Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт, уналтын бэлгэ тэмдэг болсон, нэгэн цагт тэрбумтан байсан бизнесмен өнгөрсөн долоо хоногт Хятадын шүүхээс бүх насаар хорих ял сонсжээ.
Гэвч Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт хэдийнэ зургаа дахь жилдээ үргэлжилж, дэлхийн хоёр дахь том эдийн засагт дарамт болсоор байгаа аж. Энэ хямрал сая сая өрхөд хүндээр тусахаас гадна Хятад улсын эдийн засгийн өсөлт экспортоос улам их хамаарахад хүргэж, улмаар худалдааны түншүүдтэйгээ үүсэх зөрчлийг нэмэгдүүлж буй юм байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ хямрал хэзээ дуусах нь одоогоор тодорхойгүй байна.
Эвергранде-ийн үүсгэн байгуулагч яагаад бүх насаараа хоригдох болов?
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хэт их өр зээлд түшиглэсэн өсөлтийг төлөөлж байсан China Evergrande компанийн үүсгэн байгуулагч Хуй Ка Янь буюу Hui Ka Yan нэгэн цагт Азийн хамгийн баян хүн байсан.
Харин одоо тэр хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар ашигласан, хээл хахуультай холбоотой зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгагдан, бүх насаар хорих ял аваад байгаа аж.
Түүний ял сонссон тухай мэдээлэл Хятадын нийгмийн сүлжээнд ихээхэн бухимдал дагуулжээ. Зарим орон сууц худалдан авагчид болон зээлдүүлэгчид “Яагаад түүнд цаазаар авах ял өгөөгүй юм бэ?” хэмээн асуусан байна.
Учир нь, Хуй Ка Янь компанийн асар их өр, үл хөдлөх хөрөнгийн салбарын сүйрлийн гол бэлгэдэл болсон нэгэн. Гэвч түүнийг шүүх, яллах ажиллагаа явагдсан ч энэ нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн хямралыг шийдсэн гэсэн үг огт биш аж.
Хямрал зургаа дахь жилдээ үргэлжилж байна
Хятадын санхүүгийн зохицуулагчид үл хөдлөх хөрөнгийн салбарын хэт их өр зээлийг хязгаарлаж эхэлснээс хойш зургаан жил өнгөрчээ. Гэсэн ч салбарын хүндрэл үргэлжилсээр буй юм байна.
Хятад даяар дуусаагүй, хагас баригдсан сая сая орон сууц ашиглалтад ороогүй хэвээр байгаа аж. Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад шинэ орон сууцны үнэ сэргэх хандлага зогсонги байдалд оржээ. Газрын борлуулалт эрс буурч, орон сууцны борлуулалт болон барилгын ажил улам хурдацтай агшиж буй юм байна.
Хятадын дотоодын жижиг, дунд хотуудын нөхцөл бүр ч хүнд, тэнд 2020 онтой харьцуулахад хуучин орон сууцны үнэ бараг дөрөвний нэг хувиар буурсан байна. Энэ нь иргэдийн хөрөнгийн үнэ цэнийг бууруулж, улмаар хэрэглээгээ нэмэгдүүлэх боломжийг нь хязгаарлаж буй аж.
Хятадын эдийн засаг энэ оны дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өссөн байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруйн хугацаанд бүртгэгдсэн хамгийн удаан өсөлт болжээ.
Үл хөдлөх хөрөнгө унаснаар Хятад экспортод улам их найдаж байна
Нэгэн цагт Хятадын дотоодын эрэлтийг хөдөлгөж байсан үл хөдлөх хөрөнгийн салбар одоо эдийн засагт эсрэгээрээ дарамт болж буй аж. Үүний зэрэгцээ Хятад улс эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд экспортод улам их түшиглэх болжээ.
2019 оноос хойш Хятадын худалдааны ашиг хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь Европын Холбоо болон АНУ-тай худалдааны зөрчлийг улам хурцатгаж, дэлхийн бусад оронд ч “China Shock 2.0” буюу “Хятадын шинэ цохилт” болох вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, Хятадын экспортын асар их хэмжээ бусад орны дотоодын үйлдвэрлэл, ажлын байр, компаниудад улам хүчтэй өрсөлдөөний дарамт үзүүлэх эрсдэлтэй болж буй юм байна.
Хямралыг шийдэх амархан арга байхгүй
Чикагод төвтэй үл хөдлөх хөрөнгийн зөвлөх "Enhance International" компанийн захирал Сэм Радван энэ асуудлыг системийн шинжтэй гэж үзжээ.
Түүний хэлснээр, Хятадад айл өрхийн тооноос илүү олон орон сууц бий болжээ. Тэр "Хятадын хүн амын гуравны нэгээс илүү хувь нь хоёр дахь орон сууцаа хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж ирсэн" гэж тайлбарласан байна. Тиймээс асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй аж.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал бол зөвхөн барилгын компаниудын асуудал биш. Энэ нь банк, орон нутгийн засаг захиргаа, иргэдийн хадгаламж, өрхийн хөрөнгө, хэрэглээ, ажлын байр зэрэг эдийн засгийн бараг бүх хэсэгтэй холбогдсон системийн асуудал юм байна.
Evergrande дампуурсан, бусад компаниуд ч хүнд байдалд орсон
Evergrande компани 2021 онд өр төлбөрөө барагдуулж чадахгүй болсон бөгөөд 2024 онд татан буулгах ажиллагаа эхэлсэн. Түүний өрсөлдөгч Country Garden 2023 онд дефолт зарласнаас хойш шинэ газар худалдан аваагүй байна.
Харин China Vanke компани зарим бондын төлбөрийн хугацааг сунгуулахыг оролдож буй бөгөөд дээд удирдлагынхаа ихэнхийг төрийн өмчит компаниудаас ирсэн удирдлагуудаар сольжээ.
Энэ бүхэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар цаашид хувийн компаниудаас төрийн өмчит компаниуд руу шилжих магадлал өндөр буйг харуулж байгаа аж.
Ши Жиньпин үл хөдлөх хөрөнгөөс технологи руу хөрөнгө шилжүүлж байна
Хятадын удирдагч Ши Жиньпин банкны зээл болон төрийн дэмжлэгийг үл хөдлөх хөрөнгийн салбараас стратегийн технологийн салбарууд руу чиглүүлэх бодлого хэрэгжүүлж буй юм байна. Үүнд робот техник, хагас дамжуулагч зэрэг салбарууд багтжээ.
Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар, эдгээр шинэ салбарууд одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүссэн эдийн засгийн асар их дарамтыг нөхөх хэмжээнд хүрээгүй байгаа аж.
Conference Board Asia-ийн ахлах эдийн засагч Макс Зенглейн "Эдийн засгийн өсөлт болон түүнээс хүртэх үр өгөөж улам цөөн хэсэгт төвлөрч байгаа нь иргэдийн хэрэглээ сэргэхгүй байгаагийн гол шалтгаануудын нэг" гэж хэлжээ.
“Өвдөлт нь тэвчихийн аргагүй”

Сэм Радваны тооцоолсноор, Хятадад хуримтлагдсан орон сууцны илүүдэл нөөцийг борлуулж дуусгахад ойролцоогоор 18 сар шаардлагатай ажээ.
Түүнчлэн тэр "Зах зээл эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалдаа хүрэхийн тулд орон сууцны үнэ 2025 оны түвшнээсээ дахин 40 орчим хувиар буурах шаардлагатай" гэж үзэж буй юм байна. Түүний тооцоолсноор, энэ бүх үйл явц дахиад 10 жил хүртэл үргэлжилж болзошгүй аж.
Радван “Хятадын иргэд маш ухаалаг хүмүүс. Тэд нөхцөл байдал ямар байгааг сайн ойлгож байгаа. Одоогийн байдлаар зах зээл ёроолдоо хүрээгүйг тэд мэдэж байна. Гэхдээ ёроол нь хаана байгааг харж чадахгүй байна” гэж хэлжээ.
Гэхдээ бүх шинжээч ийм гутранги байр суурьтай биш байгаа аж. Gavekal Dragonomics-ийн Хятадын судалгааны асуудал хариуцсан дэд захирал Кристофер Беддорын үзэж байгаагаар, цаашид нөхцөл байдал эрс муудахгүй байх магадлалтай юм байна.
Түүний хэлснээр, хамгийн боломжит хувилбар нь орон сууцны үнэ аажмаар буурч, зах зээл өөрийгөө засварлан тэнцвэрт байдалдаа хүрэх үйл явц үргэлжилж, улмаар тодорхой хугацааны дараа салбар сэргэх суурь бүрдэх нь.
Эвергранде-ийн захиралд өгсөн ял Хятадын иргэдийн бухимдлыг дахин өдөөв
Хуй Ка Яньд бүх насаар хорих ял оноосон тухай мэдээ Хятадын нийгмийн сүлжээнд гол сэдвүүдийн нэг болсон байна. Энэ асуудалтай холбоотой hashtag Weibo платформ дээр зөвхөн пүрэв гарагт гэхэд 370 сая гаруй удаа үзэгдэж, 72 мянга гаруй хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Учир нь, олон иргэн үл хөдлөх хөрөнгөөр бүх насаараа хуримтлуулсан хөрөнгөө алдсан байна. Шаньдун мужид амьдардаг 38 настай Жейсон Ван 2019 онд худалдаж авсан байрных нь үнэ одоо 25 хувиар буурсан талаар ярьжээ.
Тэрбээр нөхцөл байдлыг “тэвчихийн аргагүй өвдөлт” хэмээн тодорхойлсон байна. Тэр “Хүмүүс хоол хүнсээ арай гэж залгуулж байхад хэн орон сууц худалдаж авч чадах вэ дээ” гэж хэлжээ.
Эх сурвалж: REUTERS