УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан “Бодь” компанийн төмөр замын бүтээн байгуулалтын гэрээтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах эсэхээ шийдвэрлэхийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас шаардсан.

Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлж, уг төслийн анхны төсөв хэрхэн нэмэгдсэн, бүтээн байгуулалтын гэрээг ямар үндэслэлээр нууцын зэрэглэлд хамруулсныг баримтад тулгуурлан нягтлан шалгах шаардлагатайг онцолсон юм.

Тэрбээр энэ асуудлыг зөвхөн сүүлийн жилүүдийн хүрээнд бус, 2006 оноос эхлэн судлах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Н.Номтойбаярын хэлснээр, өөрөө 2018 оноос уг асуудалд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд төслийн анхны техник, эдийн засгийн үндэслэлээр нийт өртөг нь 655 сая ам.доллар байхаар тооцоологдсон бололтой.

Гэвч хэдхэн сарын дотор уг дүн нэг тэрбум 68 сая ам.доллар болж нэмэгдсэн байна. Иймд тэрбээр "Төсөв огцом өссөн шалтгааныг тухайн үеийн нөхцөл байдал, хэлэлцээ, шийдвэр гаргалтын явцтай нь холбон нарийвчлан шалгах хэрэгтэй" гэж хэлэв.

Мөн анхны тооцооллоос хойш зургаан жилийн дараа “Бодь” компанитай нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулсан асуудлыг хөндөж, батлан хамгаалахтай холбоогүй дэд бүтцийн бүтээн байгуулалтын гэрээг ямар үндэслэлээр нууцалсан нь анхаарал татаж буйг онцолсон юм.

Түүний үзэж буйгаар, уг шийдвэрийг гаргасан шалтгаан, тухайн үеийн албан тушаалтнуудын оролцоо, байр суурийг баримтад тулгуурлан тодруулах шаардлагатай аж.

Н.Номтойбаяр “Нотлох баримтад тулгуурлахгүйгээр аливаа асуудлыг яривал улс төрийн болон хувийн хэвшлийн нэр хүндэд сэв суулгах эрсдэлтэй. Тиймээс би болгоомжтой хандаж байна.

Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэрээг нууцлах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Батлан хамгаалахтай холбоогүй дэд бүтцийн ажлын гэрээг яагаад нууцлах шаардлагатай болсон бэ гэдгийг шалгах хэрэгтэй” хэмээв.

Түүнчлэн уг асуудлыг шалгах түр хороог аливаа улс төрийн болон бизнесийн бүлэглэлийн эрх ашгаас ангид, хараат бусаар ажиллах гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулах нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр түр хороо байгуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваад хүргүүлж, одоогоор 23 гишүүний гарын үсэг цугларсан талаар мэдээлэв. Түүнчлэн Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар уг үйл ажиллагаанд оролцох хүсэлтээ илэрхийлж, гарын үсэг зурсныг дурдав. Гэхдээ тэднийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулах бус, тухайн үеийн үйл явдалтай холбоотой мэдээлэл өгөх гэрчээр дуудах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн.

Н.Номтойбаяр "Түр хороо байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн тохиолдолд өөрөө уг ажлыг удирдан хариуцахаас татгалзахаас өөр аргагүй болно" гэж мэдэгдэв.

Ийнхүү “Бодь” компанийн төмөр замын гэрээтэй холбоотой асуудлаар улс төрийн маргаан өрнөж буй энэ үед төслийн өртөг нэмэгдсэн шалтгаан, гэрээг нууцалсан үндэслэл болон тухайн үеийн шийдвэр гаргалтыг хараат бусаар шалгах шаардлага дахин хөндөгдөж байна.

С.МАНДАХ