Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Гүйцэтгэх засаглалын тэргүүн болон Сангийн сайд нартай уулзахдаа Оюу толгой төслийн анхны ногдол ашгийг иргэн бүрд бэлнээр, шууд хуваарилах нь зүйтэй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр Оюу толгойн орлогоос иргэдэд хувь хүртээх асуудал нийгмийн анхаарлын төвд байгааг дурдаад, цахим өргөдлийн системээр дамжуулан 100 мянга гаруй иргэн ногдол ашгийг шууд авах хүсэлт гаргасныг онцлон тэмдэглэв.
Төрийн тэргүүн улс орнуудын эдийн засагт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, түлш шатахууны хомсдол болон тээвэр, логистикийн гацалт зэрэг дэлхийн хэмжээний хүндрэлүүд сөргөөр нөлөөлж байгааг сануулав.
Тэрбээр энэхүү нөхцөл байдал нь дотоодын эдийн засаг болон иргэдийн амьжиргаанд шууд тусаж, өрхийн худалдан авах чадварыг сулруулж байгаа тул байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шууд хүртээх нь цаг үеэ олсон, зайлшгүй шийдвэр болно гэж үзэж байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Монголын ард түмний дундын баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг хүн бүрд хүртээх шаардлагатай. Та бүхэн хөрөнгө оруулагч талтай хийх гэрээ, хэлэлцээрээ туйлын хариуцлагатай, маш сайн зохион байгуулах ёстой.
Хөрөнгө мөнгийг хэрхэн хуваарилах, иргэдийн дансанд хэзээ шилжүүлэх асуудлыг Засгийн газар хууль эрх зүйн хүрээнд зохицуулж, холбогдох дүрэм, журмаа яаралтай боловсруулах хэрэгтэй.
Нийт гурван их наяд төгрөгийн санхүүжилтээс орж ирсэн тухай бүрд нь иргэдийн дансанд шууд тушааж, энэ ажилд онцгой ач холбогдол өгч ажиллахыг шаардаж байна” хэмээн мэдэгдэв.
Ийнхүү Төрийн тэргүүн Оюу толгойн ашгийг урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөрүүдэд түгжихээс илүүтэйгээр, өнөөгийн хүндрэлтэй үед иргэн бүрд шууд дэмжлэг болгон хүртээх нь зөв гэж үзэж, холбогдох бэлтгэл ажлыг хангахыг Засгийн газарт үүрэг болголоо.