Оюу толгойн гүний уурхайд чичирхийллийн улмаас чулуулгийн нуралт үүсч, нийт 15 ажилтан гэмтэж бэртсэн осол гарсан билээ. Өнөөдийн байдлаар 2 ажилтан Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй, үлдсэн 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гарсан билээ.

Тус компаниас ажилтнууддаа шаардлагатай бүх төрлийн дэмжлэгийг шуурхайлан үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа дуулгалаа. 

Чулуулгийн нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоожээ. Нөхцөл байдлын үнэлгээг үе шаттайгаар хийж, аюулгүй байдлыг ханган, гүний уурхайн үйл ажиллагааг хяналт дор эхлүүлээд буй юм.

О"юу Толгой" ХХК-иас "Уурхайчдадаа санаа тавьж, дэмжлэг үзүүлсэн нийт хамт олон, тэдний маань ар гэр, түнш байгууллагууд, олон нийт та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн зөвлөгөө чиглэлээр ханган ажиллаж буй холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хоёр ажилтны маань биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ үргэлжилж байна.

Нөхцөл байдлын хяналт, үнэлгээг гүйцэтгэн, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлээд байна.

Хамт олны маань эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ямагт нэн тэргүүнд тавигдана" гэж мэдээллээ.