Австралийн худалдааны танхимын Бизнес хөгжлийн хорооны дарга, “Баян Айраг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Петер Томпсон Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубын “Өглөөний уулзалт”-д оролцсон юм. Энэ үеэр түүнтэй Австралийн хөрөнгө оруулагчдын Монгол дахь сонирхол, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.
-Австралийн хөрөнгө оруулагчид Монгол Улсыг хэр их сонирхож байна вэ? Ерөнхий хандлага нь ямар байна вэ?
-Ерөнхийдөө Австралийн хөрөнгө оруулагчид Монгол Улсыг ихээхэн сонирхож байна. Ялангуяа алт, зэсийн хайгуул, олборлолтын салбарт боломж өндөр гэж хардаг. Харин нүүрсний салбарын сонирхол өмнөх үеийнхтэй харьцуулахад төдийлөн өндөр биш байна.
Гэхдээ хөрөнгө оруулагчдын санааг зовоодог хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, ордыг тодорхой хэмжээнд хөгжүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлсний дараа стратегийн орд гэж үзэн, төр 34 хувийн эзэмшил авах нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байдаг. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хувь хэмжээ өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлж байна.
Татварын ачаалал өндөр байгаа үед компаниуд хөрөнгөө татварын орчин илүү таатай улс орнуудад чиглүүлэх хандлага ажиглагддаг. Энэ нь Монголын өрсөлдөх чадварт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
-Монгол Улс хөрөнгө оруулалт татахын тулд юунд илүү анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ?
-Хамгийн чухал асуудал бол татварын орчин. Хөрөнгө оруулагчид урт хугацааны төлөвлөлт хийхийн тулд тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой нөхцөл шаарддаг.
Ялангуяа АМНАТ-ийн хувь хэмжээ, тэр дундаа зэсийн салбарт ногдуулж буй төлбөр буурвал олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой. Монгол Улс зэсийн асар их нөөцтэй орон. Жишээлбэл, Оюутолгой дэлхийн хэмжээний томоохон ордын нэг гэж үнэлэгддэг. Геологичдын дунд Оюутолгойтой дүйцэх, бүр түүнээс ч илүү боломжтой ордууд байж болох тухай үнэлгээ ч байдаг.
Гэхдээ зөвхөн баялаг нөөц хангалтгүй. Хөрөнгө оруулагчид дүрэм журам нь тодорхой, тогтвортой орчныг хүсдэг. Тухайлбал, стратегийн орд гэж ямар шалгуураар тодорхойлдог, ямар тохиолдолд төр оролцох боломжтой вэ гэдэг нь ойлгомжтой байх ёстой. Хэрэв энэ асуудал тодорхой бус хэвээр байвал хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээ өсөж, шийдвэр гаргахад хүндрэл учруулах нь дамжиггүй.
-Та Монголд хэзээ ирсэн бэ? Энэ хугацаанд төр болон орон нутгийн иргэдтэй ойлголцож, хамтран ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв?
-Би 2019 онд Монгол Улсад ирсэн. Тухайн үед уул уурхайн салбар харьцангуй тогтвортой байсан гэж хэлж болно. Манай компанийн хувьд Завхан аймагт үйл ажиллагаа явуулсан анхны уурхай учраас эхний үед орон нутгийн иргэдийн зүгээс тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэсэн ч шаардлагатай зөвшөөрлүүдээ хууль ёсны дагуу авсан байсан тул үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдсэн.
Төрийн байгууллагуудаас онцгой дарамт шахалт мэдэрч байгаагүй. Харин үйл ажиллагааны явцад бусад төрлийн хүндрэлүүд гарч байсан. Тухайлбал, цар тахлын үед Хятадын хил хаагдсанаас уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай зарим материал, тэр дундаа цианит бодисын нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсэж байлаа.
Ерөнхийдөө Монголд уул уурхайн салбарт ажиллах боломж бий. Харин хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд татварын бодлого, стратегийн ордын зохицуулалт зэрэг асуудлыг илүү ойлгомжтой, тогтвортой болгох шаардлагатай гэж бодож байна.
-Танд баярлалаа.