Александр Находкин Украины дайнд оролцсоноос хойш Якутын Бүгд Найрамдах Улсаас ОХУ-ын баатар цол хүртсэн 14 дэх хүн болжээ. Тэрбээр 2014 оноос Донбасст алба хааж, Сири, Ливи болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад ажиллаж байсан туршлагатай.

ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр цэргийн алба, гэр бүлийн дэмжлэг, дайны технологийн өөрчлөлт болон ирээдүйн зорилгынхоо талаар ярьжээ.

-Та Украины дайны ажиллагаанд оролцсоноос хойш Якутын 14 дэх ОХУ-ын баатар цолтон болсон. Шагналаа гардан авах үед ямар мэдрэмж төрсөн бэ?

-ОХУ-ын төрийн дээд шагналыг гардан авч буй хүн юу мэдрэх бол? Мэдээж бахархал, мөрөөдлөө биелүүлсэн мэдрэмж төрнө. Нэгэн цагт миний хувьд “Эр зоригийн төлөө” медаль хүртэх нь биелшгүй мэт том мөрөөдөл байлаа. Харин одоо хамгийн дээд шагналдаа хүрлээ. Сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Аз жаргалтай байсан гэж хэлэхэд ч багадах байх. Үгээр илэрхийлэхийн аргагүй догдлол төрсөн.

-Гэр бүл, ойр дотнынхон тань энэ мэдээг хэрхэн хүлээн авсан бэ?

-Тэд нулимс дуслуулан хүлээн авсан. Гэр бүлийнхний хувьд энэ бол асар их нэр төрийн хэрэг. Би олон жил хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн, тэд үүнийг сайн мэднэ. Эцэг эх, эхнэр маань ОХУ-ын баатрын “Алтан од” надад хөлс, цусаар ирсэн гэж хэлдэг. Якутын тэргүүн Айсен Николаев надад ийм шагнал хүртэх болсныг дуулгасан. Түүний дэмжлэгт талархаж явдаг.

-Та багаасаа цэргийн мэргэжилтэй болохыг хүсдэг байсан уу?

-Би ЗХУ-ын үед төрсөн. Эцэг эх маань завгүй ажилладаг байсан учраас ихэвчлэн эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн. Гаражуудын хооронд гүйж, хөлбөмбөг тоглодог жирийн л хүүхэд байлаа. Манай гэр бүлд эх орноо хайрлах үзлийг үргэлж төлөвшүүлдэг байсан.

Өвөө Николай Николаевич Чусовской маань ЗХУ-ын баатар хүн. Тиймээс би өвөг дээдсийнхээ гавьяа, эр зоригийн тухай түүхүүдийг сонсож өссөн. Энэ бүхэн миний зан чанар төлөвших, эх орондоо хэрэгтэй хүн болох хүсэлд нөлөөлсөн. Гэхдээ өөрөө нэг өдөр баатар болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Баатруудыг харахад тэр цол надад хүршгүй зүйл мэт санагддаг байлаа.

-Та 2014 онд яагаад Донбассын төлөө тулалдахаар явах шийдвэр гаргасан юм бэ?

-Би тэнд юу болж байгааг, хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настнууд хэрхэн зовж байгааг удаан хугацаанд ажигласан. Ах дүүгийн улс гэж нэрлэдэг газар ийм зүйл яагаад болж байна вэ, хүмүүс яагаад бие биеэ устгаж байна вэ гээд гайхаж байлаа.

Үүнийг хараад сэтгэл өвдөж, зүгээр хөндлөнгөөс ажиглаад сууж чадаагүй. Донбасс руу явахаасаа өмнө цэргийн албанд бэлтгэж, ирээдүйн амьдралаа энэ чиглэлтэй холбохоор зорьсон.

2014 оны сүүлээр би Луганскийн нутаг дэвсгэр дэх мото буудлагын гуравдугаар батальоны тагнуулын салаанд очсон. Тухайн үед манай командлагч Стефан гэдэг словак хүн байлаа. Тэр Францын легионд алба хааж байсан арвин туршлагатай, сайн командлагч байсан. Харамсалтай нь, тэр өөд болсон.

Манай тагнуулын салаа туршлагатай бүрэлдэхүүнтэй байсан. Би өмнө нь байлдаанд орж үзээгүй ч сэтгэл санаа, бие махбодын хувьд бэлтгэлтэй байлаа. Первомайск, Попасная орчимд олон удаа тагнуулын ажиллагаанд оролцсон.

-Та Сири, Африкт алба хааж байсан. Тэнд хуримтлуулсан туршлага танд хэрэг болсон уу?

-Сирид аймшигтай дайн болсон. Хүмүүс маш ядуу амьдарч, террорист байгууллагууд олон хүнийг хохироосон. Орос улс холбоотон улсын хувиар тэнд терроризмын эсрэг тэмцэхэд нь тусалж байсан. Би тэндээс их туршлага хуримтлуулсан.

Ливид чухал мэдлэг олж авсан. Тухайн дайны үед нисгэгчгүй төхөөрөмжүүд өргөн хэрэглэгдэж, тэдгээрийн эсрэг арга хэмжээ авах шаардлага үүссэн. Энэ нь цэргийн технологийн шинэ эрин үе эхэлж байгааг харуулсан.

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад Орос улс тус улсын аюулгүй байдлыг хангахад тусалж байсан. Тэнд олон зэвсэгт бүлэглэл үйл ажиллагаа явуулж, энгийн иргэдийг айлган сүрдүүлдэг байлаа.

-Гадаад улс орнуудад хуримтлуулсан туршлага тань Украины дайнд хэрхэн хэрэг болсон бэ?

-Хот суурин газар, хөдөө орон нутаг, уул, цөл, ширэнгэн ой гээд янз бүрийн газар байлдааны ажиллагаанд оролцсон туршлага надад нөхцөл байдал бүрд хэрхэн ажиллахыг ойлгоход тусалсан.

Би эхлээд жирийн цэрэг байсан. Тиймээс байлдааны талбарт байгаа цэрэгт хүнд мөчид юу хэрэгтэйг ойлгодог байлаа. Тэр үед хуримтлуулсан мэдлэг, туршлага маань хожим тусгай ажиллагааны бүсэд командлагчийн үүрэг гүйцэтгэхэд хэрэг болсон.

-Та 2022 оноос Украины дайны ажиллагаанд оролцож эхэлсэн үү?

-Тийм. Би бараг Африкаас шууд ирээд ажиллагаанд оролцсон. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад байхдаа аав маань нас барсныг мэдсэн. Тэр хүнд өвчтэй байсан юм. Командлал надад гэртээ очиж, аавтайгаа салах ёс гүйцэтгэх боломж олгосон. Би гэртээ очоод, 40 хоногийн хугацаанд аавтайгаа салах ёс гүйцэтгэж чадсан. Дараа нь шууд ажиллагааны бүс рүү буцсан.

Наймдугаар сарын 17-нд Бахмутын орчимд жирийн явган цэргийн довтолгооны бүлгийн цэргийн хувиар орсон. Тухайн үед бид хотын захын ой модтой зурвасуудын орчимд ажиллагаа явуулж байв.

Нэг ажиллагааны үеэр ротын командлагч толгойд нь хэлтэрхий тусч, амь үрэгдсэн. Миний өмнөх туршлагыг харгалзан үзээд, ротын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр болсон. Хэд хоногийн дараа манай ротыг Бахмутын зүүн жигүүр рүү шилжүүлж, би цэргүүдийг удирдан ажиллагаа явуулсан.

-2014 онд Донбасст очиж байсан үеэс өнөөг хүртэл дайны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-2014 оны нөхцөл байдал, өнөөдрийн байлдааны ажиллагааны хооронд асар их ялгаа бий. Дайны арга барил үндсээрээ өөрчлөгдсөн. Өмнөх үеийн уламжлалт дайны хэлбэр одоо өөрчлөгдөж, нисгэгчгүй төхөөрөмжийн үүрэг эрс нэмэгдсэн.

Өнөөдөр нисгэгчгүй төхөөрөмжүүд, робот системүүд, тэсрэх бодис тээвэрлэх зориулалттай автомат төхөөрөмжүүд ашиглагдаж байна. Цэргийн ажиллагаа технологийн хувьд огт өөр шатанд хүрчээ.

Миний бодлоор Орос улс энэ хугацаанд асар их туршлага хуримтлуулсан. Өнөөдөр Оросын арми дэлхийн хамгийн хүчирхэг арми болсон гэж би үздэг.

-Аугаа эх орны дайнд оролцсон өвөг дээдсийн үе болон өнөөгийн цэргийн үеийнхний хооронд ямар холбоо байна гэж та боддог вэ?

-Өвөг дээдсийн маань гавьяа бидэнд үлгэр дуурайл болдог. Бид тэдний хийсэн зүйлийг мартахыг хүсдэггүй, тэдний итгэлийг алдах ёсгүй гэж боддог. Бид өвөө, эмээ, аав ээжийнхээ нэр төрийг хамгаалж, ирээдүй хойч үедээ үлгэр жишээ болохыг хүсдэг. Өнөөдрийн залуус ч эх орноо хайрладаг, хүчтэй сэтгэлтэй гэдэгт би итгэдэг.

Би олон удаа залуустай уулзаж, эх оронч хүмүүжлийн хичээл зааж байсан. Тэдэнд үргэлж сайхан сэтгэл, хүнлэг байдал чухал, сайн үйл эцэстээ мууг давдаг гэж хэлдэг.

-Эх орноосоо хол байх үед гэр бүлтэйгээ хэр холбоотой байдаг вэ?

-Хайр, итгэл найдвар хоёр л тусалдаг. Миний ар тал бат бөх. Эхнэр маань намайг үргэлж хүлээж, дэмжиж ирсэн. Энэ нь хамгийн дээд шагнал хүртэх замд ч асар их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Би үргэлж эхнэрээ боддог, тэр ч бас намайг боддог. Бидний сэтгэлийн холбоо надад хүч өгч, буцаж ирээд цааш явах итгэл төрүүлдэг. Би эхнэрээ маш их үнэлж, хүндэлдэг. Тэр миний амьдралд асар чухал байр суурьтай.

-ОХУ-ын баатар цолтой байна гэдэг таны хувьд юу гэсэн үг вэ?

-Энэ бол зүгээр нэг шагнал биш. Насан туршдаа үүрэх том хариуцлага юм. Би энэ цолны нэр төрийг хамгаалж, цаашид иргэний салбарт ч эх орондоо хэрэгтэй зүйл хийх ёстой. Миний өмнө төрөлх Якутынхаа төлөө хийх тодорхой ажлууд, зорилтууд бий. Би эх орондоо ашиг тустай хүн байхыг хүсдэг. Энэ өндөр шагналын нэр хүндийг унагахгүй байхын төлөө ажиллана.

-Цаашдын төлөвлөгөө тань юу вэ? Цэргийн албаа үргэлжлүүлэх үү, эсвэл өөр салбарт ажиллах уу?

-Дайны ажиллагааны бүсээс буцаж ирснийхээ дараа “Нэгдсэн Орос” намын Төрийн Думын сонгуульд нэр дэвшигч сонгох урьдчилсан санал хураалтад оролцохоор шийдсэн. Би гуравдугаар байр эзэлсэн тул сонгуульд нэр дэвших эрх аваагүй. Гэхдээ сонгуулийн үйл явцын талаар тодорхой туршлага хуримтлуулсан.

Би Якут улсад өөрийн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилготой оролцсон. Энэ бол бүс нутгийн хувьд чухал асуудал. Түлшний хангамжийг найдвартай болгож, дотоодын үйлдвэрлэлтэй болох боломжийг бүрдүүлэхийг хүсдэг. Энэ төслийнхөө төлөө одоо ч ажиллаж байна.

Цаашид улс төрийн салбарт өөрийгөө сорих бодолтой. Одоогийн байдлаар ОХУ-ын Төрийн албаны болон ардын аж ахуйн академийн хууль зүйн факультетын нэгдүгээр курст суралцаж байна. Мөн Якутын Холбооны их сургуулийн Уул уурхайн институтэд давхар суралцдаг. Надад олон төлөвлөгөө, төсөл бий. Би урагшлах болно.

Эх сурвалж: TASS