Эрүүдэн шүүх, хүнлэг бус болон хүний нэр төрийг доромжилсон харьцаа, шийтгэлээс урьдчилан сэргийлэх тухай Европын конвенцод гарын үсэг зурснаас хойш 29 жилийн дараа ОХУ уг гэрээнээс албан ёсоор гарсан байна. Европын Зөвлөлөөс арваннэгдүгээр сарын 1-ний ням гарагт мэдээлснээр, тус конвенцоос гарах шийдвэр энэ өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ.

Страсбург хотод төвтэй Европын Зөвлөлийн мэдээлснээр, ийм шийдвэрийг ОХУ-ын эрх баригчид гаргасан бөгөөд 2025 оны аравдугаар сарын 30-нд Европын Зөвлөлд албан ёсоор мэдэгдсэн байна.  Конвенцоос гарах шийдвэр нь мэдэгдэл хүргүүлснээс хойш нэг жилийн дараа буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болохоор тусгагджээ.

ОХУ Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны тайлангуудыг нийтлэхийг хориглож байв

Европын Зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар, ОХУ 1998 оноос эхлэн уг конвенцын оролцогч улс байжээ. 2021 он хүртэл Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Европын хороо (ЕКПП)-ны төлөөлөгчид ОХУ-д нийт 30 удаа айлчилж, хорих болон цагдан хорих 450 гаруй газарт шалгалт хийсэн байна.

Гэсэн хэдий ч ОХУ тус хорооны айлчлалын тайлан болон тэдгээрт өгсөн хариу тайлбарыг нийтлэхээс татгалзаж байсан цорын ганц улс хэвээр үлджээ. Байгууллагын мэдээлснээр, ОХУ нийт дөрвөн тайланг л олон нийтэд ил болгохыг зөвшөөрсөн байна.

Европын Зөвлөлийн мэдэгдэлд, “Нийтлэгдээгүй байгаа тайлангууд нь тогтмол болон тусгай айлчлалын аль алиныг хамарч байгаа бөгөөд 2000-2017 оны хооронд Чечень болон Хойд Кавказын бүс нутагт хийсэн 10 удаагийн айлчлалын тайлан ч үүнд багтаж байна. ОХУ эдгээр баримт бичгийг хүссэн үедээ нийтлэхийг зөвшөөрөх боломжтой” гэжээ.

ОХУ болон Украины эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх эрүүдэн шүүх, хэрцгий харьцааны талаарх мэдээллүүд Европын Зөвлөлд иржээ

Украинд Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш ОХУ-ын нутаг дэвсгэр дэх болон Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт байрлах Оросын цагдан хорих газруудад эрүүдэн шүүх, хэрцгий харьцах явдал гарсан байж болзошгүй талаар олон тооны мэдээлэл Европын Зөвлөлд ирсэн гэж мэдэгдэлд онцолжээ.

Гэвч Оросын эрх баригчид хамтран ажиллахаас татгалзсан тул Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Европын хороо нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэх зорилгоор ОХУ-д очиж чадаагүй байна.

Европын Зөвлөлийн мэдэгдэлд, “Энэ байр суурь нь Украины эрх баригчдын хандлагаас эрс ялгаатай. Украины тал тус хорооны хүсэлтээр өөрийн нутаг дэвсгэр дэх хорих, цагдан хорих бүх газарт хүссэн цагт нь нэвтрэх боломж олгосоор байна.

Түүнчлэн Эрүүдэн шүүх болон хүнлэг бус буюу хүний нэр төрийг доромжилсон харьцаа, шийтгэлээс урьдчилан сэргийлэх Европын хорооны тайлангуудыг тогтмол, автоматаар нийтэлж, ил тод байдлыг хангахад дэмжлэг үзүүлдэг” гэж дурджээ.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Европын хорооны дарга Алан Митчелл ОХУ конвенцоос гарч буй нь бусад үр дагаврын зэрэгцээ “ОХУ-ын нутаг дэвсгэр дэх хорих, цагдан хорих газруудад тавих хараат бус хяналт бүрэн зогсох” гэсэн утгатай болохыг тайлбарлажээ.

Тэрбээр мөн “Цагдан хорих газруудад хараат бус хяналт тавих нь эрүүдэн шүүх болон хэрцгий харьцах явдлаас урьдчилан сэргийлэх үндсэн баталгаа юм” хэмээн онцолсон байна.

ОХУ-ын Засгийн газар болон Ерөнхийлөгчийн санаачилга

ОХУ-ын Засгийн газар 2025 оны наймдугаар сарын сүүлээр Эрүүдэн шүүх, хүнлэг бус болон хүний нэр төрийг доромжилсон харьцаа, шийтгэлээс урьдчилан сэргийлэх тухай Европын конвенцоос албан ёсоор гарах санал гаргажээ.

Үүний дараа есдүгээр сарын эхээр Ерөнхийлөгч Владимир Путин уг конвенцоос гарах тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төслийг санаачлагчид 2023 оноос хойш ОХУ-ын төлөөлөгч Европын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх хороонд байхгүй болсон явдлыг шийдвэрийнхээ үндэслэл болгон дурджээ.

Хуулийн төслийг парламентын хоёр танхим хоёул баталсны дараа Владимир Путин 2025 оны есдүгээр сарын 29-нд уг хуульд гарын үсэг зурсан байна.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх хороо ОХУ-ын нөхцөл байдлын талаар хэд хэдэн тайлан нийтэлж байжээ

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тухай Европын конвенцоор тусгай хорооны үйл ажиллагааг зохицуулдаг. Тус хорооны бүрэн эрхэд конвенцод нэгдэн орсон улс орнуудад ямар нэгэн саадгүйгээр нэвтрэх, тэр дундаа хорих, цагдан хорих газруудад очиж нөхцөл байдалтай танилцах эрх багтдаг.

Хорооноос тухайн улс дахь эрүүдэн шүүхтэй холбоотой нөхцөл байдлын талаар бэлтгэсэн тайланг нийтлэх эсэх нь үргэлж автоматаар шийдэгддэггүй. Учир нь тухайн улс тайланг нийтлэхийг эсэргүүцэх боломжтой байдаг.

Гэсэн хэдий ч Эрүүдэн шүүх, хүнлэг бус болон хүний нэр төрийг доромжилсон харьцаа, шийтгэлээс урьдчилан сэргийлэх тухай Европын конвенц өмнө нь ОХУ конвенцын заалтыг зөрчсөнтэй холбоотой хэд хэдэн тайлан нийтэлж байжээ. Эдгээр тайланд Чеченьд гарсан хэрэг явдал, Оросын сэтгэцийн эмнэлгүүд болон хорих ангиудад бүртгэгдсэн зөрчлүүдийг тусгасан байна.

Тус хорооны хамгийн сүүлчийн тайлан 2024 оны арваннэгдүгээр сард нийтлэгджээ. Уг тайланд Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный ОХУ-ын Ямал-Ненецийн автономит тойрог дахь ИК-3 “Цагаан чоно” нэртэй хорих ангид нас барсантай холбоотой нөхцөл байдлыг хөндсөн байна. Тэрбээр хорих нөхцөл нь эрүүдэн шүүх шинжтэй байгаа талаар удаа дараа гомдол гаргаж байжээ.

Түүнчлэн “Крокус Сити Холл”-д болсон террорист халдлагад сэжиглэгдсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх мэдээллүүдэд Эрүүдэн шүүх, хүнлэг бус болон хүний нэр төрийг доромжилсон харьцаа, шийтгэлээс урьдчилан сэргийлэх тухай Европын конвенц анхаарал хандуулж байсан аж.

Эх сурвалж: DW