Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Эрхэмсэг хатагтай Хан Сон Сүгт бараалхав. Энэхүү уулзалтаар Монгол, Солонгосын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцжээ.

Мөн хоёр орны худалдааны эргэлтийг ирэх таван жилд 1 тэрбум ам.долларт хүргэх, харилцан ашигтай Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулах, нийлүүлэлтийн сүлжээ, дижитал технологи, хиймэл оюун ухаан, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцсан байна.
Түүнчлэн эрчим хүч, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, байгаль орчин, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны энэ онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд тохиролцсоны дагуу Консулын хэлэлцээр байгуулж, хоёр улсад харилцан оршин суугаа иргэд жолоодох эрхийн шалгалтыг өөрийн эх хэлээр өгөх боломжийг бүрдүүлж буйг талууд онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, банк, санхүү, тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалт, мэдээллийн дэвшилтэт технологи, хиймэл оюуны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо, хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн чухлыг мөн онцолсон байна.
Э.ЦЭЦЭН