УИХ Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилготой Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хууль эрх зүйн томоохон багц шинэчлэлүүдийн талаар хэлэлцэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү багц нь зөвхөн нэг хууль бус, бизнес эрхлэхэд саад болж буй олон жилийн тогтолцооны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилготой 100 гаруй хуульд өөрчлөлт оруулах реформ юм.

Яагаад энэ хууль хэрэгтэй болов?

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж олон удаа өөрчлөгдөж, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын хувьд эрх зүйн орчин тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй болсон талаар бизнесийн хүрээнийхэн шүүмжилсээр ирсэн.

Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг 360 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч төр, хувийн хэвшлийн харилцааны үндсэн зарчмуудыг тодорхойлсон нэгдсэн хууль өнөөдрийг хүртэл байгаагүй юм.

Г.Жавхлантөгс:  Төрийн байгууллагын ажилтнууд гадаадын хөрөнгө оруулалтад  саад учруулбал хуулийн хариуцлага хүлээдэг болно

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын "Өглөөний зочин"-оор уригдан оролцохдоо бизнес эрхлэгчид татвар, зөвшөөрөл, шалгалт, захиргааны олон давхар дарамтад ордог бөгөөд эдгээрийг системтэйгээр бууруулах зорилгоор уг хуулийг боловсруулсан талаар онцолсон юм.

Төр бизнес эрхлэгчтэй өрсөлдөхгүй

Хуулийн төслийн хамгийн чухал үзэл баримтлалын нэг нь төрийн оролцоог хязгаарлах явдал ажээ. Тодруулбал:

-Төр хувийн хэвшилтэй шууд өрсөлдөхгүй байх;
-Хуулиар хориглоогүй бол бизнес эрхлэхийг зөвшөөрсөнд тооцох;
-Бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах;
-Бизнес эрхлэгчийн өмч, хөрөнгийг хамгаалах;
-Эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах зарчмуудыг хуульчлах юм.

Энэ нь бизнесийн салбарт төрийн оролцоо давамгайлсан тогтолцооноос илүү зах зээлийн өрсөлдөөнд суурилсан орчин руу шилжих алхам гэж үзэж байна.

360 зөвшөөрлийг мэдэгдлийн тогтолцоонд шилжүүлнэ

Бизнес эрхлэгчдийн хамгийн их шүүмжилдэг асуудлын нэг нь зөвшөөрлийн тогтолцоо байдаг. Шинэчлэлийн хүрээнд:

-360 орчим зөвшөөрлийг мэдэгдлийн хэлбэрт шилжүүлэх;
-146 төрлийн худалдаа, үйлчилгээний бизнесийг зөвшөөрлөөс бүрэн чөлөөлөх;
-Иргэн, аж ахуйн нэгж цахимаар мэдэгдэл хүргүүлээд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдүүлэх;
-Зөвшөөрөл авах үйл явцыг 60 хүртэл хувиар хялбаршуулах;
-Мэргэжлийн холбоодод 120 гаруй энгийн зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхээр тусгажээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр олон шат дамжлагаар явж байж зөвшөөрөл авдаг тогтолцооноос "мэдэгдээд эхлэх" зарчим руу шилжихээр төлөвлөсөн байна.

Татварын дарамтыг бууруулна

Хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн томоохон өөрчлөлтийн нэг нь татварын шинэчлэл. Албаныхны мэдээлснээр, хөрөнгө оруулалтын сан болон гадаадын хөрөнгө оруулагчдын тодорхой төрлийн орлогод ногдуулдаг суутган татварыг 20 хувиас 5 хувь болгон бууруулах санал тусгагдсан байна.

Ингэснээр банкны салбартай ижил түвшний татварын орчин бүрдэх бөгөөд хөрөнгө оруулагчдад илүү өрсөлдөх чадвартай нөхцөл санал болгох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Бизнесийн дансыг шууд хаадаг практикт өөрчлөлт орно

Өнөөдөр татварын маргаан, шалгалт зэрэг асуудлаас шалтгаалан аж ахуйн нэгжийн дансыг царцаах тохиолдол цөөнгүй байдаг. Үүний улмаас компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж, улмаар татвараа ч төлж чадахгүй нөхцөл үүсдэг.

Шинэ хуулийн хүрээнд бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох бус, илүү зохистой арга механизмыг хуульчлах талаар тусгаж байгаа нь бизнесийн хүрээнийхний анхаарлыг татаж буй юм.

Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах шинэ тогтолцоо

ХОХГ: “Orano Mining”-тай гэрээ байгуулсан нь Францын хөрөнгө оруулагчдын  сонирхлыг нэмэгдүүлсэн
Б.Зандан

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандангийн мэдээлснээр, хөрөнгө оруулагчдаас ирдэг гомдол, маргааныг тусгай механизмаар шийдвэрлэдэг БНСУ-ын туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Шинэ тогтолцооны хүрээнд:

-Төр болон хөрөнгө оруулагчийн маргааныг шүүхээс өмнө эвлэрүүлэн зуучлах;
-Маргааныг 6 сарын дотор шийдвэрлэх;
-Хөрөнгө оруулагчдын гомдлыг нэг цэгээс хүлээн авч шийдвэрлэх тогтолцоо бий болгох юм.сЭнэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал алхам гэж үзэж буй юм байна.

Дижитал эдийн засагт зориулсан тусгай дэмжлэг

Хуулийн төсөлд орчин үеийн өндөр технологийн салбаруудыг бодлогоор дэмжих заалтууд мөн тусгагджээ. Тухайлбал:

-Ногоон дата төв байгуулах хөрөнгө оруулалтыг;
-Хиймэл оюун ухааны төв байгуулах төслүүдийг;
-Дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийн импортыг гаалийн татвараас 100 хувь чөлөөлөх боломжийг судлан тусгасан байна. Энэ нь Монгол Улсыг бүс нутгийн технологийн төв болгох урт хугацааны зорилготой уялдаж байгаа юм.

Намрын чуулганы гол реформ болох уу?

Засгийн газар энэхүү хуулийг "Чөлөөлье" бодлогын гол тулгуур гэж тодорхойлж буй бөгөөд УИХ-ын анхны хэлэлцүүлгүүдээс дэмжлэг авч эхлээд буй. Хуулийн төсөлтэй хамт 89-120 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц шинэчлэл өргөн баригдсан нь сүүлийн жилүүдэд хийгдэж буй хамгийн том бизнесийн орчны реформын нэг гэж үнэлэгдэж байна.

Хэрэв энэхүү багц шинэчлэл бүрэн батлагдвал зөвшөөрлийн тогтолцоог эрс хялбаршуулах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтворжуулах, төрийн оролцоог бууруулах, бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах чиглэлд Монгол Улсын эдийн засгийн орчинд томоохон өөрчлөлт авчрах боломжтой гэж эдийн засагчид үзэж буй юм.

Ингэснээр Монгол Улс хөрөнгө оруулагчдын хувьд илүү ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой, бизнес эрхлэхэд ээлтэй орчинтой болох зорилгодоо нэг алхам ойртох билээ.