Хэдхэн сарын өмнө Киев хотын харьцангуй тайван амьдрал фронтын бүсийн нөхцөл байдлаас эрс ялгарч, ажил хэргээр нийслэлд ирсэн цэргийнхнийг хүртэл гайхшруулж байжээ. Харин одоо Оросын тасралтгүй довтолгооны улмаас Киевийн оршин суугчид метроны буудалд хоног төөрүүлж, өглөө бүр ойр дотнынхон нь эсэн мэнд байгаа эсэхийг шалгадаг болсон аж.

Дайралтын байнгын аюулын дор хотын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар DW сурвалжилжээ.

Метро - нийслэлийн гол хоргодох байр

Оройн 22:00 цагийн үед Киевийн метроны буудлууд томоохон хуаран мэт болж хувирна. Хүмүүс гудас дэвсэж, унтах газраа бэлдэнэ. Насанд хүрэгчдийн хажууд хүүхдүүд нойрсож, гэрийн тэжээвэр амьтад эзэндээ наалдан, танихгүй хүмүүс болон хүйтэн бетон хананы дунд тайвшрахыг хичээнэ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германы агаарын бөмбөгдөлтийн үеэр Лондоны метро мөн ийм үүрэг гүйцэтгэж байжээ. Тухайн үед олон мянган лондончууд хотын метроны буудлуудад хоргодон амь гарч байсан аж.

Киевляне спасаются в метро от российских обстрелов

Өдгөө дөрвөн сая орчим хүн амьдардаг Киев хотод метро нь бөмбөгдөлтөөс хамгаалах боломжтой цөөн газрын нэг хэвээр буй юм байна. Харин зориулалтын хоргодох байрны хүрэлцээ туйлын хангалтгүй.

Газар доор олон цагаар байх шаардлагатай болж, сул зай бараг үлдэхгүй үед хүмүүсийн бухимдал нэмэгддэг. Зарим нь суудал, хэвтэх газрын төлөө маргалдаж, хувийн орон зайгаа бага ч болов тусгаарлахын тулд майхан хүртэл барьдаг байна.

Галина хэмээх эмэгтэй таван настай хүү Романаа чанга тэврэн “Бид амьд байна, өнөөдөр ч аз таарлаа” гэж хэлэв. Тэрбээр агаарын түгшүүр зарлаагүй байсан ч хүүгээ дагуулан бараг орой бүр метро руу ирдэг аж. Тэдний байр Киевийн Лукьяновка дүүрэгт байдаг бөгөөд дайны жилүүдэд Оросын довтолгоонд удаа дараа өртсөн бүсүүдийн нэг юм байна.

Агаарын түгшүүрийн дохио дуугарах бүрд “Хоргодох байранд очно уу” гэсэн анхааруулга сонсогдоно. Гэвч ойр хавьд нь аюулгүй хоргодох газар байхгүй бол хаашаа явах вэ? Киевийн олон оршин суугчийн хувьд өөрийн гэртээ хамгийн аюулгүй гэж үздэг газар нь коридор болжээ.

Гэр, сургуулийн хооронд: Дайны аюул дундах хүүхэд нас

Есдүгээр сарын 25-ны өглөө 14 настай Даниэль Уманский өрөөндөө гэрийн даалгавраа хийж байхад Оросын нисгэгчгүй онгоц Киевийн баруун эрэгт орших Печерскийн дүүргийн орон сууцны барилгыг оножээ. Тэрбээр Украины нийслэлийн түүхэн, захиргааны болон бизнесийн төв бүсэд амьдардаг байж. Даниэль гэртээ амиа алдсан байна.

Тухайн барилгад амьдардаг Влад “Дэлбэрэлт болох үед би охинтойгоо коридорт байсан. Бид сургууль руугаа явах гэж байсан. Уг нь нэлээд эрт гарах ёстой байлаа. Гэвч саатсанаар амьд үлдсэн. Данягийн амь үрэгдсэнийг би хөршүүдээсээ мэдсэн. Энэ бол эмгэнэл” гэж дурсжээ.

Тэрбээр мөн энгийн иргэдийн амь насанд заналхийлж буй довтолгоонд бухимдаж буйгаа илэрхийлсэн байна. Хожим нь Даниэлийн дурсгалд зориулан эвдэрсэн орон сууцны барилгын ойролцоо цэцэг тарьжээ. Киевт хүүхэд насны хамгийн энгийн, аюулгүй байх учиртай орчин болох гэр, сургууль хүртэл довтолгоонд өртөх эрсдэлтэй болсон байна.

Аравдугаар сарын эхээр Оросын нисгэгчгүй онгоц Киевийн баруун өмнөд хэсэгт орших Соломенскийн дүүргийн нэгэн сургуулийн барилгыг оножээ. Тухайн үед сурагчид болон багш нар хоргодох байранд байсан бөгөөд онгоцны байлдааны цэнэг дэлбэрээгүй тул хүн бэртэж гэмтээгүй аж.

Люди в киевском метро во время российского обстрела

Сургуулийн захирал Валентина Черная DW-д “Манай сургууль 500 гаруй сурагч хүлээн авах хүчин чадалтай том хоргодох байртай. Тиймээс хүүхдүүдийн суух газар хүрэлцдэг. Бид хичээлээ танхимаар явуулж, нэгдүгээр ангиас есдүгээр анги хүртэлх сурагчид сургуульдаа ирж байсан” гэж ярьжээ.

Хүүхдүүд танхимаар хичээллэх боломжтой эсэх нь зөвхөн эцэг эх, сургуулийн удирдлагын шийдвэрээс бус, хоргодох байрны нөхцөл болон агаарын түгшүүр хэр удаан үргэлжлэхээс хамаардаг. Хэрэв өглөө гэртээ байхад нь түгшүүр зарлавал хүүхэд сургуульдаа очиж чадахгүй ч байж болно.

DW-ийн редакцын нэг ажилтан охиныхоо талаар ярихдаа “Энэ бол эцэг эхчүүдийн хувьд маш их стресс. Чи ажилдаа явчихаад хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээнэ. Сургууль руугаа явах зам ч аюултай. Учир нь, ямар ч үед агаарын түгшүүр зарлаж болно.

Миний охин Антоновын үйлдвэрийн ойролцоох Святошинскийн дүүргийн сургуульд сурдаг. Намайг ажил дээр байхад тэр ‘Ээж ээ, ямар аймаар дэлбэрэлт болсон гэж санана! Найзуудтайгаа гадаа явж байтал гэнэт тас няс хийгээд явчихсан. Юу сөнөөсөн юм уу, хаа нэгтээ унасан юм уу, мэдэхгүй байна’ гэж бичдэг.

Жители многоэтажки высадили цветы в память о Даниэле

Хүүхдүүд маш их айдаг. Харин охиноо гэртээ үлдээвэл пуужин, эсвэл дрон манай байшинг оновол яана гэж санаа зовно” хэмээн ярьжээ.

Түүний гэр бүл ч энэ аюулыг биеэр мэдэрсэн байна. Есдүгээр сарын эхээр Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй нисгэгчгүй онгоц тэдний амьдардаг барилгыг оносон ч орон сууц нь гэмтээгүй бөгөөд охин нь тухайн өглөө сургуульдаа явсан байжээ.

Киевт амьд үлдэх, ойр дотнын хүмүүсээ алдахгүй байх нь улам бүр аз тохиох эсэхээс хамаарах болсон аж. Агаарын түгшүүрийн дохио дуугарах бүрд энэ удаа эсэн мэнд үлдэх эсэхийг хэн ч мэдэхгүй.

Өнөөгийн нөхцөлд цахим сургалт ч хичээлийг хэвийн явуулах боломж олгохгүй байга аж. Коронавирусийн цар тахлын үед хичээлүүд харьцангуй тогтмол явагддаг байсан бол одоо агаарын түгшүүр сургалтын үйл явцыг байнга тасалдуулдаг болжээ.

Школа в Киеве после удара российского БПЛА

Хүүхдүүд хичээлээ орхиж, хоргодох байранд очих шаардлагатай болдог. Харин сургууль шаардлага хангасан хоргодох байргүй бол зайнаас хичээллэхээс өөр аргагүй аж.

Эдгээр бэрхшээлийн улмаас зарим гэр бүл хүүхдүүдээ үргэлжлүүлэн сургахын тулд Киевээс өөр хот, суурин, эсвэл хөдөө орон нутаг руу нүүх шийдвэр гаргажээ.

Гүүрнүүд довтолгооны бай болж байна

Хамгаалалтын тор, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд Киевийн гүүрнүүдийн салшгүй хэсэг болжээ. Нийслэлийн гүүрнүүд фронтын ойролцоох Краматорск, Херсон хотын зам, гарцтай улам төстэй харагдах болсон байна.

Российский дрон ударил по мосту через Днепр в Киеве, 2 октября 2026 года

Сүүлийн үед Оросын цэргүүд Днепр мөрний дээгүүрх гүүрнүүд рүү довтолж эхэлснээр Киевийн зүүн болон баруун эргийг холбосон тээврийн хөдөлгөөнд аюул учирчээ. Энэ нь голын зүүн эрэгт амьдардаг хүмүүсийн хувьд онцгой хүндрэл учруулсан байна. Өдөр бүр хэдэн зуун мянган хүн ажилдаа явахаар баруун эрэг рүү зорчиж, орой нь гэртээ буцдаг аж.

Хэрэв гүүрнүүд ноцтой гэмтвэл хүмүүсийн өдөр тутмын зорчих чиглэл өөрчлөгдөхөөс аргагүй болно. Ийм нөхцөлд ашиглаж болох хувилбаруудын нэг болгон Днепр мөрөн дээгүүр понтон гүүр байгуулах боломжийг хотынхон судалж буй юм байна.

Амьд үлдэхийн төлөөх хот

Есдүгээр сарын сүүлээр Киевт цахилгаан эрчим хүчний аваарын хязгаарлалт дахин хэрэгжжээ. Оросын цохилтын улмаас метроны хөдөлгөөн зогссон нь нэлээд удаан хугацаанд тохиолдоогүй үйл явдал байж.

Ийм нөхцөлд хотын удирдлагууд нийслэлийн хэвийн үйл ажиллагааг хадгалах арга зам хайх болсон байна. Киевт хөл хорионы цагийг богиносгож, одоо шөнийн 01:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл болгожээ. Мөн пуужин, нисгэгчгүй онгоцны шууд аюул байхгүй тохиолдолд аюулын “шар” түвшний үед зарим байгууллагыг ажиллуулахыг зөвшөөрсөн байна.

Дорога в школу опасна для детей в Киеве, ведь в любой момент может прозвучать тревога

Эмнэлгүүдийг цахилгаан үүсгүүрээр хангаж, төлөвлөгөөт хагалгааг зөвхөн онцгой нөхцөлд, тухайлбал пуужингийн өргөн хүрээтэй довтолгооны үеэр цуцалдаг аж.

Киев улам бүр фронтын ойролцоох хотыг санагдуулах болжээ. Оросын довтолгоонд агуулахууд өртсөний дараа супермаркетуудад зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн хомсдож эхэлсэн байна. Энэ нь өргөн хүрээний дайн эхэлснээс хойш урьд өмнө ажиглагдаагүй хэмжээний тасалдал байжээ.

Эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн довтолгооны улмаас хотын оршин суугчдыг дулаан, цахилгаан, усаар хэр тогтвортой хангаж чадах нь тодорхойгүй байгаа аж. Нөхцөл байдал хүндэрсний улмаас Киев хотын дарга Виталий Кличко оршин суугчдыг түр хугацаанд хотоос гарахыг уриалжээ.

Өглөө ажилдаа явах, замын хажуугийн шатахуун түгээх станцад зогсох гээд өдөр тутмын ямар ч мөч амь насанд аюул учруулж болзошгүй аж. Оросын дрон, эсвэл пуужин дараагийн удаа хаана унахыг хэн ч мэдэхгүй.

Здание в Киеве, сгоревшее от российского удара

Киев хотын цэргийн захиргааны мэдээлснээр, 2026 оны эхний найман сарын хугацаанд нийслэлд 140 хүн амь үрэгдсэний 54 нь долдугаар сард амиа алджээ. Есдүгээр сард Оросын довтолгооны улмаас 32 энгийн иргэн нас барсан байна. Харин өнгөрсөн онд Киев хотод 172 хүн амь үрэгджээ.

Хэрэв энэ байдал үргэлжилвэл 2026 он Оросын өргөн хүрээний довтолгоо эхэлснээс хойших Киевийн хамгийн их хүний амь эрсэдсэн жил болж болзошгүй аж.

Гэсэн ч Оросын довтолгоо Киевийг амьдрах боломжгүй хот болгохыг зорьж байгаа гэх байр суурьтай зэрэгцэн Киевийн олон оршин суугч эх орондоо үлдэх хүсэлтэй хэвээр буй юм байна. Киевийн Олон улсын социологийн хүрээлэнгийн судалгаагаар, хотын оршин суугчдын 70 гаруй хувь нь дайн удаан үргэлжилсэн ч тэсэж гарахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Тиймээс бөмбөгдөлт, хүний амь насны хохиролгүй өнгөрсөн энгийн нэгэн шөнө хүртэл тайвшран санаа алдах шалтгаан болдог аж. “Өнөөдөр ч бидэнд аз таарлаа.”

Эх сурвалж: DW