Монголын рок, поп хөгжмийн үе үеийн хит уран бүтээлүүдийг нэг дор эгшиглүүлэх “All in Hit” тоглолт наймдугаар сарын 22-нд SocialPay Park-т зохион байгуулагдана.

Тус тоглолтод Монгол Улсын Төрийн соёрхолт “Харанга”, “Хурд” хамтлаг болон Монгол Улсын Ардын жүжигчин Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин С.Наран нар оролцож, өөрсдийн олон жилийн турш үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хит дуунуудаа нэг тайзнаа хүргэх юм.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, “All in Hit” тоглолтын гол онцлог Монголын хөгжмийн урлагийн өөр өөр цаг үед тод мөрөө үлдээсэн уран бүтээлчдийг нэгэн тайзнаа нэгтгэж буйд оршиж байгаа аж. Рок болон поп хөгжмийн өнгө аясыг хослуулсан энэхүү үдэш үзэгчид үе үеийн дуу хөгжмийг нэг дор сонсох нь ээ.

“Амьд хөгжмийн нүргээн дор хамтлаг, дуучдаараа цугларч буйд талархалтай байна”

Тоглолтын талаар “Хурд” хамтлагийн гитарчин, Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр байр сууриа илэрхийлэхдээ амьд хөгжмийн уур амьсгал дор олон уран бүтээлч нэг дор цуглаж буйд талархаж байгаагаа онцолжээ.

Монгол Улсын Ардын жүжигчин Б.Сарантуяа энэхүү тоглолтыг үзэгчдэд омогшил, бахархал, хайр төрүүлэх онцгой үдэш болно хэмээн тодорхойлсон байна.

Монголын рок, поп хөгжмийн тайзнаа олон жилийн турш өөр өөрийн өнгө төрх, дуу хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд хоногшсон дөрвөн уран бүтээлч, хамтлаг нэгэн тайзнаа уулзаж, үзэгч фенүүдээ огшоох нь ээ..