Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Монголиа файсон энержи” компанийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутагт байрлуулсан түр кемптэй холбоотой маргаан шүүх, хууль хяналтын байгууллагын түвшинд үргэлжилж байна.

Тодруулбал, иргэн Г.Солонго, Г.Адилбиш нарыг тус компанийн ажилчдын байрлаж байсан кемпэд зөвшөөрөлгүй нэвтэрч, ажилчдын эрх, эд хөрөнгөд халдсан, улмаар дуу, дүрсний бичлэг хийж, шууд дамжуулан цахим орчинд нийтэлсэн гэх үйлдэлд холбогдуулан шалгаж буй аж.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дээрх хоёр иргэнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Улмаар Дорнод аймгийн Сум дундын анхан шатны шүүх наймдугаар сарын 18-нд хуралдаж, Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргажээ.

Тэдэнд ямар хэргээр хэрэг үүсгэсэн бэ?

Г.Солонго, Г.Адилбиш нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, зөвшөөрөлгүй гэрэл зураг, дуу-дүрстэй бичлэг хийж дамжуулах, тараах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зэрэг үйлдэлд холбогдуулан шалгаж буй талаар мэдээлсэн байна.

Хуулийн байгууллагын мэдээллээр, тэднийг өмнө нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны салбарын компаниудын үйл ажиллагааг эсэргүүцсэн үйл явдалтай холбогдуулан шалгаж байжээ.

Тухайн үед байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, хамгаалалтын ажилтнуудтай маргалдсан, ажилчдын амрах байр болон бусад орчинд бичлэг хийж, олон нийтэд тараасан, улмаар зарим хүний биед халдсан гэх үйлдлүүдийг мөрдөн шалгасан байна.

Эдгээр нь мөрдөн шалгах байгууллагаас тогтоосон гэх нөхцөл байдал бөгөөд гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм.

БНХАУ-ын тал байр сууриа илэрхийлэв

Энэ үйл явдалтай холбоотойгоор БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли мөн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр Сүхбаатар аймагт газрын тосны хайгуулын ажил хийж байсан хятад иргэдийн эрхэд халдсан гэх үйл явдал Монгол Улс төдийгүй БНХАУ-ын ч анхаарлыг татсан талаар мэдэгдэж, уг явдалд БНХАУ-ын талаас санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Мөн тухайн үйл явдалд холбогдсон хүмүүст Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг анхааралтай ажиглана гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Дорнод, Сүхбаатарын бүс нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай холбоотой асуудал үе үе олон нийтийн анхаарлын төвд ордог.

Ялангуяа орон нутгийн иргэдийн байгаль орчин, бэлчээр нутаг, усны нөөц болон нутгийн иргэдийн эрх ашиг гэсэн асуудлууд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаатай зэрэгцэн яригддаг.