Дэлхийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлох өрсөлдөөн улам бүр хиймэл оюун ухаан (AI)-ы салбар руу төвлөрч байна. АНУ, БНХАУ, БНСУ болон Европын орнууд энэ технологийн хөгжлийг үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн бүтээмж, технологийн тусгаар тогтнолтой холбон авч үзэх болжээ.

Гэвч хиймэл оюуны салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт түүхэн өндөр түвшинд хүрэхийн хэрээр дэлхийн хөрөнгийн зах зээлд нэгэн чухал асуулт урган гарч буй аж. Тэр нь AI-д зарцуулж буй асар их хөрөнгө оруулалт компаниудад бодит ашиг авчирч чадах уу? Технологийн хэт хүлээлт санхүүгийн зах зээлд шинэ эрсдэл бий болгож байна уу гэдэг асуудал.

Арваннэгдүгээр сарын эхээр олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал яг энэ асуудалд төвлөрч байна.

AI-ийн хөрөнгө оруулалт их наяд ам.долларын хэмжээнд хүрэх төлөвтэй

Хиймэл оюуны технологийг хөгжүүлэхийн тулд дэлхийн томоохон технологийн компаниуд дата төв, өндөр хүчин чадалтай сервер, хагас дамжуулагч чип, үүлэн тооцооллын дэд бүтцэд асар их хөрөнгө зарцуулж буй ажээ.

Goldman Sachs-ийн тооцооллоор, дэлхийн томоохон үүлэн тооцооллын компаниудын AI-тай холбоотой хөрөнгө оруулалтын зардал 2026 онд 800 тэрбум ам.долларт хүрч, 2027 онд 1.2 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй буй юм байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын гол чиглэл нь дата төвийн байгууламж, эрчим хүчний хангамж, өндөр хүчин чадалтай процессор, мэдээлэл боловсруулах систем, оптик холбооны технологи аж. Өөрөөр хэлбэл, AI-ийн хөгжил нь программ хангамжийн салбараас хальж, барилга, эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, электроникийн үйлдвэрлэлийг хамарсан томоохон эдийн засгийн сүлжээ бий болгож буй юм байна.

Хөрөнгийн зах зээлд AI-ийн эрсдэл мэдрэгдэж эхлэв

Хөрөнгө оруулалтын өсөлттэй зэрэгцэн технологийн хувьцааны ханшид савлагаа үүсэх болжээ. Reuters агентлагийн арваннэгдүгээр сарын 2-ны дүн шинжилгээгээр, АНУ-ын S&P 500 индексийн технологийн салбарын хувьцаанууд аравдугаар сард 6.8 хувиар буурсан байна.

Аравдугаар сарын сүүлийн арилжааны өдрүүдэд технологийн салбарын хувьцааны уналт зах зээлийн болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ. Гол шалтгаан нь хиймэл оюуны технологийн ирээдүйд эргэлзсэн хэрэг биш. Харин технологийн компаниудын зарцуулж буй хөрөнгийн хэмжээ бодит орлого, ашигтай хэрхэн уялдах вэ гэдэг асуудал аж.

Хөрөнгө оруулагчид компаниуд дата төв, чип, серверт хэдэн зуун тэрбум ам.доллар зарцуулж байгаа ч энэ хөрөнгө оруулалтын өгөөж ямар хугацаанд бий болохыг илүү анхаарч эхэлжээ.

Өр зээлээр санхүүжүүлсэн AI-ийн хөрөнгө оруулалт шинэ эрсдэл дагуулж байна

Хиймэл оюуны дэд бүтцийн өргөжилт зөвхөн компанийн өөрийн хөрөнгөөр санхүүжихгүй байгаа аж. Зарим томоохон технологийн компаниуд бонд гаргах, өрийн санхүүжилт татах замаар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй нь санхүүгийн зах зээлийн анхаарлыг татах болжээ.

Зээлийн өртөг нэмэгдэх, хөрөнгө оруулалтын өгөөж удаашрах тохиолдолд өрийн дарамт компаниудын мөнгөн урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс хөрөнгө оруулагчид зөвхөн компанийн орлогын өсөлтийг бус, өр төлбөр, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын үр ашгийг илүү нарийн шинжлэх болжээ.

Өмнөд Солонгос AI-д 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Хиймэл оюуны салбарын өрсөлдөөн зөвхөн хувийн компаниудын хүрээнд өрнөсөнгүй. Улс орнууд ч төрийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтаар энэ салбарт байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа аж.

Reuters агентлагаас арваннэгдүгээр сарын 2-нд мэдээлснээр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён 2027 оны төсөвт хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, физик AI болон AI дата төвүүдийг хөгжүүлэхэд 21.3 их наяд вон буюу ойролцоогоор 15.97 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ.

Энэ нь өмнөх жилийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэн дүн аж. Өмнөд Солонгосын хувьд хиймэл оюуны хөгжлийг хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, экспортын өрсөлдөх чадвартай нягт холбон үзэж байгаа аж.

AI-ийн өрсөлдөөн чип, эрчим хүч, дата төвийн зах зээлийг өөрчилж байна

Хиймэл оюуны технологийн хөгжлийг зөвхөн программ хангамжийн салбараар хэмжих боломжгүй болжээ. AI системүүдийг ажиллуулахад асар их тооцоолох хүчин чадал шаардлагатай. Үүнийг хангахын тулд өндөр хүчин чадалтай чип, хурдтай оптик холбоо, тогтвортой эрчим хүч, хөргөлтийн систем зайлшгүй хэрэгтэй.

Ийм нөхцөлд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр, зэс болон бусад үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлт стратегийн ач холбогдолтой болж байна.

Монгол Улсад ямар боломж нээгдэх вэ?

Хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтын өсөлт Монгол Улсад ч тодорхой боломж, сорилт авчирч мэднэ. Нэгдүгээрт, дата төв, цахилгаан эрчим хүчний дэд бүтэц, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн өргөжилт нь зэс болон бусад үйлдвэрлэлийн түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлэх боломжтой.

Монгол Улс зэсийн томоохон нөөцтэй орны хувьд дэлхийн технологийн салбарын хөрөнгө оруулалтын мөчлөгийг анхааралтай ажиглах шаардлагатай.

Хоёрдугаарт, AI-ийн хөгжлийг дагасан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх нь эрчим хүчний шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээ, хуримтлуурын технологийн хөрөнгө оруулалтыг чухалчилна.

Гуравдугаарт, хиймэл оюуныг уул уурхай, банк санхүү, тээвэр ложистик, боловсрол, төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бий. Гэхдээ үүний тулд хүний нөөц, өгөгдлийн хамгаалалт, цахим дэд бүтэц, мэргэжлийн боловсролд хөрөнгө оруулах шаардлагатай билээ.

Хөрөнгө оруулалтын хэмжээ бус, бодит өгөөж шийдвэрлэх үүрэгтэй

2026 оны арваннэгдүгээр сарын эхээр хиймэл оюуны салбар дэлхийн эдийн засгийн хамгийн чухал хөрөнгө оруулалтын чиглэлүүдийн нэг хэвээр байна. Технологийн компаниуд дэд бүтцээ өргөжүүлж, улс орнууд төсвийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, санхүүгийн зах зээл энэ салбарын ирээдүйн өгөөжийг нягтлан үнэлж буй.

Нэг талаас, хиймэл оюун ухаан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, шинэ бизнесийн загвар, ажлын байр, зах зээл бий болгох асар их боломжтой ч нөгөө талаас, хэт өндөр хүлээлт, өрийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын өгөөжийн тодорхойгүй байдал нь санхүүгийн шинэ эрсдэл үүсгэж болзошгүй аж.

Ирэх саруудад дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарал AI-ийн компаниуд хэр их мөнгө зарцуулж байгаад бус, тэрхүү хөрөнгө оруулалтаар хэр хэмжээний бодит орлого, ашиг, бүтээмж бий болгож байгаад илүү төвлөрөх төлөвтэй.

Эцсийн дүндээ хиймэл оюуны шинэ эрин үеийн ялагчид хамгийн их хөрөнгө зарцуулсан компаниуд бус, харин зарцуулсан хөрөнгөө бодит эдийн засгийн үнэ цэн болгон хувиргаж чадсан компаниуд байх нь.

Эх сурвалж: REUTERS,