АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Оросын эсрэг “тамын хориг” гэж нэрлэсэн хатуу хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээ хойшлуулсан нь Оросыг Украины дайныг зогсоох хэлэлцээрийн ширээнд үлдээх, мөн Иранд тусламж үзүүлэхээс нь сэргийлэх зорилготой" гэж мэдэгджээ. Тэрбээр энэ тухайгаа аравдугаар сарын 18-ны ням гарагт Truth Social нийгмийн сүлжээнд нийтэлсэн байна.
Трамп: Хоригийг шаардлагатай гэж үзсэн үедээ хэрэгжүүлнэ
Дональд Трамп “Оросын талаарх миний шийдвэр маш энгийн. Би одоо Орос, Украины хоорондох дайныг зогсоох энхийн хэлэлцээ хийж байна. Тиймээс бодлогогүй үйлдлээр Оросыг хэлэлцээрийн ширээнээс холдуулах алхам хийхийг хүсэхгүй байна” гэж бичжээ.
Түүний хэлснээр, Москва хоттой хийж буй хэлэлцээрт одоогийн байдлаар мэдэгдэхүйц ахиц гарч буй бөгөөд ялангуяа хоригдлуудыг суллах асуудлаар тодорхой үр дүнд хүрсэн байна.
Трамп талийгаач сенатор Линдси Грэмийн санаачилсан хуулийн төслийн талаар “Энэ баримт бичигт яг одоо гарын үсэг зурах нь миний хүсээгүй үр дүнд хүргэх байсан. Би шаардлагатай гэж үзсэн үедээ хэзээ ч гарын үсэг зурж болно!” гэж үргэлжлүүлэн мэдэгджээ.
Тэрбээр цааш нь “Магадгүй үүнээс ч илүү чухал зүйл бол Орос улс Иранд бараг ямар ч тусламж үзүүлэхгүй байгаа явдал юм. Ямар тусламж үзүүлж болох байсантай нь харьцуулахад шүү дээ. Би энэ байдал цаашид ч хэвээр үргэлжлээсэй гэж хүсэж байна. Тэнэг хүмүүс саад болохгүй бол яг тийм байх болно” гэж бичсэн байна.
Трамп Зеленскийг шүүмжилжээ: “Тэр энх тайвныг хүсэхгүй байна”
Цагаан ордны тэргүүн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Оросын дизель түлш үйлдвэрлэдэг газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгч байгаагийнх нь төлөө дахин шүүмжилжээ.
Трампын үзэж байгаагаар, ийм цохилт нь АНУ-ын зах зээлийг оролцуулаад дэлхийн дизель түлшний зах зээлд ноцтой хохирол учруулж байгааг Зеленский “маш сайн ойлгож байгаа” аж.
Тэрбээр “Үүний улмаас фермерүүд, мал аж ахуй эрхлэгчид болон олон салбарын бизнес эрхлэгчид ихээхэн хохирол амсаж байна. Гэсэн ч Орос улс бүхнийг үл харгалзан дэлхийн зах зээлд хямд үнээр сая сая баррель дизель түлш нийлүүлсээр байна. Харин Зеленский үүнд огтхон ч санаа тавихгүй байна” гэж мэдэгджээ.
Трамп Орос, Украины дайныг эцэслэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд, Зеленский “энэ дайныг дуусгахыг огт хүсэхгүй байгаа бөгөөд урьд нь ч хүсэж байгаагүй байж магадгүй” гэж буруутгасан байна.
Бүгд найрамдах намын улс төрч мөн “Хоёр жилийн өмнө тэр одоогийнхоос хамаагүй илүү ашигтай хэлэлцээр байгуулж болох байсан. Түүний улс орон сүйрч, газар нутгийнхаа нэлээд хэсгийг алдсан. Далай тэнгист гарах боломжгүй болсон бөгөөд эрэгтэй хүн амынх нь тоо буурч, олон хүн шархдаж, эсвэл амь үрэгдсэн” гэж мэдэгджээ.
Грэмийн “тамын хориг”-оос Трамп түр татгалзжээ
Сенатор Линдси Грэмийн санаачилсан хуулийн төсөлд дараах арга хэмжээг тусгасан байна. Үүнд:
-Оросоос импортлох бараа бүтээгдэхүүнд 500 хувийн нэмэлт татвар ногдуулах.
-Оросын газрын тос, байгалийн хийн хамгийн том таван худалдан авагч орны бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах.
-Оросын эсрэг авсан хоригийг тойрон гарахад Москвагийн талд хамгийн идэвхтэй тусалж буй улс орнуудад мөн нэмэлт дарамт үзүүлэх.
Хуулийн төсөлд Трампыг аравдугаар сарын 18-наас өмнө хязгаарлах арга хэмжээ авахыг үүрэг болгосон боловч энэ нь АНУ-ын үндэсний эрх ашигт нийцэж байгаа тохиолдолд үйл явцыг түр зогсоох боломжийг түүнд олгожээ.
Трамп энэ боломжийг ашиглан аравдугаар сарын 17-нд хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл явцыг түр хойшлуулсан байна.
Эх сурвалж: DW