Ардчилсан намын дотоод зөрчил дахин хурцдаж, намын удирдлагын хариуцлага, дотоод сонгуулийн шударга байдал, цаашдын шинэчлэлийн асуудал улс төрийн анхаарлын төвд оров.
Намын төв байгууллагаас Онц их хурал зарлагдсан гэх мэдээллийг няцаасан ч хурлыг зохион байгуулагчдын нэг, АН-ын гишүүн Э.Өлзийбаяр үүнийг намын гишүүдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн асуудал хэмээн тайлбарлаж байна.
Түүний үзэж байгаагаар, О.Цогтгэрэлийг намын даргаар сонгогдсоны дараа үүссэн шинэчлэлийн хүлээлт талаар болж, Үндэсний бодлогын хорооны дотоод сонгуульд ноцтой зөрчил, будлиан гарсан аж.
Тэрбээр "Сүхбаатар дүүрэг, Дорноговь аймаг болон бусад дүүрэг, аймгийн сонгуулийн асуудлаар гомдол, шаардлага гаргасан боловч намын удирдлага болон хяналтын байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажил удааширсан" гэж шүүмжлэв.
Мөн дотоод сонгуульд МАН-ын зарим гишүүн оролцсон, маргааныг шийдвэрлэхийн оронд Үндэсний бодлогын хорооны суудал санал болгож тохиролцохыг оролдсон гэх ноцтой мэдэгдэл хийсэн байна.
Э.Өлзийбаяр О.Цогтгэрэлийн удирдлагыг шүүмжлэхдээ намын дотоод зөрчил, улс төрийн шийдвэрүүдэд эрх баригч МАН-тай тохиролцдог гэх хардлага бий болсныг онцолжээ. Түүний байр сууринаас үзвэл сөрөг хүчин эрх баригчдын үйл ажиллагаанд бодит хяналт тавихын оронд улс төрийн тохиролцоонд орж, нийгмийн итгэлийг алдаж байгаа нь Ардчилсан намын хамгийн том асуудал болжээ.
Түүнчлэн Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх тухай яриа нь намын шинэчлэл бус, удирдлагын нөлөөг бэхжүүлэх оролдлого байж болзошгүй гэж үзэж буй аж. Иймээс Онц их хурлаар зөвхөн намын даргын асуудлыг бус, дотоод ардчилал, шударга сонгууль, удирдлагын хариуцлага, шинэ үеийн залуусын оролцоог хөндөх шаардлагатай гэжээ.
Өнөөдөр Монголын улс төрд иргэдийн хүлээлт өндөр, эрх баригчдад итгэх итгэл суларч байгаа энэ үед Ардчилсан нам өөрөө дотоод шинэчлэл хийж чадах эсэх нь том сорилт болж байна.
Гэхдээ шинэчлэл гэдэг нэг хүнийг нөгөөгөөр солих төдий асуудал биш. Харин шударга сонгууль, ил тод байдал, хариуцлагатай удирдлага, бодлогын шинэчлэлээр хэмжигдэх учиртай.
Ардчилсан нам дотоод зөрчлөө даван туулж, иргэдийн итгэлийг сэргээх бодит шинэчлэл хийж чадах уу, эсвэл эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ дахин бүдрэх үү? Энэ асуултын хариуг удахгүй өрнөх улс төрийн үйл явдлууд харуулах биз ээ.
С.МАНДАХ