Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргажээ. Тэрбээр энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа.
Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллав.
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье” хэмээн мэдэгдсэн байна.
Түүний оронд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж буй Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилох асуудал улс төрийн хүрээнд яригдаж байгаа аж.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг 2027 оны төсөв батлагдсаны дараа шийдвэрлэнэ гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан. Өнөөдөр УИХ-аар 2027 оны улсын төсвийг баталснаар Засгийн газрын танхимд өөрчлөлт хийх улс төрийн нөхцөл бүрдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүрэлдэхүүнд өргөн хүрээний өөрчлөлт хийж, 4-5 сайдыг сэлгэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тухайлбал, Д.Батлутын оронд Ж.Энхбаяр, Ж.Энхбаярын оронд Б.Чойжилсүрэн, Т.Аубакирын оронд Х.Ганхуяг нарыг томилж сэлгээ хийгдэж магадгүй ажээ.
С.МАНДАХ