Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тогтоох судалгааны ажлыг бэлтгэл ажил, хээрийн судалгаа, суурин боловсруулалт, дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байгаа ажээ.

2026 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эхний хоёр үе шат буюу зайнаас тандан судлалын мэдээлэлд боловсруулалт хийх, хээрийн хэмжилт, дээжлэлт, судалгааны ажлыг эрдэмтэн, судлаач, шинжээч, албан хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай дуусгасан байна.

Өдгөө гуравдугаар үе шат буюу цуглуулсан мэдээлэл, дээж, хэмжилтийн үр дүнг боловсруулах ажил үргэлжилж байна. Үүний дараа байгаль орчинд учирсан хохирлын нэгдсэн үнэлгээ, шинжээчдийн дүгнэлт гарах аж.

Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон холбогдох албаныхан Нөмрөгийн ДЦГ-т хээрийн судалгаа хийсэн эрдэмтэн, судлаач, шинжээчдийн багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзан, судалгааны ажлын явц, урьдчилсан дүгнэлттэй танилцжээ.

Ажлын хэсгийнхэн хээрийн судалгааны үеэр цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд ургамлын үндэс болон хөрсний органик бүрэлдэхүүн хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарт гарсан өөрчлөлт, экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлох ажил үргэлжилж байгааг танилцуулсан байна.

May be an image of tree

Урьдчилсан судалгаагаар, 24 мянга орчим га хусан ойн экосистем түймэрт өртжээ. Шаталтын зэрэглэл, ойн насжилт зэрэг нарийвчилсан үзүүлэлтийг судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлтээр танилцуулах аж.

Мөн тал хээрийн экосистемийн биомасс гадаргын гүймэг түймэрт өртсөнтэй холбогдуулан Нөмрөгөөс цуглуулсан дээжийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс 2024, 2025 онд бүрдүүлсэн ургацын дээжтэй харьцуулан судлах юм байна.

Ажлын хэсгийнхэн энэ удаагийн хээрийн судалгааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, хүн хүрэхэд хүндрэлтэй, алслагдсан байршлуудад нисдэг тэрэгний тусламжтайгаар хүрч, нарийвчилсан судалгаа, дээжлэлт хийсэн нь хээрийн судалгааны ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгах боломж бүрдүүлснийг онцолжээ.

Дархан цаазат газар, тэр дундаа Нөмрөгийн ДЦГ-ын алслагдсан, хүн хүрэхэд хүндрэлтэй бүс нутагт ийм хэмжээний нарийвчилсан судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй. Энэхүү судалгаа нь түймрийн улмаас учирсан экологийн хохирлыг бодитой тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтойг ч мөн онцолсон байна.

Уулзалтын төгсгөлд дархан цаазат газрын орчны нөлөөллийн бүсэд түймрийн тархалт болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний судалгааг үргэлжлүүлэн хийж буй талаар танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцжээ.