Орос улс Украинтай хийх энхийн хэлэлцээ гацаанд орсон гэж үзэж, хөрш орондоо хийх цэргийн цохилтоо эрчимжүүлэхээр бэлтгэж байгаа талаар Bloomberg мэдээлжээ.
Тус агентлагийн наймдугаар сарын 26-ны мэдээлэлд Кремльтэй ойр дөрвөн эх сурвалжийн мэдээлснээр, Москва дипломат хүчин чармайлтаас үр дүн гарахгүй байгаа нөхцөлд дайныг цаашид "хурцатгах"-ыг зорьж байгаа аж.
Оросын тал Киев рүү, тэр дундаа хотын төвийн бүсүүдэд цөмийн цэнэггүй баллистик пуужин ашиглан илүү хүчтэй цохилт өгөх боломжийн талаар судалж байгаа аж. Үүнээс гадна Украины хотууд дахь дэд бүтцийн объектуудыг боломжит бай болгон авч үзэж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тэдний үзэж буйгаар, ОХУ-ын эдийн засагт үзүүлж буй хориг арга хэмжээний дарамт, мөн Украины талаас Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд болон логистикийн төвүүдэд хийж буй цохилтууд нь Ерөнхийлөгч Владимир Путиныг дайныг зогсоох шийдвэр гаргахад хүргэхгүй байгаа аж.
Bloomberg-ийн эх сурвалжуудын хэлснээр, Москва Украины цохилтуудыг НАТО-гийн орнуудаас хийж буй халдлага гэж үзэх болсон байна. Учир нь, НАТО-гийн гишүүн орнууд Украинд зэвсэг, тагнуулын мэдээллээр дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Bloomberg “Одоогийн хэлбэрээр үргэлжилж буй байлдааны ажиллагаа нь хурцадмал байдлын дээд цэг хараахан биш” хэмээн эх сурвалжуудаас эш татжээ.
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф наймдугаар сарын 25-нд Москвад очсон байна. Түүний Оросын талтай хийсэн уулзалтын гол сэдвүүд одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар найман сарын завсарлагын дараа Москвад дахин очихоос гадна Киевт анх удаа айлчилж магадгүй гэх хүлээлт байсан ч эдгээр айлчлалын тов одоогийн байдлаар тодорхой болоогүй байгаа юм байна.
Bloomberg-ийн мэдээлснээр, дипломат хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй байгаа энэ үед Москва дайны зорилгодоо хүрэхийн тулд цаашид "хурцатгах"-аас өөр хувилбар бага байна гэж үзэж буй аж.
Орос улс Уиткофф, Кушнер нарыг энхийн хэлэлцээрийн нөхцөлийн талаар шинэ санал авчирна гэж найдаж буй ч бодит ахиц гарна гэсэн хүлээлт маш бага байгааг эх сурвалжууд хэлжээ.
Тэдний мэдээлснээр, Москва өөрийн зүгээс хэд хэдэн буулт хийсэн гэж үзэж байгаа бөгөөд цаашид хийх аливаа буулт нь Оросын байр суурийг сулруулна гэж болгоомжилж байгаа аж. Оросын талын хувьд бүтэлгүйтсэн буултуудын нэг нь Владимир Путин, Дональд Трамп нарын Анкориж хотод хийсэн уулзалтын үр дүн гэж үзэж буй юм байна.
Орос тактикийн цөмийн зэвсэг ашиглах эрсдэл бий юу?
Үүний зэрэгцээ Оросын зарим албан тушаалтан Орос, Украины талууд бие биенийхээ логистикийн объект, Хар тэнгисийн боомт, усан онгоцуудад хийж буй цохилтууд цаашид даамжирвал Владимир Путин тактикийн цөмийн зэвсгийг эцсийн арга хэрэгсэл болгон ашиглах шийдвэр гаргаж болзошгүй гэж үзэж байна.
Bloomberg-ийн мэдээлснээр, Москва дахь хатуу байр суурьтай буюу “шонхорууд” сүүлийн үед ийм алхам хийхийг улам бүр дэмжих болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргаа ОХУ-д хэрэв Украин дахь дайнд цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ цөмийн бус зэвсгээр хүчтэй хариу цохилт өгөхөө ойлгуулж байжээ.
Харин Ерөнхийлөгч Дональд Трамп Орост ийм анхааруулга өгөх эсэх нь эргэлзээтэй гэж гурван ч Ерөнхийлөгчийн засаг захиргаанд, тэр дундаа Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Брукингсийн хүрээлэнгийн ахлах судлаач Фиона Хилл үзжээ.
Цөмийн босго алхахын үнэ өндөр
Берлин дэх Карнегийн Орос, Евразийн судалгааны төвийн захирал Александр Габуев Орос улс тактикийн цөмийн зэвсэг ашиглах эрсдэл одоогийн байдлаар маш бага хэвээр гэж үзэж буй юм байна.
Түүний тайлбарласнаар, өнөөгийн тархай байрласан байлдааны талбарт тактикийн цөмийн зэвсгийн цэргийн үр нөлөө хязгаарлагдмал байхад цөмийн зэвсэг хэрэглэх нь олон улсын хэмжээнд улс төрийн асар өндөр үнэ төлөөс дагуулна.
Габуев “Москва мөргөлдөөнийг ердийн зэвсгээр, тэр дундаа пуужингийн цохилтоо эрчимжүүлэх замаар хурцатгах боломжтой хэвээр байгаа цагт цөмийн босгыг давах бодит шалтгаан бараг байхгүй” хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: DW