Улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг төрийн өмчит томоохон компаниуд болох “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-т 2020-2024 оны хооронд Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүний 10, гүйцэтгэх удирдлагын долоо, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн нэг, чанар бүтээмжийн менежерийн есөн томилгоо хийгджээ.

Судалгааны дүнгээс үзэхэд, ТУЗ-ийн хараат бус гишүүдийн томилгоонд сонгон шалгаруулалт нэр төдий зохион байгуулагдсан бол бусад албан тушаалын томилгоог огт нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн байна.

Санхүүгийн гэмт хэргийн шинжээч, судлаач Д.Тэгшбаярын үзэж байгаагаар, төрийн өмчит компаниудыг хувьчлахгүй байх, эсвэл үр ашиггүй ажиллаж байгааг мэдсээр атлаа өнөөгийн бүтцийг хэвээр хадгалсаар ирсэн гол шалтгаан нь улс төрийн намын санхүүжилттэй холбоотой аж.

Тэрбээр “Төрийн өмчит компаниудын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаанд улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө эргэлддэг. Гэвч энэ мөнгөн урсгал төсвөөс гадуур явагддаг учраас иргэдийн хяналт харьцангуй сул байдаг. Ийм нөхцөл байдал нь улс төрийн нөлөө бүхий этгээдүүдэд давуу боломж олгож, улмаар улс төрийн намуудын санхүүжилтийн эх үүсвэр болох эрсдэлийг бий болгодог” хэмээн онцлов.

Мөн улс төрийн намууд болон бүлэглэлүүд төрийн өмчит компаниудын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн шийдвэр гаргах түвшний албан тушаалуудад өөрсдийн нөлөө бүхий хүмүүсийг томилох сонирхолтой байдаг гэж үзэж байгаа аж.

Ингэснээр тухайн байгууллагын их хэмжээний мөнгөн урсгалд нөлөөлөх боломж бүрдэж, эрх мэдэл, ашиг сонирхлын сүлжээ тогтдог аж. Тэрбээр сүүлийн 30 жилийн хугацаанд асуудлыг системийн түвшинд шийдвэрлэхээс илүүтэйгээр эрх мэдлийг нэг бүлгээс нөгөөд шилжүүлэх буюу “power shift” хийх хандлага давамгайлж ирснийг онцоллоо.

Судлаачийн хэлснээр, төрийн өмчит компаниудын тоо олширч, бүтээмж багатай бүтэц хадгалагдаж байгаа нь төрийн үрэлгэн зардлыг нэмэгдүүлж буй аж. Тиймээс үр ашиггүй байгууллагуудыг татан буулгаж, төрийн өмчит компаниудын тоог цөөлөх нь зөвхөн төсвийн дарамтыг бууруулаад зогсохгүй хүний нөөц, хөрөнгийг хувийн хэвшил рүү шилжүүлэх, улмаар шинэ ажлын байр, үйлчилгээ, инновац бий болох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. .

Тэрбээр мөн Засгийн газраас зарим төрийн өмчит компанийг татан буулгах ажлыг эхлүүлсэн нь зөв чиглэл боловч бодит үр дүнд хүрэхийн тулд илүү өргөн хүрээтэй бүтцийн шинэчлэл шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Судалгааны ажил хийх явцад тулгарсан томоохон хүндрэл нь мэдээллийн хүртээмж байжээ. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, томилгоотой холбоотой баримт бичгүүд олон нийтэд төдийгүй судлаачдад ч нээлттэй бус байсан нь төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй хэвээр буйг харуулж буй аж.

"Бортээг дээр сонгон шалгаруулалтын үйл явц ил тод байгаагүй"

Д.Тэгшбаяр судлаач Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бортээгийн ордыг ашиглалтад оруулах менежментийн эрх олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Тухайн шалгаруулалтад шаардлага хангасан мэргэжлийн компаниуд оролцсон эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ хамгийн гол асуудал нь сонгон шалгаруулалтын үйл явц ил тод байгаагүйд оршиж байна. Ямар компаниуд материалаа ирүүлсэн, ямар үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзсэн талаар олон нийт мэдээлэлгүй үлдсэн.

Энэ нь хараат бус ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, чанар бүтээмжийн менежерүүдийг томилдогтой адил хаалттай, олон нийтээс далд байдлаар явагдсан процесс мэт харагдаж байна. Үүний улмаас өөрсдөдөө ойр хүмүүсийг томилох зорилгоор ийм шийдвэр гаргасан уу, эсвэл үнэхээр мэргэжлийн хүмүүсийг сонгосон уу гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.

Миний хувьд олон улсын түвшинд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад шаардлага хангасан мэргэжлийн хүн, компани олдохгүй байна гэж бодохгүй байна” хэмээн хэлэв. 

Түүнчлэн тэрбээр Ирээдүйн өв сангийн тухай хууль болон уг санг удирдах мэргэжлийн тогтолцоо хэдийнэ бүрдсэнийг онцолсон юм.

Судлаач Д.Тэгшбаяр “2017 оноос хойш Ирээдүйн өв санг удирдах чадвартай хүн олдоогүй, эсвэл санг үр ашиггүй ажиллуулж ирсэн гэж хэлэх үндэслэл байхгүй. Тиймээс энэ төрлийн шийдвэрийн цаана төсвийн болон санхүүгийн урсгалыг тодорхой хүмүүсийн хяналтад байлгах гэсэн улс төрийн сонирхол байж болзошгүй гэсэн хардлага төрөхөөр байна” гэсэн байр суурь илэрхийлэв.