Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре, Финландын Ерөнхийлөгч Александер Стубб нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсныг Украин улстай урьдчилан зөвшилцөж, зохицуулсан байна.

Ярианы гол сэдэв гал зогсоох болон Орос, Украины удирдагчдын уулзалтын тухай байсан талаар Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига аравдугаар сарын 28-нд нийтлэгдсэн "Helsingin Sanomat" (HS) сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сибига "Бидний үнэлж байгаагаар, энэхүү утасны яриа нь энх тайванд хүрэх бидний хүчин чармайлтад гарсан нэг алхам боллоо" гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, утсаар ярих асуудлыг Киевтэй хэлэлцэж, зөвшилцсөн бөгөөд энэ нь хамтын шийдвэр байсан аж.

Украины ГХЯ-ны тэргүүн "Бид энэ дайныг зогсоохыг хүсэж байна. Энх тайвны төлөөх хүчин чармайлтыг хурдасгахын тулд бүхий л сувгийг ашиглах ёстой. Энэхүү дуудлагыг яг ийм агуулгаар ойлгох хэрэгтэй" гэж тайлбарлажээ.

Украины илгээсэн мессэж

Стуббын хэлснээр, уг дуудлагын зорилго нь Украины илгээлтийг Путинд шууд дамжуулах явдал байжээ. Сайдын тодруулснаар, уг илгээлтэд хоёр гол санаа агуулагдсан байна. Үүнд: Украин улс гал зогсоохыг шаардаж буй бөгөөд Зеленский, Путин нарын уулзалтыг зохион байгуулахыг санал болгожээ.

Сайд "Бид энэ уулзалтыг хүсэж буй бөгөөд үүнд бэлэн байна" гэж тэмдэглэсэн байна. Түүнчлэн тэрбээр зөвхөн ийм хэмжээний уулзалт л хэлэлцээрт шинэ уур амьсгал авчирч чадна гэж үзэж байгаа аж.

Украины ГХЯ-ны сайд Зеленский хамгийн төвөгтэй, эмзэг асуудлууд, түүний дотор газар нутгийн асуудлыг ч хэлэлцэхэд бэлэн байгаа талаар онцолжээ.

Украины тал дээд хэмжээний уулзалтын дараа харилцан итгэлцлийг бэхжүүлэх тодорхой алхмууд хийгдэнэ гэдэгт итгэж буй юм байна. Үүнд, тухайлбал, хоригдлуудыг солилцох, хулгайлагдсан хүүхдүүдийг буцааж авчрах зэрэг ажлууд багтаж болохыг Андрей Сибига дурджээ.

Түүний хэлснээр, уулзалтыг Москва, Беларусь эсвэл Хойд Солонгосоос бусад аль ч газарт зохион байгуулах боломжтой аж.

VG: Норвегийн Ерөнхий сайд Путин болон славянчуудын тухай нийтлэлээ өөрчлөхийг FT сониноос шаарджээ

Үүнээс өмнө "Verdens Gang" (VG) сонинд мэдээлснээр, Ерөнхий сайд Йонас Гар Стёре "Financial Times" (FT) сонинд гарсан нэгэн нийтлэлийг засуулахыг оролдсон байна. Уг нийтлэлд Путиныг Европын удирдагчидтай утсаар ярихдаа "Дундад зууны үеийн славянчуудын түүх"-ийн талаар лекц уншсан гэж бичсэн байжээ.

Стёре "Бид 'Financial Times'-аас үүнийг засахыг хүссэн, учир нь энэ бол худал мэдээлэл. Бид өөрсдөө энэ ярианд байлцсан учраас тэд үүнийг засах болно" гэж мэдэгджээ. Харин Британийн сонин энэ шаардлагыг хүлээж авахаас татгалзсан байна.

FT сонины төлөөлөгч "Бид өөрсдийн сэтгүүл зүйн зарчимдаа үнэнч хэвээр үлдэнэ" гээд, нарийн ширийн зүйлийг дурдахаас татгалзаж буйгаа мэдэгджээ.

Стёрегийн ажлын албаны мэдээлснээр, Финланд улс мөн хоёр улсын нэрийн өмнөөс няцаалт нийтлэх хүсэлт гаргасан байна. Үүний зэрэгцээ Норвегийн Ерөнхий сайд "Путин яриандаа 2014 оноос өнөөг хүртэлх Европын нөхцөл байдлын талаар голчлон ярьсан" гэж зүтгэж байгаа аж.

Стёре Европын орнуудад Москватай шууд харилцах улс төрийн суваг бараг байхгүй байгааг харгалзан Оросын Ерөнхийлөгч рүү залгах шийдвэр гаргаснаа хамгаалсан гэж VG сонин бичжээ.

Өмнө нь FT сонин мэдээлэхдээ, Путин болон Европын улс төрчдийн яриа хагас цаг хүрэхгүй хугацаанд үргэлжлэх ёстой байсан ч 90 минут үргэлжилсэн гэсэн байна.

Нийтлэлийн гурван ч эх сурвалжийн мэдээлснээр, Путин Украинд дайныг хэрхэн зогсоох тухай гол асуудлуудыг хэлэлцэхийн оронд Кремлиэс "мөргөлдөөний үндсэн шалтгаан"-ы талаар урт хугацааны яриа өрнүүлсэн байна.

Эх сурвалж: DW