусгай зөвшөөрлөө шинэчлэхийн оронд газрын ховор элементийг бүхэлд нь цацраг идэвхт ашигт малтмалын зохицуулалтаас хасах нь бодлогын хувьд алдаа гаргах эрсдэлтэй аж.
Хяналтын сонсголын үеэр холбогдох төрийн байгууллагуудын танилцуулсан мэдээллээр Халзан бүрэгтэй орд нь цацраг идэвхт элемент агуулдаг боловч өнөөгийн байдлаар цацрагийн хэмжээ зөвшөөрөгдөх түвшнээс давсан нь тогтоогдоогүй байна. Гэсэн хэдий ч цаашид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж, олборлолт болон боловсруулалтын үеийн эрсдэлийг бүрэн тооцох шаардлагатай гэж үзжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны судалгаанд газрын ховор элементэд нийт 17 элемент багтдаг бөгөөд тэдгээрийн зарим нь цацраг идэвхт шинж чанартай болохыг дурдсан байна. Тухайлбал, лантан (La), неодим (Nd), промети (Pm), лютеци (Lu) зэрэг элементүүд нь тодорхой хэмжээнд цацраг идэвхт шинжтэй гэж судалгаанд тэмдэглэжээ.
Мөн Монгол Улсын газрын ховор элементийн зарим ордод лантан, неодим агуулагддаг бөгөөд Хэнтий аймгийн Цагаанчулуутын ордод уран, торийн агууламж илэрсэн талаар холбогдох байгууллагуудын мэдээлэлд дурдсан байна.
Үүнтэй холбоотойгоор “Нээлттэй нийгэм форум” газрын ховор элементийн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үед байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж зөвлөжээ.
Учир нь, ердийн ашигт малтмалын үйл ажиллагаанд тавигддаг байгаль орчны өндөр шаардлагыг цацраг идэвхт шинжтэй байж болох ашигт малтмалд сулруулах нь үндэслэлгүй гэж тус байгууллага үзсэн байна.
Тус байгууллагаас Ашигт малтмалын тухай хуульд “газрын ховор элементүүдээс бусад” гэсэн нэмэлт оруулах зохицуулалтыг хасах, мөн Цөмийн энергийн тухай хуульд цацрагийн хяналт, аюулгүй байдлын шаардлагыг бууруулах өөрчлөлтийг оруулж батлахгүй байхыг санал болголоо.
“Нээлттэй нийгэм форум”-ын байр суурь газрын баялгийг ашиглах үйл ажиллагааг хязгаарлахад бус, харин байгалийн баялгийг иргэдийн эрх ашиг, хүний эрүүл мэнд, байгаль орчны хамгаалалтай уялдуулан, ил тод, хариуцлагатай тогтолцоогоор зохицуулахад чиглэжээ.