Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал, ажилтнуудын өмнө тулгамдсан асуудлын талаар олон нийтэд бодит мэдээлэл хүргэх зорилгоор Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб”-ын төлөөлөлтэй уулзлаа.

Энэхүү уулзалтад МЭХГУУҮЭХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж, эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран нар оролцож, салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, хүний нөөцийн асуудал болон ажил хаялт зарлах болсон шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын эрчим хүчний салбарын ажилтнууд 2026 оны зургадугаар сарын 30-наас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Өнгөц харахад энэ нь цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага мэт боловч үнэн хэрэгтээ эрчим хүчний салбарт олон жилийн турш шийдэлгүй хуримтлагдсан тогтолцооны шинжтэй хүндрэлүүд нэгэн зэрэг ил гарч буй үйл явц юм.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргын үүргийг гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадоржийн мэдээлснээр, энэ удаагийн ажил хаялт зөвхөн хөдөлмөрийн маргаан төдий асуудал биш. Харин Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, ажиллах хүчний хомсдол, хөдөлмөрийн үнэлэмж, аюулгүй ажиллагаа, техник тоног төхөөрөмжийн насжилт, цаашлаад салбарын тогтвортой хөгжлийн талаар анхааруулах дохио болж буй аж.

Өөрөөр хэлбэл, ажил хаях шийдвэр нь нэг удаагийн эсэргүүцлийн арга хэмжээ бус, харин олон жил яригдсан ч шийдэгдээгүй асуудлуудын үр дагавар болохыг хэллээ.

Зургаан сарын хэлэлцээ мухардалд орсон нь

Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээр 2026 оны нэгдүгээр сарын 8-нд эхэлсэн. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар санал, шаардлага хүргүүлж, ажил олгогч болон төрийн байгууллагуудтай удаа дараа хэлэлцээ хийжээ.

Гэвч зургаан сарын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээ бодит үр дүнд хүрээгүй байна. Хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж, хуульд заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хүртэл зохион байгуулсан ч талууд тохиролцоонд хүрч чадаагүй ажээ. Иймд үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хуулийн хүрээнд дараагийн шатны арга хэмжээ болох ажил хаялт зарлах шийдвэр гаргасан байна.

Салбарын төлөөлөгчдийн хэлж буйгаар, хамгийн эмзэг асуудал нь хэлэлцээрийн үр дүнгүй байдал бус, харин ажилтнуудын асуудлыг шийдвэрлэх тодорхой байр суурь, бодит санал өнөөдрийг хүртэл гараагүй явдал аж.

Эрчим хүчний системийн ард байгаа хүмүүс

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын мэдээлснээр, Монгол Улсын эрчим хүчний салбарт өнөөдөр 17,800 орчим хүн ажиллаж байгаа аж. Эдгээр ажилтны ард гэр бүл, үр хүүхэд, ахуй амьдрал нь бий. Дундаж өрхийн хэмжээгээр тооцвол 70-80 мянга орчим иргэний амьжиргаа энэ салбараас шууд хамааралтай гэсэн үг.

Гэвч эрчим хүчний салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл олон нийтийн төсөөлдгөөс хавьгүй хүнд байдаг аж. Салбарын нийт ажилтнуудын 80 орчим хувь нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилладаг гэсэн судалгаа бий.

Өндөр температуртай зуухны дэргэд, тасралтгүй дуу чимээтэй турбины танхимд, нүүрсний тоосжилт, химийн бодисын нөлөө бүхий орчинд, өндөр хүчдэл, даралтат тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах нь тэдний өдөр тутмын ажил.

Өвлийн оргил ачааллын үед олон ажилтан хоногийн турш ээлж солилгүй ажиллах тохиолдол ч гардаг. Томоохон гэмтэл саатал гарсан үед засварын ажилтнууд хэдэн арван градусын халуун орчинд хамгаалалтын хувцастайгаа олон цагаар ажиллах шаардлага үүсдэг байна.

Энэ хөдөлмөрийн үнэлэмж өнөөдөр хангалттай хэмжээнд хүрч чадаж байна уу гэсэн асуулт салбарынхны дунд улам хүчтэй тавигдах болжээ.

“Өндөр цалинтай салбар” гэх ойлголтын цаадах үнэн

Олон нийт эрчим хүчний салбарынхны цалин өндөр гэсэн ойлголттой байдаг. Гэвч салбарын төлөөлөгчид энэхүү ойлголт бодит байдлыг бүрэн илэрхийлдэггүй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Учир нь, албан ёсны статистикт дурдагддаг дундаж цалинд шөнийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулал, нэг удаагийн шагнал зэрэг бүх төрлийн нэмэгдлийг хамруулан тооцдог.

Үйлдвэрлэлийн үндсэн хэсэгт ажиллаж буй олон ажилтны үндсэн цалин үүнээс хавьгүй доогуур байдаг аж. Тухайлбал, шинээр ажилд орж буй ажилтны үндсэн цалин зарим байгууллагад 1.4 сая төгрөг орчим байгаа нь хөдөлмөрийн эрсдэл, хариуцлага, ажлын ачаалалтай харьцуулахад хангалтгүй талаар  үйлдвэрчний эвлэлийнхэн үзэж байна.

Тиймээс тэд "Өнөөдрийн шаардлага нь зөвхөн 30 хувийн цалингийн нэмэгдэл бус, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох тухай асуудал" гэж онцолсон юм.

Хүний нөөцийн хямрал эрчим хүчний салбарт нүүрлэж байна

Эрчим хүчний салбарын хамгийн том эрсдэлүүдийн нэг нь хүний нөөцийн асуудал болжээ. Сүүлийн жилүүдэд залуу боловсон хүчин салбараас олноор гарах болсон байна. Зарим байгууллагын хэмжээнд жил бүр нийт ажилтны 15 орчим хувь нь ажлаасаа гарч буй талаар "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран мэдээлсэн юм.

Ажилчдын ажлаа орхин гарах болсон шалтгаан ихэвчлэн ижил байдаг. Тодруулбал, цалин хөлс хөдөлмөрийн ачаалал, ажлын эрсдэлтэйгээ харьцуулахад хангалтгүй гэж үздэг байна. Энэ нь энгийн нэг ажилтны халаа сэлгээний асуудал биш.

Учир нь, эрчим хүчний салбарт ажиллах боловсон хүчнийг богино хугацаанд бэлтгэх боломжгүй. Шинээр ажилд орсон хүн бие даан ажиллах хэмжээнд хүрэхэд хэдэн сар, харин туршлагатай, мэргэшсэн ажилтан болоход олон жилийн хугацаа шаарддаг билээ.

Шинээр ажилд орсон хүн хэдэн сар дагалдан ажиллаж байж бие даан ажиллах эрх авдаг бол бүрэн хэмжээний туршлагатай инженер, турбинч, зуухны машинч, диспетчер бэлтгэхэд таваас арван жилийн хугацаа шаардлагатай байдаг ажээ.

Харамсалтай нь, ид ажиллах насны залуус салбараас гарч байгаа нь ойрын жилүүдэд мэргэшсэн боловсон хүчний ноцтой хомсдол үүсгэх эрсдэлийг бий болгож буй юм байна.

Хуучирсан тоног төхөөрөмж дээр тогтож буй эрчим хүчний систем

Хүний нөөцийн асуудалтай зэрэгцэн Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцийн насжилт салбарын өмнө тулгамдсан бас нэг том сорилт хэвээр байна.

Өнөөдөр улсын эрчим хүчний системийн гол ачааг үүрч буй зарим дулааны цахилгаан станц 1950-1960-аад онд ашиглалтад орсон. Тэдгээрээс олон тоног төхөөрөмж ашиглалтын хугацаагаа хэдийнэ давсан бөгөөд зарим нь төлөвлөсөн насжилтаасаа 10-15 жилээр илүү ажиллаж буйталаар мэргэжилтнүүд мэдээлсэн юм.

Шинэчлэл хийх хөрөнгө оруулалт хангалтгүйгээс шалтгаалан бүрэн солих бус, зайлшгүй шаардлагатай хэсгүүдэд нөхөөс маягийн засвар хийж ирсэн нь бодит үнэн билээ. Энэ нь зөвхөн техник, технологийн асуудал биш. Хуучирсан тоног төхөөрөмжтэй орчинд ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал билээ.

Сүүлийн жилүүдэд гарсан осол, аваарын тохиолдлууд ч энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг харуулсаар байна.

Орон нутгийн эрчим хүчний салбарын бодит төрх

Эрчим хүчний салбарын асуудал зөвхөн томоохон цахилгаан станцуудын хүрээнд хязгаарлагдахгүй. Аймаг, сумдын хэмжээнд цахилгаан түгээх сүлжээний хэвийн ажиллагааг маш цөөн тооны ажилтан хариуцдаг. Зарим суманд ганцхан монтёр бүх шугам сүлжээний аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа аж.

Тэдний хувьд ажлын цаг, амралтын өдөр гэсэн ойлголт бараг байдаггүй. Шуурга салхи, аадар бороо, өвлийн хүйтэн хамаарахгүйгээр цахилгаан тасарсан тохиолдолд хамгийн түрүүнд дуудлагаар ажиллах үүрэгтэй.

Энэ нь орон нутгийн иргэдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангахын төлөө цөөн тооны мэргэжилтнүүд ямар их ачаалал, хариуцлага үүрч ажиллаж буйг харуулсан бодит жишээ юм.

Үнэ тарифын бодлого ба салбарын санхүүгийн хүндрэл

Салбарын төлөөлөгчдийн үзэж байгаагаар, өнөөдрийн нөхцөл байдал нь зөвхөн байгууллагын удирдлага, ажил олгогчтой холбоотой асуудал биш ажээ.

Олон жилийн турш эрчим хүчний үнэ тарифыг бодит өртгөөс нь доогуур түвшинд барьж ирсэн бодлого нь салбарын санхүүгийн чадавхыг сулруулж, хөрөнгө оруулалт, шинэчлэл, хүний нөөцийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн байна.

Үүний үр дагавар нь өнөөдөр ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдалд хүртэл мэдрэгдэж буй аж. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд зөвхөн цалин нэмэх тухай биш, харин эрчим хүчний салбарын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх тухай асуудал нэн тэргүүний асуудал болсныг тайлбарлаж байна.

Эрчим хүчний салбарын ирээдүй ямар байх вэ?

Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бодлого руу эрчимтэй шилжиж байгаа энэ үед Монгол Улсын эрчим хүчний салбар ч мөн шинэ сорилтуудтай тулгарч байна. Ногоон шилжилт гэдэг зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх асуудал биш. Энэ бол хүний тухай асуудал юм.

Өнөөдөр эрчим хүчний үйлдвэрлэлийн үндсэн ачааг үүрч буй мянга мянган ажилтны хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгаалал, мэргэжлийн ур чадварыг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуулт бодлого боловсруулагчдын өмнө асуултын тэмдэгтэй тавигдаж буй.

Эрчим хүчний салбарын ажилтнуудын эхлүүлж буй энэхүү тэмцэл зөвхөн нэг удаагийн хөдөлмөрийн маргаан биш. Харин улс орны хөгжлийн суурь болсон салбарын тогтвортой байдал, хүний нөөцийн бодлого, хөдөлмөрийн үнэлэмжийг эргэн харахыг шаардаж буй дохио юм.

Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний системийг өдөр, шөнөгүй тасралтгүй ажиллуулж буй хүмүүсийн дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэхгүйгээр салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийн талаар ярих боломж улам бүр хумигдах нь гарцаагүй билээ.