Украины Харьков мужийн Изюм хотод Оросын цохилтын улмаас нэг хүн амиа алдсан байна. Мужийн цэргийн захиргааны тэргүүн Олег Синегубовын 11 дүгээр сарын 2-ны даваа гарагийн өглөө мэдээлснээр, халдлагын улмаас 11 хүн, түүний дотор 8 настай хүү, мөн стрессийн хурц шоконд орсон 11 настай хүүхэд өртөж бэртжээ. Харин Украины Онцгой байдлын албанаас Изюм хотод бэртэж гэмтсэн хүний тоог 14 гэж мэдээлсэн байна.
Синегубовын хэлснээр, халдлагад хотын иргэний дэд бүтэц өртсөн бөгөөд удирдлагатай агаарын бөмбөг ашиглажээ. Халдлагын улмаас 5 давхар орон сууцны барилгын 1-3 дугаар давхар нурж, өөр нэгэн 4 давхар сууц мөн цохилтод өртсөн байна. Үүнээс гадна хотын хэмжээнд хамгийн багадаа 14 хувийн сууц, 2 дэлгүүр, 6 автомашин эвдэрч сүйджээ.
Дараа нь Харьков мужийн захиргааны тэргүүн Печенеж зөвлөлийн Приморское тосгонд Орос халдлага үйлдсэнийг мэдээлэв. Урьдчилсан мэдээгээр тус буудалтын улмаас хоёр хүн бэртэж, тосгоны есөн хувийн сууц эвдэрсэн байна.
Чугуев хот болон Васищево тосгонд өгсөн цохилтын уршиг
Оросын цохилтын дараагийн бай нь Чугуев хот байжээ. Синегубовын бичсэнээр, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн халдлагын улмаас тэнд хоёр хүн бэртжээ. Хотод орон сууц, дэлгүүр, гарааш, автомашинууд сүйдсэн байна.
Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, 11 дүгээр сарын 1-ний орой Харьков мужийн Безлюдов зөвлөлийн Васищево тосгоныг Оросын талаас дроноор довтолжээ. Таван давхар орон сууцны дээвэрт дрон туссаны улмаас байруудын бүтэц, давхар хоорондын тааз эвдэрсэн байна.
Гал сөнөөгчид дээд давхрын байрандаа түгжигдсэн хоёр оршин суугчийг аварчээ. Мөн өөр хаягуудад хувийн хэвшлийн хүлэмж, өвс, хөргүүрийн систем шатсан гурван ч гал түймрийн голомт бүртгэгдсэн байна.
Одесс мужид хийсэн халдлага
Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, Оросын тал Одесс мужид мөн масс халдлага үйлдсэн байна. Аврах албаны урьдчилсан мэдээгээр таван хүн өртөж бэртсэний дөрөв нь Одесс хотод, нэг нь мужийн нутаг дэвсгэрт байгаа аж.
Халдлагын улмаас Одесс хотын агуулахын байруудад том хэмжээний гал түймэр гарч, хийн хоолой, орон сууц, гарааш эвдэрчээ. Мужийн өмнөд хэсэгт мөн агуулахууд цохилтод өртөж, талх нарийн боовны үйлдвэрийн барилга нурсан байна. Өөр нэгэн дүүрэгт захиргааны барилга, орон сууц, ТҮЦ, автоноосны буудлын барилга сүйдэж гэмтжээ.
Одесс мужийн цэргийн захиргааны тэргүүн Олег Кипер "Оросын халдлагын улмаас бүс нутгийн иргэний, орон сууцны болон эрчим хүчний дэд бүтэц хохирол амссан" гэж мэдээлжээ. Мөн "Одессын цахилгаан сүлжээ" ДТЭК компанийн эрчим хүчний объект халдлагад өртжээ. Өглөөний байдлаар зарим хэрэглэгчдийн цахилгааныг сэргээсэн бөгөөд ослын дараах сэргээн босгох ажил үргэлжилж байгаа аж.
Херсон хотын төв дэх эмнэлэг дрон руу цохилт өгөв
Херсон хотын цэргийн захиргааны тэргүүн Ярослав Шанькогийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 2-ны өглөө Оросын тал Херсон хотын төвд байрлах нэгэн эмнэлгийн барилга руу дроноор цохилт өгчээ. Үүний улмаас хэд хэдэн өрөө тасалгаа сүйдэж, цонх, дотор хаалганууд хагарсан байна. Урьдчилсан мэдээгээр бэртэж гэмтсэн хүн байхгүй аж.
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний мэдээ
Украины Агаарын цэргийн хүчний өглөөний мэдээнд дурдсанаар, 11 дүгээр сарын 2-нд шилжих шөнө Оросын тал Орос дахь Орёл, Курск, Брянск хотуудаас, мөн Москвагийн хяналтад байгаа Украины Донецк муж болон аннексид өртсөн Крымийн Гвардейское агаарын баазаас нийт өөр өөр төрлийн 193 ширхэг дайралтын дрон хөөргөж, Украин руу довтолжээ.
Өглөөний 08:00 цагийн байдлаар агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүдээр дайсны 154 дроныг устгаж эсвэл дарангуйлсан байна. Үүний зэрэгцээ 26 байршилд дрон байндаа туссан бөгөөд устгагдсан дроны хэлтэрхий 9 байршилд унасан болохыг Украины Агаарын цэргийн хүчин дамжуулжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны Украины байнуудын талаарх мэдэгдэл
ОХУ-ын Батлан хамгаалах яам өглөөний мэдээндээ "Украины зэвсэгт хүчний ашиглаж байсан эрчим хүч, тээврийн дэд бүтцийн объектууд, нисгэгчгүй нисөх төхөөрөмж угсрах цех, хадгалах газрууд, түүнчлэн 142 дүүрэгт байрлах Украины зэвсэгт бүлэглэлүүд болон гадаадын хөлсний цэргүүдийн түр байрлаж байсан цэгүүдийг устгасан" гэж тайлагнасан байна.
Эх сурвалж: DW