АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд тойрогт Uber Eats хүргэлтийн жолооч руу буудаж, улмаар толгойг нь гар бууны бөгсөөр цохиж гэмтээсэн хэрэгт 33 настай С.Хүслэнг сэжиглэн баривчилжээ.
Тэрбээр цахим орчинд Khuslen Khan нэрээр танигддаг бөгөөд хүн амины хүнд гэмт хэрэг үйлдэхийг завдсан, аюултай зэвсэг ашиглан биед халдсан болон мансууруулах бодистой холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгагдаж байгаа аж.
АНУ-ын NBC 6 болон WSVN 7 News мэдээлснээр, шүүх түүнд барьцаагаар суллагдах зөвшөөрөл олгоогүй байна.
Хэрэг аравдугаар сарын 12-ны үүрээр гарчээ
Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны тайланд дурдсанаар, хэрэг аравдугаар сарын 12-ны шөнийн 03:30 цагийн орчимд Майами-Дэйд тойргийн Dadeland Mall худалдааны төвийн ойролцоох Pearl Dadeland орон сууцны хороололд гарсан байна.
Хэрэг гарахаас өмнө "Uber Eats" хүргэлтийн жолооч тус хороололд хоол хүргэж өгөх үеэрээ орцны үүдэнд нэгэн эмэгтэйтэй хэсэг хугацаанд ярилцжээ. Улмаар түүнтэй дахин уулзаж, утасны дугаарыг нь авах зорилгоор ойролцоогоор 50 минутын дараа буцаж ирсэн байна.
Гэвч жолооч эмэгтэйг олж чадаагүй бөгөөд автомашин руугаа буцаж явах үед саарал өнгийн Corvette автомашинаар ирсэн С.Хүслэн түүнд буу тулган, газар хэвтэхийг шаардсан талаар мөрдөн байцаагчид мэдээлжээ.
Жолоочийн өгзгийг буудаж, толгойг нь буугаар цохисон гэжээ
Мөрдөн шалгах ажиллагааны тайланд дурдсанаар, сэжигтэн жолоочийг газар хэвтсэний дараа буудаж, сум түүний баруун өгзгийг шүргэн шархдуулсан байна. Улмаар газар хэвтэж байсан жолоочийн толгойн ар хэсэгт гар бууныхаа бөгсөөр цохиж, ойролцоогоор таван сантиметр урт ил шарх учруулжээ.
Үүний дараа сэжигтэн жолоочийг босохыг шаардаж, бууг толгой руу нь чиглүүлэн амь насыг нь хөнөөнө хэмээн заналхийлсэн гэж цагдаагийн тайланд тэмдэглэсэн байна.
Тухайн үед эмэгтэй сэжигтнийг болиулахыг оролдож, зогсоохыг хүссэн гэж жолооч мэдүүлжээ. Гэвч сэжигтэн түүнийг автомашины эргэн тойронд хөөж, буугаа чиглүүлсээр байсан бөгөөд жолооч азаар зугтаж чадсан байна.
Хохирогч өөрөө автомашинаа жолоодон South Miami Hospital эмнэлэгт ирж, эмнэлгийн тусламж авчээ. Дараа нь цагдаад мэдүүлэг өгч, гэрэл зургаар таниулах ажиллагааны үеэр сэжигтнийг таньсан байна.
Орон сууцнаас нь хар тамхи, 11 мянга гаруй ам.доллар хураан авчээ
Хэрэг гарсан орой цагдаа нар гэрчүүдийн мэдээлэл болон автомашины дугаартай холбоотой мэдээлэлд үндэслэн С.Хүслэнгийн байгаа газрыг тогтоож, орон сууцнаас нь баривчилсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, түүний орон сууцанд нэгжлэг хийх үеэр кокаин, MDMA буюу экстази, кетамин, марихуан, псилоцибин мөөг болон олон төрлийн эм илэрчээ.
Мөн мөрдөн байцаагчид мансууруулах бодисыг хольж, хэмжээгээр нь савлан, шошголж, худалдаанд бэлтгэхэд ашиглаж байсан байж болзошгүй өрөө илрүүлсэн байна.
Түүнчлэн хар тамхины худалдаатай холбоотой байж болзошгүй гэж үзсэн 11,394 ам.долларын бэлэн мөнгө хураан авчээ.
Шүүх хуралдааны үеэр түүнд кокаин, экстази худалдаалах болон Adderall эмийг худалдах зорилгоор хадгалсан гэх хэргүүдийг танилцуулахад С.Хүслэн эдгээр эмүүдийг эмчийн жорын дагуу авсан гэж мэдэгдсэн байна.
Шүүх барьцаагаар суллах хүсэлтийг зөвшөөрөөгүй байна
АНУ-ын NBC 6 телевизийн аравдугаар сарын 14-ний мэдээллээр, С.Хүслэн хүн амины хүнд гэмт хэрэг үйлдэхийг завдсан, аюултай зэвсэг ашиглан бусдын биед халдсан болон мансууруулах бодисын худалдаа, хадгалалттай холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Тэрбээр шүүхэд өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүгч барьцаагаар суллагдах хүсэлтийг нь зөвшөөрөөгүй байна. Одоогийн байдлаар хэрэг шүүхийн шатанд шалгагдаж байгаа аж.
Өмнө нь спорт зааланд хутгатай этгээдэд заналхийлүүлж байжээ
NBC 6 болон WSVN 7 News-ийн мэдээлэлд дурдсанаар, С.Хүслэн 2022 онд Флорида мужийн Кендалл дахь LA Fitness спорт зааланд болсон өөр нэгэн хэргийн хохирогч болж байжээ. Тухайн үед нэгэн эрэгтэй түүний найз бүсгүйтэй холбоотой маргааны улмаас хутга гарган заналхийлсэн бөгөөд уг этгээдийг дараа нь баривчилжээ.
Эх сурвалж: NBC 6, SOUTH FLORIDA, WSVN 7 NEWS, PEOPLE