Николас Кейжийн тоглосон адал явдалт, нууц эрдэнэсийн тухай “National Treasure” кино 20 орчим жилийн дараа гуравдугаар анги нь гарахаар болжээ.
Тус франчайзын найруулагч Жон Төртелтауб наймдугаар сарын 21-нд Филадельфи хотод болсон National Treasure Hunt подкастын шууд бичлэгийн үеэр гуравдугаар анги “бодит болсон” талаар анх удаа албан ёсоор мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Disney киноны зохиолыг зөвшөөрч, төсөл одоо хөгжүүлэлтийн шатандаа оржээ.
“National Treasure” цувралын анхны кино 2004 онд нээлтээ хийж, Николас Кейж түүхч, эрдэнэс хайгч Бенжамин Франклин Гейтсийн дүрийг бүтээсэн. Кино дэлхий даяар ойролцоогоор 347 сая ам.долларын орлого олсон бол 2007 онд гарсан “National Treasure: Book of Secrets” кино 460 сая орчим ам.долларын орлогоор үүнийг давсан байна.
Гуравдугаар ангийн тухай яриа олон жил үргэлжилж, зохиол хэд хэдэн удаа өөрчлөгдсөн ч Disney-ээс эцсийн шийдвэр гаралгүй уджээ. Харин энэ удаа найруулагч Төртелтауб зохиол бэлэн болсон бөгөөд студи зөвшөөрсөн талаар мэдэгдсэн нь төслийг өмнөхөөсөө илүү бодит шатанд хүргэжээ.
Мөн Николас Кейж Бенжамин Гейтсийн дүрээр эргэн ирэх хүлээлт үүсч, анхны жүжигчдийн бүрэлдэхүүнээс аль болох олон хүнийг буцаан оролцуулах зорилготой байгаа талаар найруулагч мэдээлсэн байна. Гэхдээ зураг авалт эхлэх өдөр, нээлтийн тов болон үйл явдлын дэлгэрэнгүйг одоогийн байдлаар зарлаагүй байгаа аж.
“National Treasure”-ийн хоёрдугаар анги гарснаас хойш бараг 19 жил өнгөрсний дараа Бенжамин Гейтсийн адал явдал дахин дэлгэцнээ ийн үргэлжлэхээр болжээ.
Эх сурвалж: PARADE