УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-ноос 14-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар тогтов. Ээлжит бус чуулганаар зөвхөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх нь.

Засгийн газар уг тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцүүлэх шаардлагатай байгаа нь нэг талаас Засгийн газраас төсвийн зардлыг бууруулж, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах зорилготой холбоотой бол нөгөө талаас сөрөг хүчнийхэн ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардаж байсантай холбоотой аж.

Засгийн газраас боловсруулсан төсвийн тодотголын гол зорилго нь төрийн байгууллагуудын үр ашиггүй, хэмнэх боломжтой зардлыг танаж, шаардлагатай салбаруудын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Тухайлбал, нийтдээ ойролцоогоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэхээр тооцсон байна. Үүнд:

Сайд нарын багцын урсгал зардлыг 433.4 тэрбум төгрөгөөр, нийслэлийн үнэт цаастай холбоотой зардлыг 758 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 249.5 тэрбум төгрөгөөр бууруулах зэрэг зохицуулалт багтжээ. Мөн томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга хэрэгсэл, автомашин, зөвлөх үйлчилгээ, шагнал урамшуулал, хурал зөвлөгөөн зэрэг зайлшгүй бус зардлыг танах бодлого баримталж байгаа аж.

Төрийн зардлаас хэмнэсэн хөрөнгийг нийгмийн салбарын тодорхой хэрэгцээнд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, боловсролын салбарын цалингийн зардлын дутагдлыг нөхөхөд 674.5 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн бол эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг арваннэгдүгээр сараас 20 хувиар нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.

Мөн соёл, спорт болон бусад төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг 50 хувиар, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг 35 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Ахмад настнуудын хувьд мөн тодорхой өөрчлөлт хийхээр тусгасан. Тодруулбал, арваннэгдүгээр сараас суурь тэтгэвэр олгож эхлэхээр төлөвлөж, 435 мянга орчим ахмад настанд сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцжээ.

Энэ нь ахмад настнуудын тэтгэврийн тогтолцоонд тодорхой өөрчлөлт авчрах бөгөөд олон жил ажиллаж, өндөр хэмжээний шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийг илүү ялгаатай тооцох зарчимтай уялдах юм.

Үүнээс гадна эрчим хүчний үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалах зорилгоор 107.3 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн байна.

Хүнс, шатахууны нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангахын тулд улаанбуудай, хүнсний ногоо болон шатахууны нөөцийг бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Мөн нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилготой “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн байна.

Гэхдээ төсвийн тодотголын хамгийн анхаарал татах хэсэг нь Засгийн газар нэг талаас 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэхээр төлөвлөж байгаа боловч нөгөө талаас орон нутгийн өмнөх жилүүдийн ашиглаагүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулах эрх нээж байгаа явдал юм.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудын зарим урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг танаж байгаа боловч өмнөх жилүүдэд орон нутагт хуримтлагдсан ашиглаагүй хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тодорхой хэмжээний нэмэлт зарцуулалт хийхээр төлөвлөжээ. Үүний улмаас төсвийн нийт зардал болон алдагдлын хэмжээ нэмэгдэх нөхцөл үүсэж байгаа юм.

Энэ нь инфляц өндөр байгаа өнөөгийн нөхцөлд анхаарах ёстой асуудал юм. Цалин, тэтгэвэр нэмэгдэх нь иргэдийн орлогыг өсгөж, худалдан авах чадварыг сайжруулах эерэг талтай боловч нөгөө талаас эдийн засаг дахь мөнгөний эргэлт нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний эрэлт өсөж, улмаар үнийн өсөлтөд тодорхой дарамт үзүүлэх эрсдэлтэй.

Тиймээс төсвийн тодотголын үр дүнг зөвхөн төрийн зардлыг хэдий хэмжээгээр танаснаар бус, цаашид инфляц, төгрөгийн ханш, өрхийн бодит орлого болон эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөхөөр нь дүгнэх шаардлагатай.

Ийнхүү энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эхний хоёр хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж буй бөгөөд үлдсэн хэлэлцүүлгийг есдүгээр сарын 15-нд эхлэх намрын ээлжит чуулганаар үргэлжлүүлэхээр байгаа аж.

Төсвийн тодотгол батлагдсанаар төрийн байгууллагуудын зарим зардал танагдах, харин боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын ажилтнуудын цалин нэмэгдэх, ахмад настнуудад суурь тэтгэвэр олгож эхлэх зэрэг өөрчлөлт иргэдийн амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлөх төлөвтэй буй юм байна.

УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр эдгээр арга хэмжээ төсвийн алдагдал, инфляц болон улсын санхүүгийн тогтвортой байдалд ямар үр дагавар авчрах вэ гэдэг нь анхаарлын төвд байх юм.