Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен, Экосистемийн хэлтсийн орлогч захирал Дорин Робинсон нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, COP17 хурлын үр дүнгийн хэрэгжилтийг хангах, олон улсын түншлэлийг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.

No photo description available.

Уулзалтын үеэр Ингер Андерсен COP17-ын хүрээнд Африк болон бусад бүс нутгийн улс орнуудад тулгамдаж буй газрын доройтол, гангийн эрсдэлийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж, байгаль орчны санхүүжилтийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцолжээ.

Мөн UNEP болон Монгол Улсын Засгийн газар хамтран малын халдварт өвчний тархалтыг судалж, голомтыг бууруулахад чиглэсэн 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор мэдээлсэн байна.

May be an image of one or more people, newsroom and text

Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улс болон UNEP-ийн хамтын ажиллагаа 1970-аад оноос хойш үр өгөөжтэй хөгжиж ирснийг онцолж, цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улс UNEP болон олон улсын түншүүдтэй хамтран Их говийн дархан цаазат газрын хөгжлийн суурийг тавьж, дэлхийн ач холбогдол бүхий экосистем, ховор амьтдын амьдрах орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

May be an image of one or more people, people studying and text

Үүнээс гадна цаатан иргэдийн амьжиргааг дэмжих, хүлэрт намгийн экосистемийг хамгаалах, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах, химийн бохирдлын үнэлгээний чадавхыг бэхжүүлэх зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн билээ.

Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын санаачлан боловсруулсан “Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр” (Steppe Action Agenda) болон түүний хүрээнд хэрэгжүүлэх Бэлчээр, Ус, Байгальд суурилсан шийдлийн олон улсын санаачилгуудыг урагшлуулахад UNEP-тэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

May be an image of one or more people and text

Талууд мөн дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй гангийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бодит ахиц гаргах, COP17-ын хэлэлцээний үр дүнд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн 2030 оноос хойших UNCCD-ийн стратегийн чиглэлийг тодорхойлох бодлогын баримт бичиг боловсруулах асуудлаар хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн байна.