Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайны нөхцөлд ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан тус улсын Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоровын байр суурийг няцаажээ.
Зеленский наймдугаар сарын 23-нд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Ийм дайн үргэлжилж байгаа нөхцөлд сонгууль явуулах нь өөрөө маш том эрсдэл дагуулна. Яг одоо сонгууль зохион байгуулах нь Украиныг хагалан бутаргах цунами болно” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр цааш нь “Миний стратеги бол дайныг дуусгаж, Украин улсыг тусгаар тогтносон, бүрэн эрхт улс хэвээр нь авч үлдэх. Би энэ стратегиа хэрэгжүүлж байна” гэжээ.
Зеленскийн хэлснээр, ойролцоогоор нэг жилийн өмнө Украиныг дайны үеэр сонгууль явуулахыг “олон талаас шахаж байсан” аж. Тэрбээр тухайн үед өөрийн байр суурийг тодорхой илэрхийлж байснаа дурсаж, хэрэв Украины олон улсын түншүүд сонгуулийг аюулгүй, хууль ёсны, ардчилсан байдлаар явуулах бодит нөхцөл, тодорхой санал гаргаж чадвал уг асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байжээ.
Зеленский "Үүнд дайны бүсэд байгаа цэргийн алба хаагчид, фронтын шугамын ойролцоох нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд, мөн дайны улмаас гадаад улс орнуудад дүрвэн гарсан сая сая украин иргэдийг сонгуульд оролцуулах боломжийг хангах шаардлагатай" гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн сонгуулийг пуужингийн цохилт, буудалцаан зэрэг аюул заналгүйгээр аюулгүй явуулах баталгаа шаардлагатайг онцолжээ. Гэвч түүний хэлснээр, өнгөрсөн хугацаанд Украины барууны түншүүдийн аль нь ч сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тодорхой санал гаргаагүй байна.
Зеленский мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоох аливаа хувилбарыг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгаа нөхцөлд Украиныг аюулгүй сонгууль явуулах боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Федоров: “Ардчилал Оросын барьцаа байж болохгүй”
Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров дайны нөхцөлд ч сонгууль явуулах боломжийг эрэлхийлэх ёстой гэж үзэж байгаа аж. Тэрбээр сайдын албан тушаалаасаа огцорсноосоо хойш нэг сарын дараа буюу наймдугаар сарын 18-нд видео мэдэгдэл хийж, "Дайны нөхцөлд ч сонгуулийг хууль ёсны, аюулгүй, бодитойгоор зохион байгуулах механизм бий болгох шаардлагатай" гэж мэдэгджээ.
Федоров “Ардчилал Оросын барьцаа байж болохгүй” хэмээн онцолсон байна. Тэрбээр Украины Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас долдугаар сарын 15-нд огцорсон. Түүний огцрох болсон шалтгаануудын нэг нь Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Олександр Сырскийтэй санал зөрөлдсөн явдал байсан талаар мэдээлсэн байна.
Федоровыг албан тушаалаас нь чөлөөлсний дараа Украины хэд хэдэн хотод Зеленскийн шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулагдсан билээ.
Эх сурвалж: DW