Залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болон Монголд эрчимтэй нэмэгдэж, ялангуяа цахим технологийн хөгжилтэй зэрэгцэн түүний хэлбэр, арга нь улам нарийсаж, олон төрөлд хуваагдан хувьсан өөрчлөгдөж байна.

INTERPOL-ын 195 гишүүн улсыг хамруулсан 2026 оны үнэлгээний тайланд дурдсанаар, 2025 онд дэлхий дахины хэмжээнд залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирол 442 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь зөвхөн санхүүгийн алдагдал бус, иргэдийн итгэлцэл, цахим аюулгүй байдлын орчинд ноцтой эрсдэл үүсгэж буй юм.

Мөн тус тайланд хиймэл оюун ухаанд суурилсан, deepfake технологи ашиглан, хүний дуу хоолой, дүрсийг хуурамчаар бүтээж, бусдыг төөрөгдүүлэх, фишинг буюу хуурамч и-мэйл, мессэж, цахим хуудас ашиглан нууц үг болон банкны мэдээлэл авах, өндөр ашиг амалсан хуурамч хөрөнгө оруулалтын залилан,

мөн байгууллагын албан ёсны и-мэйл хаягийг дуурайн, мөнгө шилжүүлэхийг шаарддаг бизнесийн и-мэйл халдлага зэрэг хэлбэрүүд хамгийн түгээмэл байгааг дурджээ. Эдгээр нь цаашид ч эрчимтэй нэмэгдэх өндөр эрсдэлтэй тул иргэдийн цахим аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг зөвлөсөн байна.

Дотоодын гэмт хэргийн статистикийг авч үзвэл, сүүлийн таван жилийн буюу 2021-2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 208.7 мянган гэмт хэрэг бүртгэгдсэний дийлэнхийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 61.5 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 17.8 хувь, хөдөлгөөн болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 7.4 хувь тус тус эзэлжээ.

2026 оны эхний дөрвөн сарын байдлаар, нийт 19,875 гэмт хэрэг бүртгэгдсэний 6975 нь залилах гэмт хэрэг бөгөөд энэ нь нийт хэргийн 35 хувийг эзэлж байгаа бол хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 3532 (17.7 хувь), хулгайлах гэмт хэрэг 3,262 (16.4 хувь)-ийг тус тус бүрдүүлсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад залилах гэмт хэрэг 1232 нэгжээр буюу 21.4 хувиар өсч, илрүүлэлтийн хувь 22.7 нэгжээр нэмэгдэж, 49.3 хувьд хүрчээ.

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн бүтцийг авч үзэхэд, нийт гэмт хэргийн 84.7 хувь буюу 3674 тохиолдлыг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг цахим орчинд давамгай байр суурь эзэлж буйг харуулж байна.

2025 оны байдлаар цахим залилан үйлдэхэд хамгийн түгээмэл ашиглагдаж буй платформуудын дийлэнх нь олон нийтэд өргөн хэрэглэгддэг сүлжээнүүд аж. Нийт 12,148 тохиолдлын 7952 буюу 65.4 хувь нь Facebook-ээр дамжсан бол Telegram 11.5 хувь, зээлийн аппликейшн 5.2 хувь, мөн Unegui.mn, TikTok, Instagram, WhatsApp, Viber болон бусад платформууд тодорхой хувийг бүрдүүлжээ.

Залилах гэмт хэрэг үйлдэх арга хэлбэрийн хувьд таван үндсэн төрөл давамгайлж, нийт хэргийн 51.3 хувийг эзэлж буй аж. Үүнд бараа, үйлчилгээ захиалах нэрээр хуурах, хандивын залилан, Telegram орчны даалгавар биелүүлэх хэлбэрийн залилан, бусдын цахим хаягийг ашиглах, мөн мөрийтэй тоглоом, сугалааны шинжтэй хууран мэхлэх үйлдлүүд багтсан байна.

Мөн нийт залилах гэмт хэргийн 89.8 хувь нь банкны данс ашиглан үйлдэгдсэн бөгөөд давхардсан байдлаар арилжааны 9 банкны 30,162 данс ашиглагдсан нь энэ төрлийн гэмт хэрэг санхүүгийн системтэй шууд холбогдон үйлдэгдэж буйг илтгэж байгаа аж.

Ийм нөхцөл байдал нь залилах гэмт хэрэг зөвхөн хувь хүний санхүүгийн хохирол бус, байгууллага, банк санхүүгийн тогтолцоо болон нийгмийн итгэлцэлд гүнзгий нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг харуулж буй юм. 

Иймд цаашид цахим аюулгүй байдлын боловсролыг дээшлүүлэх, мэдээллийн хамгаалалтыг сайжруулах, сэжигтэй үйлдлийг шуурхай илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга зам болж байна.
 

Эх сурвалж: ECONOMEDIA