Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн дэлхийн утга зохиолын сонгодог бүтээлүүдийн нэг “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмыг “Pro” театрын уран бүтээлчид энэ сарын 23, 24, 25-нд үзэгчдийн хүртээл болгох юм.

Тус жүжиг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 19:00 цагаас тоглогдох бөгөөд энэ удаа ердөө гурван удаа тайзнаа амилах ажээ.

2023 онд үзэгчдэд анх хүрсэн уг бүтээл Виктор Хюгогийн зохиолын гүн гүнзгий агуулга, хүний мөн чанар, нийгмийн тэгш бус байдал, гаднах төрх ба дотоод ертөнцийн зөрчлийг тайзны өвөрмөц хэлээр илэрхийлдгээрээ онцлог юм.

Хүний нүүрэнд инээмсэглэл мөнхөлсөн ч сэтгэлд нь гуниг, шаналал тээсэн дүрээр дамжуулан зохиолч нийгмийн харгислал, эрх мэдлийн тэгш бус байдал, хүний үнэ цэнийн тухай хөндсөн байдаг.

Харин “Pro” театрын уран бүтээлчид энэхүү сонгодог зохиолыг визуал драмын хэлбэрээр тайлбарлан, дүрслэл, хөгжим, жүжигчний илэрхийлэлд тулгуурласан тайзны бүтээл болгон хүргэжээ.

“Инээмтгий хүн” жүжиг анхны тоглолтоосоо хойш мэргэжлийн урлагийн салбарын хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртсэн билээ. Тухайлбал, 2023 оны “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” номинацын шагнал хүртсэн юм.

Мөн тухайн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач, шилдэг жүжигчин номинацад тус тус шалгарчээ.

Уран сайхны шийдэл, дүрслэлийн өвөрмөц хэл, жүжигчдийн бүтээсэн дүрээрээ үзэгчдийн анхаарлыг татсан уг бүтээл ийнхүү дахин тайзнаа тавигдах гэж байна. Сонгодог зохиолын утга санааг орчин үеийн театрын илэрхийлэлтэй хослуулсан визуал драм сонирхогчид энэ бүтээлийг үзэх бүрэн боломж юм.

Тоглолтын мэдээлэл

- Огноо: Аравдугаар сарын 23, 24, 25
- Цаг: 19:00
- Байршил: РЦНК — Оросын шинжлэх ухаан, соёлын төв
- Тасалбар: ticket.mn-ээс авах

Гурванхан удаа тоглогдох “Инээмтгий хүн” визуал драмыг тайзнаа үзэхийг хүссэн үзэгчид тасалбараа урьдчилан авах боломжтой юм.