Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсад олон сонирхолтой үйл явдлууд өрнөснөөс тоймлон хүргэж байна. 

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар хилийн чанадаас (Канад улсаас) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чиглэсэн ноцтой мэдэгдлүүдийг цувралаар хийж, улс төрийн хүрээнд томоохон "гал" асаалаа. Түүний шууд дамжуулалт болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас (ЕТГ) өгсөн албан ёсны няцаалтууд хийсэн нь энэ долоо хоногийн хамгийн шуугиан дагуулсан үйл явдал байв.

Х.Нямбаатар олон нийтийн сүлжээгээр хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө орлогоо нуун дарагдуулж, Үндсэн хууль зөрчсөн тул огцрох ёстой хэмээн уриалав.

Тэрбээр Ерөнхийлөгчийг 2022 онд 360 мянган ам.доллар, 2025 онд их хэмжээний нууц хөрөнгө хуримтлуулсан, хувийн нисдэг тэрэг болон тансаг зэрэглэлийн автомашины цуглуулгатай гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн, өөрөө дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл Монгол Улсад эргэж очихгүй гэдгээ албан ёсоор зарлав.

Тэрбээр Хотын даргаар ажиллаж байх хугацаандаа ЕТГ-ын дарга асан Я.Содбаатар нараас асар их дарамт шахалт амсдаг байснаа илчилсэн юм. Тодруулбал, Бага тэнгэрт баригдаж буй барилгуудын зөвшөөрөл болон "Монгол цэргийн холбоо"-ны 22 давхар барилгын газрын зөвшөөрлийг өөрийнх нь эрх мэдлийн асуудал биш байхад хүчээр дарамталж, захирамж гаргуулж байсан хэмээн мэдэгдэв.

ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг шуурхай хэвлэлийн хурал зарлаж, Х.Нямбаатарын мэдээллүүдийг ор үндэслэлгүй гүтгэлэг, үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх гэсэн оролдлого хэмээн няцаасан байна. Түүнчлэн:
• Нисдэг тэрэгний тухайд: Монголд бүртгэлтэй нисдэг тэрэгнүүдийн ихэнх нь хувийн хэвшлийнх, харин төрийн мэдэлд байгаа нь Зэвсэгт хүчний жанжин штабын бүртгэлд байдаг бөгөөд Ерөнхийлөгч хувьдаа онгоцгүй гэв.
• Тансаг автомашины тухайд: Машинуудыг нь нэр дээрээ хадгалдаг гэгдээд буй "Эко констракшн"-ы захирал С.Нямдаваа нь Ерөнхийлөгчтэй зөвхөн фитнест л таардаг, хувийн ямар нэгэн бизнесийн холбоогүй гэдгийг тодотгосон юм.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Х.Нямбаатарыг ийнхүү хилийн чанадаас Ерөнхийлөгч рүү удаа дараа дайрч буй үйлдлийг Канад улсаас улс төрийн орогнол хүсэх хувийн зорилготой хэмээн тайлбарласан.

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдах сургаар өөрийгөө "улс төрийн золиос" мэтээр харагдуулах гэсэн улс төрчдийн түгээмэл тактик хэрэглэж байна гэж ЕТГ үзэж буйгаа илэрхийлсэн юм.  Харин Х.Нямбаатар өөрийн хийсэн мэдэгдлүүдийн үнэн бодит байдлыг хуулийн өмнө бүрэн хариуцахаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэв.

16 настай охиныг хөнөөсөн хэргийн үндсэн шүүгдэгч Ц.Дагвадоржид оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээв

Олныг цочирдуулсан, 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хохироосон хэргийн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаан 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр хаалттай болов.

Дөрвөн цаг гаруй хаалттай үргэлжилсэн шүүх хуралдааны дараа шүүх бүрэлдэхүүн дараах тогтоолыг гаргалаа:
• Үндсэн шүүгдэгч Ц.Дагвадоржид оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээв.
• Хэрэгт холбогдогч Э.Ган-Эрдэнийг цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
• Харин өмнөх шатны шүүхээс цагаатгагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүх 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр шийдвэрээ гаргаж, "алуурчин" Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон ч хамтран оролцогч гэгдэж байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн тул хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгч нар шударга ёсыг тогтоолгохоор Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, талигаач охины ээж Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгчид хамтран оролцогчдыг ял завшуулж, цагаатгасанд гүнээ гомдолтой байснаа илэрхийлж байв.

Дээд шүүхээс цагаатгагдсан хоёр оролцогчийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин нягтлахаар болсон нь хохирогчийн ар гэрийнхэнд хууль шударгаар үйлчилж, гэм буруутай этгээдүүд зохих шийтгэлээ бүрэн хүлээх найдвар төрүүлэв.

Дарханы дулааны цахилгаан станц "амь тавьж", хот бүхэлдээ гэрэл цахилгаангүй өнжив

 

2026 оны аравдугаар сарын 29-ний оройн 20:56 цагт Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц” (ДДЦС) ТӨХК-ийн ерөнхий хуваарилах байгууламжид техникийн ноцтой гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон (тэг зогсолт) дуулиантай үйл явдал өрнөв. 

Пүрэв гарагийн орой станцын цахилгаан хуваарилах хэсэгт саатал гарч, бүх тоног төхөөрөмжүүд ажиллагаагүй болсноор Дарханы дулааны цахилгаан станц тэг зогссон аж. Тус станц нь зөвхөн Дархан хотыг дулаанаар хангаад зогсохгүй, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нутаг дэвсгэр дэх нийт 60,000 гаруй хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээдэг стратегийн чухал объект учраас бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний томоохон эрсдэл үүсгэсэн байна.

Гэнэтийн аваарийн улмаас Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын (УОК) дарга Н.Номтойбаяр болон Эрчим хүчний сайд Б.Найдалаа нараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт шуурхай очиж, газар дээр нь ажиллалаа. Мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд цаг алдалгүй дайчилгаатай ажилласны үр дүнд:
• Ослын шөнө буюу 10 дугаар сарын 30-ны үүрийн 03:00 цаг гэхэд гэмтлийг урьдчилсан байдлаар засварлаж, станцыг эргэн ажиллагаанд оруулжээ.
• Хэрэглэгчдийг хөлдөөхөөс сэргийлж, Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүлсэн байна.
• Одоогийн байдлаар станцын үйл ажиллагааг бүрэн сэргээж, 4 зуух, 3 машин, 30 МВт-ын горимтойгоор хэвийн ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар, уг гэмтлийг станцын насжилт болон тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа хэтэрсэнтэй шууд холбоотой гэж дүгнэжээ. ДДЦС ТӨХК нь анх 1965 онд ашиглалтад орсноос хойш 60 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа тул техникүүд нь туйлдаж, элэгдэлд орсон байна.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэхүү үйл явдлыг "Эрчим хүчний салбарт ирж буй маш том сануулга, дохио боллоо" хэмээн онцлоод, цаашид Дархан-Уул аймагт шинэ станц барих зайлшгүй шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Мөн уг ослоос сургамж авч, станцад нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргаж, худалдан авалтыг шуурхайлах үүргийг салбарын яамнаас холбогдох удирдлагуудад өгөөд байна.

С.МАНДАХ