АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 22-ны мягмар гарагт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн гишүүн бүх улсыг тус байгууллагаас гарахыг уриалжээ.
Тэрбээр Олон улсын эрүүгийн шүүхийг “хяналтаас гарсан байгууллага”, “муу муухай үйлдэл хийдэг хүмүүсийн бүлэг” хэмээн тодорхойлсон байна.
Цагаан ордны тэргүүний хэлснээр, АНУ-ын цэргийн алба хаагчдыг “АНУ-ын эсрэг чиглэсэн, дүр эсгэсэн шүүх”-ийн өмнө аваачихыг Вашингтон зөвшөөрөхгүй аж.
Трамп “ОУЭШ-ийн гишүүн бүх улсыг хяналтаас гарсан энэ байгууллагын гишүүнчлэлээс нэн даруй, албан ёсоор гарахыг уриалж байна” гэж мэдэгджээ.
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг арга хэмжээгээ эрчимжүүлэв
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио наймдугаар сарын 18-нд Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч Томоко Аканэ болон ерөнхий прокурорын ахлах орлогч Абдулай Сейегийн эсрэг хориг арга хэмжээ авахаа зарласан байна.
Рубиогийн мэдэгдсэнээр, эдгээр албан тушаалтан ОУЭШ-ийн харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй улс орнуудын албан тушаалтнуудыг мөрдөн шалгах, баривчлах, саатуулах болон шүүхэд шилжүүлэх ажиллагаанд шууд оролцсон аж.
ОУЭШ-ийг үүсгэн байгуулсан олон улсын гэрээнд нэгдээгүй АНУ өмнө нь тус шүүхийн хэд хэдэн төлөөлөгчийн эсрэг хориг тавьж байжээ. Эдгээр арга хэмжээ нь тухайн хүмүүсийг АНУ-д нэвтрэх болон Америкийн санхүүгийн системээр дамжуулан гүйлгээ хийх боломжийг хязгаарладаг аж.
Мөн долдугаар сарын 13-нд Вашингтон Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил эхлүүлж байгаагаа зарласан байна. АНУ-ын Төрийн департамент Гааг дахь шүүхийг “АНУ-ын бүрэн эрхт байдалд хүлээн зөвшөөрөх боломжгүй аюул занал учруулж байна” хэмээн буруутгажээ.
Тус департаментын мэдэгдэлд "ОУЭШ АНУ-ын цэргийн алба хаагчид болон тагнуулын ажилтнуудтай холбоотой мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж, хэргүүдийг хаахаас татгалзаж буй нь шүүхийг “хариуцлага хүлээдэггүй дэлхийн хэмжээний арбитр” болгох зорилготой" гэж тэмдэглэсэн байна.
Трамп Украины дайны талаар юу хэлэв?
Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс Украины дайны асуудлыг мөн хөнджээ. Тэрбээр мөргөлдөөн удахгүй дуусна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн аж. Трамп “АНУ энэ асуудлаар Орос болон Украины удирдлагатай нягт хамтран ажиллаж байна” гэж хэлээд, “Энэ мөргөлдөөн олон хүний бодож байгаагаас хурдан шийдэгдэнэ” хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын Украинд эхлүүлсэн өргөн хүрээний дайн 2022 оны хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй. Германы dpa агентлагийн мэдээлснээр, Трамп өмнө нь дайныг ойрын хугацаанд зохицуулна гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн ч одоогийн байдлаар энэ нь бодит үр дүнд хүрээгүй байгаа юм.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Москвагийн эсрэг дарамтаа нэмэгдүүлэх боломжтойгоо илэрхийлжээ. Тэрбээр ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлэх боломж олгож буй АНУ-ын сенатор Линдси Грэмийн нэрээр нэрлэгдсэн хуулийг дурдсан байна. Трамп “Шаардлагатай гэж үзвэл би эдгээр хоригийг хэрэгжүүлнэ” гэж мэдэгджээ.
Трамп Кубыг “бүрэн дампуурсан улс” гэж нэрлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Кубын талаар ярихдаа тус улсыг “бүрэн дампуурсан улс” хэмээн тодорхойлж, нөхцөл байдал нь урьд өмнөхөөсөө илүү дордсон талаар мэдэгджээ. Трампын үгийг дуустал хүлээлгүй Кубын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий ассамблейн танхимаас гарсан байна.
Сүүлийн саруудад АНУ-ын Засгийн газар Кубын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авчээ. Үүний улмаас тус улсын эрчим хүчний хямрал хурцдаж, хүмүүнлэгийн нөхцөл байдал эрс дордсон гэж эх сурвалж мэдээлсэн байна. Трамп “Коммунизм Америкт хэзээ ч ирэхгүй. Харин эрх чөлөө Кубад ирнэ” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: DW