"Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) хэмээх бодит жүжигчидтэй солонгос цуврал кино анх төлөвлөж байснаасаа нэг өдрийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гарагт эхний дөрвөн ангиа гэнэтийн бэлэг болгон цацав.

Hulu платформоор дамжуулан үзэгчдийн хүртээл болж буй, дэлхий даяар 3 тэрбум орчим хандалт авсан Naver платформ дээрх ижил нэртэй вэбтүүнээс сэдэвлэсэн энэхүү кино энэ сарын 25-ныг дуустал лхагва гараг бүр хоёр анги шинээр нэмэгдэх бөгөөд олон улсын үзэгчид Disney+ платформоор ч мөн хүлээн авч үзэх боломжтой аж.

Уг цувралын гол үйл явдал: Ухаалаг, сайхан сэтгэлээрээ Дорнод эзэнт гүрний ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хатан хаан Навир (Шин Мин-а) болон түүний нөхөр болох бардам, дээрэнгүй зантай эзэн хаан Совиешу (Жү Жи-хүүн) нарын төгс мэт гэрлэлт хаант улсад угсаа залгамжлах үр төрөхгүй байгаагаас үүдэн ан цав сууж эхэлнэ.

Эзэн хаан ан агнуурын үеэр оргодол боол болох үзэсгэлэнт Рашта (Ли Сэ-ён)-тай таарч, түүнд ухаангүй дурлан ордонд авчирч татвар эм болгохоор зүтгэснээр тэдний амьдрал орвонгоороо эргэдэг байна.

Энэхүү хүнд нөхцөл байдалд өөрийн нэр төр, байр сууриа алдахыг хүсээгүй хатан хаан Навир нөхрийнхөө шийдвэрийг дагахаас татгалзаж, өөрийн өрсөлдөгч орон болох Өрнөд хаант улсын дур булаам, царайлаг угсаа залгамжлах хунтайж Хэйнри (Ли Жон-сок)-той дахин гэрлэх санал тавина.

Ингэснээр эзэн хааны ордон дахь хайр дурлал, эрх мэдэл, хуйвалдаан, атаа жөтөөний орооцолдсон ээдрээтэй зөрчил туйлдан, бүхэл бүтэн эзэнт гүрний хувь заяаг өөрчлөхүйц санаанд оромгүй эргэлтүүд ар араасаа хөвөрдөг ажээ.

Мөн үүний зэрэгцээ аниме, манга чиглэлээр дагнасан Crunchyroll стриминг үйлчилгээ уг бүтээлийг аниме хувилбар болгон хөгжүүлж байгаагаа зарласан аж.

2027 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй тэрхүү аниме одоо Hulu дээр гарч буй бодит жүжигчидтэй хувилбараас огт өөр, хоорондоо холбоогүй тусдаа бүтээл болон гарч байгаа юм байна.

Эх сурвалж: PARADE