АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф 11 дүгээр сарын 3-ны мягмар гарагт "Орос, Украины хоорондын хэлэлцээ АНУ-ын зуучлалаар АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд болно" гэж мэдэгджээ.

Тэрбээр өөрийн X (хуучнаар Twitter) цахим хуудастаа "Хэлэлцүүлэг нь дайны дараах аюулгүй байдал, хурцадмал байдлыг намжаах, хүмүүнлэгийн санаачилгууд болон энх тайванд хүрэх дараагийн алхмуудад төвлөрөх болно" гэж бичжээ.

Мөн Уиткофф уг хэлэлцээ Орос, Украины дайныг зогсоох "Ерөнхийлөгч Дональд Трампын хүчин чармайлтын хүрээнд" ажлын хэсгүүдийн түвшинд зохион байгуулагдахыг тодотгосон байна.

АНУ холбоотнуудтайгаа Европын дайны дараах бүтцийг хэлэлцэнэ

Тусгай элчийн хэлснээр, АНУ-ын хэлэлцээрт оролцогчид энэ долоо хоногт Брюссель хотноо Франц, Герман, Их Британи, Европын Холбоо болон НАТО-гийн төлөөлөгчидтэй уулзах аж.

Түүнчлэн тэд "Украины аюулгүй байдлын баталгаа, Европын дайны дараах аюулгүй байдлын бүтэц болон Украиныг сэргээн босгоход үзүүлэх эдийн засгийн дэмжлэгийн боломжуудыг" хэлэлцэх юм байна.

Уиткофф "Бид ирээдүй хойч үеийнхний урт хугацааны аюулгүй байдлыг хангах иж бүрэн, бат бөх энх тайвны гэрээнд хүрэх замдаа Киев, Осло, Санкт-Петербургт олсон ахиц дэвшлийг бататгана гэж найдаж байна" хэмээн тэмдэглэжээ.

АНУ-ын тусгай элч өмнө нь Зеленский, Путин нартай уулзсан

Трампын тусгай элч өнгөрсөн аравдугаар сард Осло хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан бөгөөд дараа нь Санкт-Петербург хотод зочилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн байна.

АНУ-ын зуучлалаар хийсэн Орос, Украины өмнөх шатны хэлэлцээ 2026 оны 2 дугаар сард буюу АНУ, Израиль Ираны эсрэг дайн эхлүүлэхийн өмнөхөн болж байв.

Эх сурвалж: DW