Их Британийн адал явдал эрэлхийлэгч Карл Бушби дэлхийг тойрон явган аялсан 28 жилийн аяллаа дуусгаж, төрж өссөн нутаг болох Английн Халл хотдоо эргэн иржээ. Тэрбээр 1998 онд эхлүүлсэн нийт 31,000 миль буюу ойролцоогоор 49,900 километр замыг туулсан гайхалтай аяллаа ийнхүү өндөрлүүлсэн байна.
Өдгөө 57 настай аялагчийг арваннэгдүгээр сарын 2-ны даваа гарагийн өглөө төрөлх хотынх нь төв талбайд олон зуун хүн баяр хөөртэйгөөр угтан авчээ. Тэрбээр цугласан олонд хандан “28 жилийн дараа ийм сайхан угтаж авна гэж огтоос төсөөлж байсангүй” хэмээн сэтгэл догдлон хэлсэн байна.
Үүний дараа тэрбээр өөрийн цөөн хэдэн эд зүйлээ хийсэн жижиг тэрэг түрэн гэрийн зүг хөдөлжээ. Тэрэгнийх нь дээр аяллын турш авч явсан нөөц дугуй нь байсан бөгөөд одоо түүнд дахин хэрэг болохгүй нь. Карлыг гэрт нь ээж, 36 настай хүү, 12 настай ач охин нь хүлээж байжээ.
28 жилийн өмнө эхэлсэн гайхалтай аялал

Карл Бушби хорь гаруй настайдаа Их Британийн армийн шүхэрчин цэргийн ангид алба хааж байжээ. Гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэний дараа тэрбээр дэлхийн газрын зураг дээр зам зурж, амьдралынхаа хамгийн том адал явдлыг эхлүүлэхээр шийдсэн байна.
Түүний аав нэгэн цагт Лондон хотоос Нью-Йорк хүртэл явганаар хүрч болох эсэх талаар бодож байсан нь Карлд урам зориг өгчээ. Ингээд тэрбээр майхан, хэдэн зуун ам.доллар, хямд үнэтэй хуванцар камераа авч, 1998 онд Өмнөд Америкийн Чили улсаас аяллаа эхлүүлсэн байна.
Тэрбээр Америк тивийг хойноос урагш биш, өмнөдөөс хойд зүгийг чиглэн туулж, Төв Америкийн өтгөн ширэнгэн ойгоор зам гарган алхаж, Аляскаас Орос руу Берингийн хоолойн мөсөн дээгүүр гарчээ.
Цааш Монгол, Хятадаар дамжин аялж, Каспийн тэнгисийг сэлж гаталсны дараа Европоор дамжин эх орон руугаа буцсан байна.
Аяллын замд тулгарсан бэрхшээлүүд

Карл анх энэ аяллаа 10 орчим жил үргэлжилнэ гэж тооцоолж байсан ч төсөөлж байгаагүй олон саад бэрхшээлтэй тулгарчээ. Тухайлбал:
- Панам улсад хэсэг хугацаанд хоригдсон.
- Мексикт зэвсэг тулгуулсан.
- ОХУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсний улмаас Оросын эрх баригчид саатуулсан.
- 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалан аялал нь саатсан.
- COVID-19 цар тахлын улмаас аяллаа үргэлжлүүлэх боломжгүй үе тохиосон.
-Виз, хил гааль, олон улсын зөвшөөрөл, санхүүжилттэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болжээ.
Тэрбээр өнгөрсөн жил Reuters агентлагт ярилцлага өгөхдөө цөл газар хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн турш алхахад байгалийн үзэмж огт өөрчлөгдөхгүй байх үе тохиолддог тухай ярьжээ.
Мөн “Заримдаа нэгэн хэвийн байдал үнэхээр тэвчихийн аргагүй санагддаг. Цөлд хэдэн өдөр, бүр хэдэн долоо хоногоор алхахад эргэн тойрны байгаль огт өөрчлөгдөхгүй. Энэ нь хүний сэтгэл зүйд нөлөөлөхөөр байдаг. Хойд туйлын бүсэд ч мөн адил” хэмээн дурссан байна.

Карл BBC-д өгсөн ярилцлагадаа "28 жилийн хугацааны ердөө 15 орчим жилийг бодитоор алхаж өнгөрүүлсэн" гэж хэлжээ. Үлдсэн хугацаанд Мексикт үе үе буцаж очин виз, аяллын зохион байгуулалт, санхүүжилт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоотой асуудлаа шийдвэрлэдэг байж.
Тэрбээр энэ аяллаа “XXI зууны адал явдалт аялал ийм л байдаг юм байна” хэмээн тодорхойлжээ. Учир нь, замын бэрхшээлээс гадна улс орнуудын хил, виз, улс төрийн нөхцөл байдал, захиргааны асуудалтай тэмцэхэд аяллынхаа ихээхэн хугацааг зарцуулсан байна.
Цаашдын төлөвлөгөө
Карл Бушбигийн дэлхийг тойрсон гайхалтай аяллын тухай бүрэн хэмжээний баримтат кино бүтээх ажил эхэлжээ. Мөн тэрбээр ойрын долоо хоногуудад Английн хотуудаар аялж, өөрийн туулсан замнал, туршлага, адал явдлынхаа талаар олон нийтэд ярьж өгөх уулзалт, лекц зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

28 жилийн турш дэлхийг тойрон алхана гэдэг зөвхөн биеийн хүчний сорилт бус, тэвчээр, хүсэл мөрөөдөл, тууштай байдал, амьдралын утга учрыг эрэлхийлсэн гайхалтай аялал билээ.
Карл Бушби анх 10 жилийн дотор дуусгана гэж бодож байсан аяллаа 28 жилийн дараа биелүүлж, төрөлх гэрийнхээ үүдэнд хүрч ирлээ.
Зарим аялал зорьсон газартаа хүрэхийн төлөө байдаг бол зарим аялал хүнийг өөрийг нь өөрчилдөг. Карл Бушбигийн 28 жилийн аялал бол үүний тод жишээ юм.

Эх сурвалж: REUTERS