АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Канад улс АНУ-ын муж биш атлаа мужийн эдийн засгийн давуу эрх эдлэхийг хүсэж байна" хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ байр сууриа наймдугаар сарын 23-нд өөрийн Truth Social хуудсаар илэрхийлсэн байна.

Трамп энэхүү мэдэгдлээ АНУ, Канадын хоорондын худалдааны хэлэлцээ бүтэлгүйтэж, хоёр улсын худалдааны зөрчил хурцдаж буй үед хийжээ. Вашингтон Канадын зарим бараанд 50 хувийн тариф тогтоосны хариуд Канадын Ерөнхий сайд Марк Карни наймдугаар сарын 23-нд АНУ-ын бараанд мөн хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Канадын шинэ тарифыг есдүгээр сарын 8-наас хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Трамп Truth Social-даа "Канад АНУ-ын муж байхын давуу талыг өөрөө муж болохгүйгээр авахыг хүсэж байна” хэмээн бичээд, "Канад улс олон жилийн турш Америкийн фермерүүдийн бүтээгдэхүүнд өндөр тариф ногдуулж ирсэн" гэж мөн шүүмжилжээ.

Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-ын тавьсан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, Вашингтонтой хийж байсан худалдааны хэлэлцээг зогсоосон байна. Карнигийн мэдэгдсэнээр, АНУ-ын шаардлага Канадын эдийн засгийн ашиг сонирхол болон тусгаар тогтнолд халдах эрсдэлтэй байжээ.

АНУ, Канадын хоорондын маргаан ийн энгийн тарифын зөрчлөөс давж, хоёр улсын худалдааны харилцаа, Канадын эдийн засгийн тусгаар байдал, цаашлаад АНУ-Мексик-Канадын худалдааны хэлэлцээрийн ирээдүйд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна.

Трамп өмнө нь Канад улсыг АНУ-ын “51 дэх муж” болгох тухай удаа дараа ярьж байсан. Харин Канадын тал тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалах байр сууриа тодорхой илэрхийлсээр байгаа билээ.

Эх сурвалж: DW