Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын арав дахь өдөр буюу 2026 оны наймдугаар сарын 26-нд Цэнхэр бүсэд “Цөлжилт, газрын доройтлын эсрэг хариу арга хэмжээ авахын тулд хүний эрхэд суурилсан, хүн төвтэй газрын нөхөн сэргээлтийг дэмжих нь” сэдэвт панел хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал В.Өлзийбаяр нээж, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн ажилтан Харриет Хирст чиглүүлэгчээр ажилласан юм.
Панел хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид оролцож, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хүний эрхэд учирч буй эрсдэл, Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлэв.
Цөлжилт бол хүний эрхийн асуудал
Д.Сүнжид дэлхий нийтээрээ байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн ноцтой сорилттой нүүр тулж буйг онцлоод, цөлжилт, газрын доройтол, ган, зуд нь зөвхөн байгаль орчны хямрал бус, хүний эрхийн хямрал болохыг тэмдэглэв.
Учир нь, эдгээр хүчин зүйл нь хүний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, ус, хоол хүнс, орон байртай байх, амьжиргаагаа залгуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, соёлын эрх зэрэг олон эрхэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг байна.
![]()
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Их Хуралд хүргүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 25 удаагийн илтгэлийн 10-д нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлыг тусгаж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан байна.
Тухайлбал, 2024 онд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын судалгаа, дүн шинжилгээ хийж, орчны бохирдол, хотын стандарт, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрхийн асуудлыг хөнджээ.
Нөхөн сэргээлтийн үр дүнг хүний амьдралд гарсан өөрчлөлтөөр хэмжих шаардлагатай
Д.Сүнжид "Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, газрын нөхөн сэргээлтийн бодлого, арга хэмжээний үр дүнг зөвхөн нөхөн сэргээгдсэн газрын талбай, тарьсан модны тоогоор хэмжихээс илүүтэйгээр иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, боловсрол, ус, хүнсний хүртээмж, газар ашиглах эрх, амьдралын чанарт бодитой ямар өөрчлөлт гарсныг үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай" гэж онцолсон юм.
Өөрөөр хэлбэл, газрын нөхөн сэргээлтийн бодит үр дүн нь тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч чадсан эсэхээр хэмжигдэх ёстой.
Малчид болон эмзэг бүлгийн оролцоог бодитой хангах нь чухал
Мөн тэрбээр цөлжилт, газрын доройтлын эрсдэлд өртөж буй иргэдийг нэг төрлийн бүлэг гэж үзэх бус, тухайн бүс нутаг болон хүн амын онцлогт нийцүүлэн ялгаатай хэрэгцээг нь тодорхойлох шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
Тухайлбал, говь болон хангайн бүсэд амьдарч буй малчдын нөхцөл байдал, хэрэгцээ ялгаатай. Үүний зэрэгцээ малчин эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг бүлгийн онцлог хэрэгцээг тусгайлан авч үзэх шаардлагатай.
Ингэхдээ эрсдэлд өртөж буй иргэдийг бүрэн, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллээр хангахын зэрэгцээ тэдний санал, уламжлалт мэдлэг, бодит хэрэгцээг шийдвэр гаргалтад бодитоор тусгах нь чухал болохыг тэмдэглэв.
Орон нутгийн иргэдийн оролцоо, үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай
Хэлэлцүүлэгт оролцогчид цөлжилт, газрын доройтлын эсрэг арга хэмжээ хэрэгжүүлэхдээ тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн бодит оролцоог хангаж, тэдний санал, хэрэгцээнд тулгуурлах шаардлагатайг онцоллоо.
Мөн уул уурхайн бүс нутагт амьдарч буй иргэд болон орон нутгийн засаг захиргаанд тухайн бүс нутгаас бий болсон үр өгөөжийг орон нутгийн хөгжил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах боломжийг нэмэгдүүлсэн сайн туршлагууд байдгийг дурдав.
Иймээс цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодлого нь зөвхөн байгаль орчныг хамгаалах асуудлаар хязгаарлагдахгүй, хүний эрхийг хамгаалах, иргэдийн оролцоог хангах, орон нутгийн хөгжил болон амьжиргааг дэмжих цогц бодлого байх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.