УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдийн асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх болсон асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Үндсэн хууль болон 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон гүйцэтгэх зохицуулалт анх удаа хэрэгжиж буй талаар онцолсон юм.
С.Бямбацогт "Дараагийн Ерөнхийлөгчийг ард иргэдийн саналаар сонгох үйл явцыг хуулийн дагуу зохион байгуулах бөгөөд сонгуулийг дөрвөн сарын дотор явуулах ёстой" гэж хэлэв.
Түүний мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг өнөөдөр 11:00 цагт гардан авсан бөгөөд Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын Тамгын газар холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг судалж байгаа аж.
С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгч нь үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, улсаа төлөөлөх төрийн тэргүүн бөгөөд Үндсэн хуульд заасан бүрэн эрхтэйг онцоллоо.
Энэ зохицуулалт анх удаа хэрэгжиж байгаа тул Ерөнхийлөгчийн үүргийг хуулийн хүрээнд хэрхэн гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллана. Юуны өмнө үндэсний эв нэгдлийг хангах, ард иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалах, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгах асуудлыг тэргүүнд тавина" гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр “Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Бусад үед хэрэгжүүлэхгүй байх зарчмыг баримтална” гэж байр сууриа илэрхийлэв.
Мөн Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн 22 бүрэн эрхийг заасан байдаг бол бусад дагалдах хуулиар нийт 45 бүрэн эрхтэй. Иймээс эдгээрийг нарийвчлан судалж, УИХ-ын даргын үндсэн ажилтай хэрхэн хавсран гүйцэтгэхээ тодорхой болгохоо хэллээ.
Сэтгүүлчид түүнээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг тодруулахад, УИХ-ын даргад нэр дэвших үедээ сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн бөгөөд энэ байр суурь нь хэвээр байгааг мэдэгдэв.
Түүний хэлснээр, одоогийн нөхцөлд улс төрийн талцал, хуваагдлыг нэмэгдүүлэхгүйгээр ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах нь хамгийн чухал аж. Тэрбээр “Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ УИХ-ын даргын албыг хашиж байна. Тиймээс маш хариуцлагатай, хүнд ачаа үүрч байгаа. 2027 оны сонгуульд нэр дэвших эсэх асуудал одоогоор чухал биш” гэж онцоллоо.
Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулна
С.Бямбацогт Үндсэн хуульд Ерөнхийлөгч огцорсон, чөлөөлөгдсөн болон нас барсан гэсэн гурван тохиолдолд дөрвөн сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаар заасныг санууллаа.
Тэрбээр энэ хугацааг хуулиар тогтоосон эцсийн хугацаа хэмээн тодорхойлж, сонгуулийг товлосон хугацаанд зохион байгуулж дуусгах ёстойг тэмдэглэв.
Мөн дараагийн Ерөнхийлөгч улс төрийн талцал, хуваагдлыг дэвэргэх бус, үндэсний эв нэгдлийг илэрхийлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан, улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах хүн байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
С.МАНДАХ