УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.23/ болж, Булган болон Увс аймгийн Засаг дарга нарыг огцруулах тухай орон нутгийн ИТХ-аас гаргасан шийдвэр, түүнийг Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авахаас татгалзсан асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн, Булган аймгийн АН-ын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүн Г.Ганбаатар нар оролцож, тухайн аймгуудын Засаг дарга нарыг огцруулах болсон үндэслэл, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн асуултад хариулсан байна.

Түүнчлэн нийгэмд хүлээлт өндөртэй байгаа хуулиудын талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Хүний эрх, Хууль зүй, Засаглалын бодлогын зөвлөлийн ахлагч У.Болдхүү танилцуулга, мэдээлэл хийжээ.

Увс, Булганы Засаг дарга нарыг яагаад огцруулах болов?

Энэ сарын эхээр Булган, Увс аймгийн ИТХ-аас тухайн аймгуудын Засаг дарга нарыг огцруулах санал гаргаж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилсан аж. Увс аймгийн хувьд Засаг дарга Э.Насанбатыг боловсролын баримт бичигтэй холбоотой асуудал болон төрийн худалдан авалт, тендерийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар огцруулах саналыг аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс гаргажээ.

Увс аймгийн ИТХ-ын 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний ээлжит бус XIV хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх нь Э.Насанбатыг огцруулахыг дэмжсэн байна. Тодруулбал, санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 62.8 хувь нь огцруулах саналыг дэмжсэн талаар мэдээлжээ.

Э.Насанбатыг хуурамч диплом ашигласан гэх асуудалд холбогдуулан шалгуулах шаардлага тавьж байсан бөгөөд боловсролын байгууллагуудаас ирүүлсэн албан бичиг, дипломын бүртгэлтэй холбоотой мэдээлэл ч олон нийтийн анхааралд өртсөн аж. Тухайлбал, боловсролын мэдээллийн системд түүний зарим төгсөлтийн мэдээлэл бүртгэлгүй, мөн дипломын дугаар өөр хүний нэр дээр бүртгэлтэй байсан гэх мэдээлэл гарсан.

Э.Насанбат өөрөө хуурамч диплом ашиглаагүйгээ мэдэгдэж байжээ. Гэвч Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 20-нд Увс аймгийн ИТХ-ын 39 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан огцруулах саналыг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал ч дэмжигдсэнгүй

Үүнтэй ижил нөхцөл байдал Булган аймагт үүсжээ. Булган аймгийн ИТХ энэ сарын 11-нд хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрээ Ерөнхий сайдад уламжилсан байна. Гэвч Ерөнхий сайд Н.Учрал Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн болохыг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй гэсэн үндэслэлээр огцруулах саналыг хүлээн авахаас татгалзжээ.

Ингэснээр Булган, Увс аймгийн ИТХ-аас гаргасан Засаг дарга нараа огцруулах саналууд хоёулаа Ерөнхий сайдын түвшинд дэмжигдээгүй байна. Энэ асуудал нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр, Засаг даргын хариуцлага, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээний асуудлыг дахин хөндөж эхэлжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Увс, Булган аймгийн Засаг дарга нарыг огцруулахгүй бол Цэцэд хандахаа илэрхийллээ. 

Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээн авахгүй байх эрхтэй юу?

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тус хуулийн 64.2.3-т тухайн шатны ИТХ-аас хуульд заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах санал гаргасан тохиолдлыг зохицуулсан байдаг.

Мөн хуулийн 64.4-т ИТХ-ын саналыг хүлээн авсан тохиолдолд Ерөнхий сайд 14 хоногийн дотор шийдвэр гаргах, харин саналыг хүлээн аваагүй бол ИТХ нэг жилийн хугацаанд дахин огцруулах санал тавихгүй байхаар зохицуулжээ. Иймээс Ерөнхий сайдын шийдвэрийн дараа Булган, Увс аймгийн ИТХ-ууд тухайн Засаг дарга нарыг огцруулах асуудлыг дахин тавих боломжийн хувьд хуулийн хязгаарлалтад орж байгаа аж.

Гэхдээ асуудлын гол нь зөвхөн хуульд заасан бүрэн эрхээр хязгаарлагдахгүй. Орон нутгийн иргэдийг төлөөлж буй ИТХ-ын олонхын шийдвэр ямар үндэслэлээр гарсан, Ерөнхий сайд уг шийдвэрийг ямар хууль зүйн шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан бэ гэдэгт буй юм.

С.МАНДАХ