Шинэ Хархорум хотын захирагч Л.Халтартай бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хэрэгжиж буй Их хаадын цэцэрлэгт хүрээлэн, шинэ хотын хөгжлийн төлөвлөгөөний талаар ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Хархорин хотын бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, Их хаадын цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргасан. Энэ төслийн гол үзэл санаа юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Хархорин хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхдээ энэ газар бол зүгээр нэг мод тарих талбай биш, Монголын түүх, өв соёлыг дэлхийд таниулах онцгой орон зай байх ёстой гэж үзсэн. Энэ хүрээнд үе үеийн Их хааддаа зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулж, “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн” гэсэн нэр өгсөн. Мод тарина гэдэг нэг талдаа байгаль орчны ач холбогдолтой. Нөгөө талдаа Монголын төрт ёсны түүхийг мөнхлөх, ирээдүй хойч үедээ ойлгуулах асар чухал ажил юм.

-“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын түүхийн ямар үе, ямар хаадыг онцлон харуулах вэ?

-Энэ бол зөвхөн нэг үеийн түүхээр хязгаарлагдахгүй өргөн ойлголт. Би түүхч биш ч гэсэн өөрийн бодлоор Монголын төр ёсны эхлэл болсон Хүннү гүрнийг байгуулсан Модун Шаньюй хааныг зайлшгүй энд дурсах ёстой гэж боддог. Мэдээж Их эзэн Чингис хаан, түүний алтан ургийн хаад энэ цогцолборт багтана.

Гэхдээ Монголын түүхийг зөвхөн Чингис хаанаас эхэлсэн мэт ойлгож болохгүй. Манай төрт ёс хэдэн мянган жилийн түүхтэй. Түүхийн явцад хаан ширээ залгамжлах хүртэл төр эзэнгүй байж болохгүй байсан. Тэр үед хатад, төрийн ихэс дээдэс төрийг авч явж байсан түүх ч бий. Тиймээс Их хаадын түүхийг бүтнээр нь харуулах ёстой.

-Бид Чингис хаан, Их Монгол Улсын түүхээрээ дэлхийд бахархдаг ч гадаадын жуулчдад үзүүлэх бодит орон зай, бүтээн байгуулалт хангалтгүй гэсэн шүүмжлэл гардаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Бид Чингис хаан, Их Монгол Улс гэж дэлхийд ярьдаг. Гэхдээ гаднын хүнд очоод үзүүлэх бодит бүтээн байгуулалт, түүхэн орон зай хангалттай биш байна. Жишээ нь, Чингис хааны музей байгуулагдсан нь маш зөв алхам болсон. Хэрэв тэр музей байгуулагдаагүй байсан бол өнөөдөр бид дэлхийн хүмүүст Монголын түүхийг юугаар харуулах байсан бэ гэдэг асуудал гарна. Хархорин бол үүнээс ч том утга агуулгатай газар.

-Их хаадын цэцэрлэгт хүрээлэн хэдий хэмжээний газар байгуулагдах вэ?

-Эхний байдлаар 30 га газарт эхэлсэн. Ерөнхийлөгч ирээд энэ хэмжээ бага байна гэж үзээд нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Бид газар дээр нь судалж үзээд нийт 83 га орчим талбайг үе үеийн Их хаадын цогцолбор болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Энд зөвхөн мод тарихгүй. Довцог руу өгсөх зам дагуу үе үеийн хаадын түүх, Монголын төр улс ямар замнал туулсан, ямар ололт амжилт гаргасан тухай мэдээлэл байрлана. Харин өндөрлөг хэсэгт Их эзэн Чингис хааны хөшөө, түүнийг тойрсон Их хаад, хатдын түүхийг харуулах цогцолбор байгуулна.

-Хархорум хотын түүхийг аялал жуулчлалын гол төв болгох боломжтой юу?

-Маш өндөр боломжтой. Хархорум бол зүгээр нэг хуучин хотын туурь биш. Тухайн үедээ дэлхийн улс төр, эдийн засаг, соёл, шашны том төв байсан хот. Өнөөдөр бид гаднын хүмүүст “Энд нэгэн цагт Их эзэн Чингис хааны зарлигаар байгуулсан Хархорум хот байсан” гэж ярьдаг.

Гэхдээ зөвхөн ярихаас илүүтэй үзүүлэх ёстой. Тиймээс Эрдэнэзуу хийдийн ард байгаа хуучин Хархорум хотын туурийг тодорхой хэмжээнд ил гаргаж, музейн хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай. Хүмүүс очоод яг тэр үеийн хот ямар байсан, ямар инженерийн шийдэлтэй байсныг харах боломжтой байх ёстой.

Хархорумд тухайн үед дулааны систем хүртэл байсан нь судалгаагаар тогтоогдсон. Энэ бол тухайн үеийн Монголын хөгжил ямар өндөр түвшинд байсныг харуулах баримт.

-Түүхийн дурсгалыг хэрхэн аялал жуулчлалын шинэ боломж болгон хөгжүүлэх вэ?

-Дэлхийд ийм туршлага олон бий. Хуучин хотуудын туурийг ил музей болгож, хүмүүс өөрсдөө оролцдог хэлбэрээр хөгжүүлдэг. Жишээ нь, хүн ирээд жижиг хэмжээний малтлага хийж, олсон зүйл нь тухайн хүний нэр, огноотойгоо музейд хадгалагддаг байх боломжтой. Ингэвэл хүмүүс зөвхөн үзэгч биш, түүх бүтээлцэгч болно. Энэ нь жуулчдыг татах маш том боломж.

-Шинэ Хархорин хот ямар чиглэлтэй хөгжих ёстой вэ?

-Миний бодлоор Хархорин бол эко хот байх ёстой. Дэлхий өнөөдөр өндөр барилга, түгжрэлтэй хотоос залхаж байна. Хүмүүс амар амгалан, байгальтай ойр амьдрах орчныг хүсэж байна. Тиймээс Хархорин хот Улаанбаатарын хуулбар байж болохгүй.

Нийтийн тээвэр голлох, явган болон дугуйн хөдөлгөөн хөгжсөн, ногоон байгууламж ихтэй хот байх ёстой. Барилгажих нийт талбайн 50 хувьд ногоон байгууламж байхаар төлөвлөж байна.

-Хархорин хотын бүтээн байгуулалтын ажил яг ямар шатанд явж байна вэ?

-Хот байгуулахын тулд хамгийн түрүүнд ерөнхий төлөвлөгөө хэрэгтэй. Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгажих төлөвлөгөө гэсэн гурван үндсэн ажлыг хийх ёстой. Үүний зэрэгцээ хэд хэдэн томоохон төслийг зэрэг эхлүүлнэ.

Үүнд: Улаанбаатар-Хархорин чиглэлийн авто замыг өргөтгөх, Лүнгээс Хархорин хүртэлх замыг сайжруулах, шинэ нисэх онгоцны буудлын асуудлыг шийдэх, Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын төслийг урагшлуулах, цэвэрлэх байгууламж байгуулах, хог боловсруулах үйлдвэр байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгох зэрэг ажил багтаж буй юм.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол хэр байна вэ?

-Сонирхож байгаа хүмүүс бий. Гэхдээ хөрөнгө оруулагчид хоёр зүйлийг хардаг. Нэгдүгээрт, Монгол Улс өөрөө энэ төслөө үнэхээр хэрэгжүүлэх үү? Хоёрдугаарт, улс төр тогтвортой байна уу? Засаг солигдох бүрд бодлого өөрчлөгддөг байдал хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлдэг. Тиймээс Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой байх ёстой.

-Улс төрийн тогтворгүй байдлаас том төслүүд тасалдах эрсдэл өндөр л дөө?

-Миний хамгийн их болгоомжилдог зүйл энэ. Монгол Улс 5, 5 жилээр, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй болох ёстой. Бүх улс төрийн намууд сууж байгаад нэг бодлого гаргаж, дараагийн Засгийн газар түүнийг үргэлжлүүлдэг тогтолцоо хэрэгтэй. Сонгууль бүрээр бүхнийг шинээр эхлүүлдэг байж болохгүй.

-Хархорин хотын бүтээн байгуулалтад та итгэлтэй байна уу?

-Их итгэлтэй байгаа. Монголын түүхэнд сэргэн мандалтын үе олон байсан. Хүннү гүрэн дэлхийд хүчирхэг байсан. XIII зуунд Их Монгол Улс дэлхийд нөлөөлсөн. Одоо Монгол Улс дахин нэг сэргэх цаг нь ирж байгаа ч юм бил үү. Энэ бол зөвхөн нэг хот байгуулах тухай асуудал биш. Монголын түүх, ирээдүй, дэлхийд эзлэх байр сууриа дахин тодорхойлох боломж гэж бодож байна.

-Баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Э.ЦЭЦЭН