УИХ-ын Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар өнөөдөр (2026.11.11) Монгол Улсын иргэн бүрд Оюутолгой төслөөс хүртэх ногдол ашгийн тодорхой хэсгийг бэлнээр олгох тухай иргэдийн санаачилгын талаар хэлэлцэх нь.
Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 15:00 цагт товлогджээ. Хуралдаанаар “Оюутолгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх” тухай хуулийн төсөл санаачлах иргэний өргөдлийг хэлэлцэх юм байна.
100 мянган иргэн саналаа өгчээ
Уг өргөдлийг иргэн Хоролдоржийн Оюунбилэг 2026 оны аравдугаар сарын 23-нд нийтийн өргөдлийн цахим системд байршуулсан байна.
Сонирхолтой нь, ердөө арав гаруй хоногийн дотор 100 мянган хүний дэмжлэг авах босгыг давж, УИХ-аар хэлэлцүүлэх хуульд заасан шаардлагыг хангажээ.
УИХ-ын албан ёсны нийтийн өргөдлийн системийн хамгийн сүүлийн мэдээллээр уг санаачилгыг 100,610 иргэн дэмжсэн байна.
Өргөдөл санаачлагч Оюутолгойн ордоос Монгол Улсад ногдох гурван их наяд төгрөгийн өгөөжийг нийт 3.5 сая иргэнд тэнцүү хуваарилбал нэг хүнд ойролцоогоор 857 мянган төгрөг ногдоно гэж тооцсон байна.
Тэрбээр уг мөнгийг тодорхойгүй хугацаанд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулахаас илүүтэй иргэд өөрсдөө хүртэж, захиран зарцуулах боломжтой байх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Оюутолгой бол Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн салбарын хамгийн том төслүүдийн нэг. Тус төслөөс хүртэх өгөөжийг иргэдэд хэрхэн хуваарилах асуудал олон жилийн турш нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн.
Иргэдийн нэг хэсэг нь ногдол ашгийг шууд бэлнээр авахыг дэмжиж буй бол нөгөө хэсэг нь эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэржилт зэрэг урт хугацааны хөрөнгө оруулалтад зарцуулах нь зөв гэж үздэг.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр зөвхөн 857 мянган төгрөг олгох тухай асуудлаас гадна байгалийн баялгийн өгөөжийг өнөө үеийн иргэд болон ирээдүй хойч үед хэрхэн тэгш, үр ашигтай хүртээх тухай асуудал хөндөгдөх нь дамжиггүй.
УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь уг асуудлыг нарийн тооцоо, судалгаанд үндэслэн шийдвэрлэх шаардлагатайг онцолж, Засгийн газар ногдол ашгийн асуудлыг албан ёсны гэрээгээр баталгаажуулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн.
Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн юм бол түүний өгөөжийг хүртэх эрх ч мөн ард түмэнд байх ёстой. Харин тэр өгөөжийг бэлнээр хүртэх үү, эсвэл ирээдүйдээ зориулан хуримтлуулах уу гэдэгт өнөөдөр парламентын түвшинд хариулт эрэлхийлэх нь.
С.МАНДАХ