АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг богино хугацаанд зогсоох хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин буулт хийх сонирхол багатай хэвээр байгаа аж.

Трампын хувьд дайн дуусах нь хүний амь насыг аврахаас гадна Орост тавьсан хоригийг цуцалж, хоёр улсын хооронд ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж гэж үзэж буй юм байна.

Харин Кремль Украины зүүн хэсгийн Донбассын бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа авах, Киевийн ирээдүйн аюулгүй байдлын бодлогод нөлөөлөх зэрэг шаардлагаасаа ухрахгүй байгаа аж. Энэ нь Трампын засаг захиргааны энхийн хэлэлцээр байгуулах оролдлогод саад болж буй гол хүчин зүйл гэж CNN онцолжээ.

АНУ-ын тусгай элч Стив Уиткофф аравдугаар сарын 21-нд Санкт-Петербург хотод Путинтэй уулзаж, энхийн төлөвлөгөө болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр Оросын тал АНУ-д борлуулах дизель түлшний экспорт, бордооны нийлүүлэлт, эрчим хүч болон дата төвийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хөнджээ.

Трампын засаг захиргаа Оросын дизель түлшний экспортод тавьсан хоригийг зөөлрүүлж, эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн довтолгоог түр зогсоох санал гаргасан байна. Гэвч Москва үүнийг энхийн хэлэлцээрт буулт хийх шалтгаан бус, харин АНУ-д баримталж буй стратеги нь үр дүн өгч байгаагийн илрэл гэж үзэж болзошгүй хэмээн нийтлэлд дүгнэжээ.

Мөн уулзалтын өмнө Орост хоригдож байсан АНУ-ын 74 настай иргэн Стивен Хаббардыг сулласан явдлыг Вашингтон хүмүүнлэгийн алхам, Трампын хэлэлцээр хийх чадварын илрэл хэмээн тайлбарласан байна. Гэвч Путин үүнийг АНУ-ын талд бууж өгсөн явдал бус, харин хоёр улсын харилцаанд ашиглах дипломат боломж гэж харж байгаа байж болзошгүй аж.

Эх сурвалж: CNN