УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.23/ 10:00 цагт товлогдсон ч хуралдсангүй. Учир нь, тус бүлгийн гишүүд өчигдөр /2026.11.22/ намын дотоод асуудлаар Их тэнгэрт өргөтгөсөн уулзалт хийсэн тул өнөөдрийн хуралдааныг өнжихөөр болжээ.

Гэвч энэ удаагийн хуралдаан цуцлагдсан нь зөвхөн намын дотоод уулзалттай холбоотой асуудал уу, эсвэл хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийн талаар бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьд хүрч чадаагүйтэй холбоотой юу гэдэг нь анхаарал татах.

Учир нь, өнгөрсөн баасан гараг /2026.11.20/-т УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг ажлын таван хоногийн завсарлага авсан юм.

Бүлгийн дарга Ж.Батжаргал "Гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай" гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар МАН-ын бүлэг дотроо нэгдсэн шийдвэрт хүрээгүй нь завсарлага авсан шалтгаан болжээ.

Уг нь бүлгийн гишүүд завсарлага авахгүйгээр санал хураалтад оролцсон бол хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдэхгүй байх боломжтой байсан гэх улс төрийн "тооцоолол" бий. Харин тав хоногийн завсарлага авсан нь гишүүдийн байр суурийг нэгтгэж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжүүлэх улс төрийн боломж бүрдүүлэх зорилготой байсан уу гэсэн асуулт дагуулж буй юм.

Хаврын морин уралдааныг сэргээх асуудал УИХ дахь МАН-ын бүлгийг хуваав

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэргүүтэй 25 гишүүнээс санаачилсан хуулийн төсөлд хаврын хурдан морины уралдааныг жил бүр аймаг, нийслэлд зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал, хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр болон түүнээс өмнөх хугацаанд цаг агаарын нөхцөлтэй уялдуулан уралдаан зохион байгуулах бөгөөд товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор тусгасан байна.

Мөн уралдаанд 14 болон түүнээс дээш насны уралдаанч оролцуулах, тусгайлан зассан замд уралдуулах, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсгөх, даатгалд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг зам дагуу бэлэн байлгах зэрэг шаардлагуудыг тусгажээ. Хуулийн төсөл санаачлагчид хаврын морин уралдааныг далд хэлбэрээр зохион байгуулж байгаа нөхцөлд эрх зүйн зохицуулалтад оруулж, хяналттай болгох шаардлагатай гэж тайлбарлаж буй.

Тэдний байр суурийн гол үндэслэл нь үндэсний өв соёлоо хамгаалах, хурдан морины уралдааны уламжлалыг хадгалах явдал аж. Гэвч хуулийн төсөлд 14 нас хүрсэн хүүхдийг хаврын хүйтэн улиралд хурдан морь унуулах боломж нээж байгаа нь хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэндийн асуудлыг дахин хөндөж байна.

Нэг талд нь Ерөнхий сайд, нөгөө талд нь УИХ-ын дарга зогсох уу?

Хаврын морин уралдааныг сэргээх асуудал зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд бус МАН-ын удирдлагуудын байр суурийн зөрүүг ч ил гаргав. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Засгийн газар хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүйгээ тодорхой илэрхийлсэн. Тэрбээр Засгийн газар хүүхдийн эрхийг хамгаалах байр суурьтай байгааг онцолсон юм.

Харин хуулийн төслийг санаачлагчдын дунд УИХ-ын дарга С.Бямбацогт болон парламентын бусад гишүүд багтаж буй нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд энэ асуудлаар ямар байр суурь илэрхийлэх нь улс төрийн хувьд чухал болов. Өөрөөр хэлбэл, бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрын хүүхдийн эрхийг хамгаалах байр суурийг дэмжих үү, эсвэл хуулийн төслийг санаачлагчдын байр суурийг баримтлах уу гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох биз.

НҮБ хүртэл анхааруулсан асуудал

Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөлд зөвхөн дотоодын байгууллагууд шүүмжлэлтэй хандаад зогсохгүй олон улсын байгууллагууд ч анхааруулга өгч буй юм. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Ерөнхий сайд Н.Учралд албан захидал хүргүүлжээ. Тус захидалд 14 болон түүнээс дээш насны хүүхдийг хаврын морин уралдаанд, тэр дундаа Цагаан сарын үеэр болон түүний дараа оролцуулах боломж бүрдүүлэх гэж буйд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Мөн энэ зохицуулалт нь Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцоор хүлээсэн үүрэгтэй зөрчилдөх эрсдэлтэйг анхааруулжээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс ч хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, төр хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх үүрэгтэйг сануулсан байна. Түүнчлэн УИХ-ын чуулганы үеэр гишүүд хүүхдийн мориноос унаж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдлын талаар хөндөж, хуулийн төслийн эрсдэлийг анхааруулсан билээ.

“Өв соёл” уу, эсвэл цөөн хүний ашиг сонирхол уу?

Хаврын морин уралдааныг сэргээхийг эсэргүүцэж буй иргэдийн хувьд асуудал зөвхөн хүүхэд мориноос унах эрсдэлээр хязгаарлагдахгүй. Нэгдүгээрт, сар шинийн дараахан Монгол орны ихэнх нутагт газар хөлдүү, цаг агаар хүйтэн байдаг. Ийм нөхцөлд хүүхэд мориноос унаж бэртсэн тохиолдолд хүнд гэмтэл авах эрсдэл өндөр.

Хоёрдугаарт, хаврын тэргүүн сар бол малчдын хувьд төл мал хүлээн авах, мал аж ахуйн ажил ид өрнөдөг завгүй үе. Ийм үед үндэсний өв соёлоо хамгаалах нэрийн дор морин уралдаан зохион байгуулах шаардлага бий эсэхэд иргэд эргэлзэж байна. Гуравдугаарт, уралдааныг зохион байгуулах, хурдан морьдын амжилтаар уяачдын цол, чимэг нэмэх зэрэг асуудал нь хүүхдийн эрхээс дээгүүр тавигдаж болохгүй гэсэн шүүмжлэл бий.

Тэр дундаа хаврын морин уралдааныг сэргээх санаачилга нь нийт малчдын хүсэл сонирхлыг илэрхийлж байгаа эсэх, эсвэл хурдан морь эзэмшдэг цөөн хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилготой эсэх талаар олон нийтийн дунд маргаан өрнөж байна. Хуулийн төсөл санаачлагчдын нэг Ц.Даваасүрэн болон бусад гишүүд уламжлалт морин уралдааны ач холбогдлыг тайлбарлаж байгаа бол эсэргүүцэгчдийн зүгээс хүүхдийн эрхийг үндэсний өв соёлын нэрээр хязгаарлаж болохгүй гэж үзэж буй аж.

МАН-ын бүлэг ямар шийдвэр гаргах вэ?

Ингээд харахад хаврын морин уралдааныг сэргээх асуудал МАН-ын бүлгийн хувьд энгийн нэг хуулийн төсөл биш болж хувирчээ. Нэг талд нь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн байгууллагуудын байр суурь байна. Нөгөө талд нь хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүд, уламжлалт морин уралдааныг сэргээхийг дэмжигчдийн байр суурь бий.

Тиймээс МАН-ын бүлгийн тав хоногийн завсарлага дуусахад гишүүд ямар шийдвэрт хүрэх нь зөвхөн хаврын морин уралдааны ирээдүйг бус, эрх баригч намын дотоод эв нэгдэл, удирдлагуудын улс төрийн нөлөөллийг ч харуулах үйл явдал болох нь.

Өнөөдөр Их тэнгэрт өргөтгөсөн уулзалт хийж, бүлгийн ээлжит хуралдаанаа өнжсөн МАН-ын гишүүд үнэхээр байр сууриа нэгтгэж чадсан уу? Эсвэл Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын байр суурийн дунд шийдвэр гаргаж чадахгүй гацаанд орсон уу? Энэ асуултын хариуг МАН-ын бүлгийн дараагийн хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар гаргах шийдвэрээс харах л үлдлээ.

С.МАНДАХ