Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлснийхээ дараа “РБК” телевизийн Ерөнхий редактор, сэтгүүлч Кирилл Викторович Токаревийн асуултад хариулав.
Сэтгүүлч Монгол Улс цаашид түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаандаа ямар бодлого баримтлах, тэр дундаа ОХУ-тай энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар тодруулсан байна.
Монголын шатахууны 97 хувь ОХУ-аас хамааралтай
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс олон жилийн турш Засгийн газар хоорондын гэрээ, тусгай хөнгөлөлттэй нөхцөлөөр ОХУ-аас бензин, шатахуун импортолж ирснийг онцолжээ.
Ерөнхий сайд "Монгол Улс жилд ойролцоогоор 3 сая тонн бензин, шатахуун хэрэглэдэг бөгөөд үүний 97 орчим хувийг ОХУ-аас импортолдог. Тиймээс ОХУ-ын нефтийн үйлдвэрүүдэд чиглэсэн халдлагууд Монгол Улсын түлшний хангамжид шууд нөлөөлж байна" гэж тэмдэглэжээ.
Тэрбээр “ОХУ-д үүсээд буй нефтийн үйлдвэрүүдийг чиглэсэн дайралтууд манай улсад хүндээр тусаж байна” хэмээгээд, ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа хэдий ч Монгол Улсад бензин, шатахууныг тогтвортой нөхцөлөөр нийлүүлж, энэ хүнд үед дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр 2029 оноос өмнө ашиглалтад орно
Н.Учрал "Монгол Улс шатахууны импортоос хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй бөгөөд төслийг 2029 оноос өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэж хэлэв.
Гэхдээ үйлдвэр ашиглалтад орсон ч Монгол Улсын нийт шатахууны хэрэгцээг бүрэн хангахгүй аж.
Ерөнхий сайдын хэлснээр, үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт хэрэгцээний ойролцоогоор 30 хувийг хангах боломжтой юм байна.
Шатахууны хэрэгцээ 2028 онд 4 сая тонноос давна
Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр түлшний хэрэглээ ч эрчимтэй өсөх төлөвтэй байгаа юм. Одоогийн байдлаар жилд 3 сая тонн орчим бензин, шатахуун хэрэглэж байгаа бол 2028 он гэхэд энэ хэмжээ 4 сая тонноос давна гэж Ерөнхий сайд тооцоолжээ. Үүнд:
- нүүрсний экспортын өсөлт;
- уул уурхайн боловсруулах үйлдвэрүүд;
- ган боловсруулах үйлдвэр;
- зэс хайлуулах цогцолбор;
- хөнгөн цагааны үйлдвэр;
- хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд
зэрэг томоохон төслүүдийн үйл ажиллагаа нөлөөлөх аж.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохоос гадна дотооддоо боловсруулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх тусам эрчим хүч болон шатахууны эрэлт улам өснө гэсэн үг юм.
Монгол Улс ОХУ-тай түлш, эрчим хүчний хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Н.Учрал Монгол Улс ОХУ-тай олон жилийн турш тогтвортой хэрэгжүүлж ирсэн түлш, эрчим хүчний гэрээ хэлэлцээрүүдээ үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Иймд ОХУ-тай түлш, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой өргөжүүлнэ” гэж онцолсон байна.
Монголын сэргээгдэх эрчим хүчний боломж
Ерөнхий сайд мөн Монгол Улс өргөн уудам газар нутагтай, жилд дунджаар 280 орчим өдөр нар, салхины нөөцтэй орны хувьд сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их боломжтойг дурджээ.
Тэрбээр "Сүүлийн үед Монгол Улсад хиймэл оюун ухаан, дата төв, ногоон санхүүжилттэй холбоотой хөрөнгө оруулалтын сонирхол нэмэгдэж байгаа нь эрчим хүчний хэрэгцээг цаашид улам өсгөх хүчин зүйл болно" гэж үзэж буй аж.
Ялангуяа дата төвүүд болон хиймэл оюун ухааны дэд бүтэц нь их хэмжээний цахилгаан эрчим хүч шаарддаг учраас Монгол Улсын хувьд эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, найдвартай хангамж бүрдүүлэх асуудал стратегийн ач холбогдолтой болж буй юм.