Улаанбаатар хотноо эдгээр өдрүүдэд дэлхийн улс төр, дипломат харилцааны анхаарал төвлөрч байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Монгол Улсад болж, 197 талын төлөөлөгчид, төр засгийн өндөр түвшний албан тушаалтнууд, олон улсын байгууллага, бизнесийнхэн, эрдэмтэн судлаачид, малчид, иргэний нийгмийн төлөөлөл нэг дор цуглаад буй.

“Эх газрыг сэргээж, итгэл найдвараа сэргээе” хэмээх уриатай энэ удаагийн хурал нь газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг хэлэлцэх үндсэн зорилготой ч Монголын хувьд үүнээс хавьгүй өргөн утгатай үйл явдал болж байна.

Учир нь, Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог газарзүйн онцлогоо өөрчилж чадахгүй ч гадаад харилцааныхаа хүрээг өргөжүүлж, олон тулгуурт түншлэл бий болгох замаар өөрийн стратегийн орон зайг нэмэгдүүлэхийг зорьж буй. Үүнийг Монголын гадаад бодлогын хэлээр “гуравдагч хөрш”-ийн бодлого гэж нэрлэдэг.

Өөрөөр хэлбэл ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн харилцаагаа хадгалахтай зэрэгцэн АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Европын холбоо зэрэг улс, байгууллагуудтай улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, соёл, хүмүүнлэгийн олон талт харилцааг хөгжүүлэхийг зорьдог. Энэ бодлогын үндэс нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан билээ.

COP17 энэ бодлогын шинэ талбар болж чадах уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Хариулт нь боломжийн хувьд тийм. Гэхдээ энд “гуравдагч хөрш” гэдэг ойлголтыг зөвхөн улс төрийн өндөр түвшний айлчлал, хамтарсан мэдэгдэл, дипломат уулзалтаар хэмжихээс илүүтэй Монголд бодитоор ямар хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, технологи, мэдлэг үлдэх вэ гэдгээр нь харах шаардлагатай.

Дэлхий Монголд ирсэн нь өөрөө боломж

COP17-ыг Улаанбаатарт зохион байгуулж байгаа нь Монголын хувьд дипломат утгаараа том үйл явдал. Энэ бол НҮБ-ын газрын доройтол, цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд дэлхийн улс орнууд нэг дор цугларч буй хамгийн том олон талт арга хэмжээнүүдийн нэг яах аргагүй мөн.

Дэлхийн нийт газрын 40 орчим хувь доройтолд өртсөн гэх тоо байгаа бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн бараг 77 хувь нь газрын доройтолд өртсөн гэж UNCCD мэдээлж байна. Тиймээс Монгол энэ асуудлыг зөвхөн гаднаас ажиглагчийн байр сууринаас биш, өөрийн газар нутаг, мал аж ахуй, ус, бэлчээр, хүнсний аюулгүй байдалтай шууд холбогдсон үндэсний асуудлын хувьд ярьж байна.

Энд Монгол Улсын хувьд нэг онцгой давуу тал бий. Дэлхий цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн менежментийн шийдэл хайж байхад Монгол Улс хэдэн зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуйд түшиглэн хуурай, эрс тэс уур амьсгалтай орчинд амьдрах туршлага хуримтлуулсан.

Тиймээс Монголыг зөвхөн “тусламж хэрэгтэй орон” гэж харах бус, өөрийн туршлага, уламжлалт мэдлэг, бэлчээр ашиглах арга ухаанаа дэлхийн хэлэлцүүлэгт санал болгох боломжтой улс гэж харах өнцөг улам бүр чухал болж байна.

Ялангуяа 2026 оныг НҮБ-аас Олон улсын бэлчээр ба малчдын жил болгон зарласан нь Монголын байр суурийг улам тодруулж буй юм. Дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг бэлчээр эзэлж, хэдэн зуун сая хүний амьжиргаа түүнээс шууд хамаардаг ч энэ салбар олон улсын бодлогын түвшинд харьцангуй бага анхаарал татаж ирсэн.

Энэ жилийн COP17 бэлчээр, малчдын амьжиргаа, газрын нөхөн сэргээлтийг нэг асуудал болгон авч үзэж байгаа нь Монголд өөрийн туршлагаа дэлхийн түвшинд гаргах онцгой боломж болж буй юм.

“Гуравдагч хөрш” улс төрөөс эдийн засаг руу шилжих үү?

Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хамгийн том сорилт олон жилийн турш улс төрийн сайн харилцааг эдийн засгийн бодит үр өгөөжтэй холбох асуудал байсаар ирсэн.

Монгол Улс АНУ, Япон, БНСУ-тай стратегийн түншлэлтэй, Европын холбоотой харилцаагаа өргөжүүлж байгаа ч эдгээр харилцаа Монголын эдийн засгийн бүтцийн эмзэг байдлыг дорвитой өөрчилж чадсан уу гэдэг асуулт хэвээр буй.

Манай экспортын орлого цөөн хэдэн түүхий эдээс ихээхэн хамааралтай, худалдааны урсгалын томоохон хэсэг хоёр хөрштэй холбоотой хэвээр байгаа нөхцөлд “гуравдагч хөрш” бодлогын дараагийн шат нь улс төрийн дэмжлэгээс илүүтэй хөрөнгө оруулалт, технологи, зах зээл, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл рүү шилжих шаардлагатай. COP17 үүнд нэг шинэ гарц нээж болох юм.

Газрын доройтолтой тэмцэнэ гэдэг зөвхөн мод тарих тухай асуудал биш. Усны менежмент, хөрсний технологи, хиймэл дагуулын мониторинг, ухаалаг мал аж ахуй, бэлчээрийн даацын тооцоо, ойжуулалт, хүнсний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын эрсдэлийн даатгал зэрэг асар олон салбар холбоотой.

Өөрөөр хэлбэл, байгаль орчны асуудал өөрөө шинэ технологи, шинэ хөрөнгө оруулалт, шинэ бизнесийн зах зээл болж хувирч байна.

Дэлхий даяар газрын доройтлыг бууруулахад асар их хөрөнгө шаардлагатай байгаа энэ үед Монгол Улс өөрийн нутаг дэвсгэр дээрх асуудлаа олон улсын хөрөнгө, технологитой холбож чадвал “гуравдагч хөрш”-ийн бодлого бодит эдийн засгийн агуулгатай болох билээ.

COP17-ын үеэр газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтийг санхүүжүүлэх асуудал гол сэдвүүдийн нэг болж буй бөгөөд өмнөх COP16-аас эхэлсэн 12 тэрбум ам.долларын Global Drought Resilience Partnership зэрэг санхүүгийн механизмын хэрэгжилтийг урагшлуулах асуудал яригдаж байна.

Гэхдээ дэлхийн газрын доройтлыг 2030 он гэхэд шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө үүнээс хавьгүй их буюу их наяд доллараар хэмжигдэж буй юм. Тиймээс Монголын хувьд асуулт нь “Хэдэн тэрбум долларын сан бий болсон бэ?” гэхээс илүү “Түүний хэд нь Монголд бодит төсөл болж ирэх вэ?”.

Мүн Жэ Ин-ий Монгол дахь "айлчлал" бас нэг дохио

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Монголд ирж байгаа нь анхаарал татаж байна. Тэрбээр COP17-ын хүрээнд Монголд ирж, хуралд оролцохын зэрэгцээ ойжуулалт, газрын нөхөн сэргээлттэй холбоотой арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн байна.

Түүний хөтөлбөрт Монголын хойд хэсэгт Солонгосын байгууллага, компаниудын оролцоотой хэрэгжиж буй ой сэргээх төсөлтэй танилцах ажил багтсан талаар Солонгосын хэвлэл мэдээлжээ.

Мүн Жэ Иний Монголд ирж буй зорилго, байгаль орчин, ойжуулалт, COP17-ын хөтөлбөртэй холбогдож байгаа нь Монгол-БНСУ-ын харилцаанд байгаль орчны дипломат ажиллагаа ямар шинэ орон зай үүсгэж болохыг харуулж буй. Энэ бол “гуравдагч хөрш”-ийн бодлогын сонирхолтой жишээ.

Дипломат харилцаа байгаль хамгаалалтай холбогдоно. Байгаль хамгаалал технологитой холбогдоно. Технологи хувийн хэвшилтэй холбогдоно. Хувийн хэвшил хөрөнгө оруулалттай холбогдоно. Ингэж чадвал “гуравдагч хөрш” гэдэг ойлголт дипломат үг биш, Монголын хөгжилд бодитой нөлөөлөх механизм болж чадах билээ.

Монголд дэлхийн мөнгө биш, дэлхийн түншлэл хэрэгтэй

COP17-ын үеэр яригдаж буй санхүүжилтийн тоонууд анхаарал татах нь ойлгомжтой. Гэхдээ Монгол Улс зөвхөн олон улсын сангаас мөнгө авахыг зорих ёсгүйг ажиглагчид хэлж буй_ Харин урт хугацааны түншлэл байгуулах нь илүү чухал.

Жишээлбэл, Япон Монголд усны менежмент, технологийн шийдэл санал болгож болно. БНСУ ойжуулалт, технологи, дижитал шийдлээр хамтрах боломжтой. Европын холбоо ногоон санхүүжилт, стандарт, тогтвортой үйлдвэрлэлийн туршлагаа санал болгож болно.

АНУ шинжлэх ухаан, инноваци, хөрөнгө оруулалтын чиглэлд оролцож болно. Энэтхэг, Австрали зэрэг улс ч өөр өөрийн технологи, туршлагатай. Эдгээрийг нэг дор холбох боломж нь COP17 юм.

Монгол Улс энд “бидэнд туслаач” гэхээс илүү “хамтдаа бизнес, технологи, шинжлэх ухаан, байгаль хамгааллын шийдэл бий болгоё” гэсэн санал тавих хэрэгтэй. Энэ ялгаа жижиг мэт боловч гадаад бодлогын хувьд асар том ялгаа.

Хоёр хөршөөсөө холдох биш, олон түнштэй болох тухай

“Гуравдагч хөрш” гэдэг ойлголтыг заримдаа ОХУ, БНХАУ-ын эсрэг чиглэсэн бодлого мэтээр ойлгох тохиолдол бий. Гэвч Монголын албан ёсны бодлогын логик үүнээс өөр. Монгол Улс хоёр хөрштэйгөө сайн харилцаагаа хадгалахын зэрэгцээ бусад улс орон, олон улсын байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлэхийг зорьдог.

Япон, АНУ хоёр Монголын ардчилал болон “гуравдагч хөрш”-ийн бодлогыг дэмжиж ирсэн талаар хамтарсан мэдэгдэлд ч тусгасан байдаг. Тиймээс COP17-ын дипломат ач холбогдлыг “Монгол хэний талд орох вэ?” гэдэг асуултаар хэмжих нь учир дутагдалтай.

Харин “Монгол улс өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд дэлхийн хэдэн талтай зэрэг хамтарч чадах вэ?” гэдэг асуулт илүү чухал. Энэ утгаараа Улаанбаатарт 197 талын төлөөлөгч цугласан нь Монголын хувьд том боломж юм.

Нэг талд нь ОХУ, нөгөө талд нь БНХАУ байгаа газарзүйн байрлалаа өөрчилж чадахгүй ч Монгол Улс олон улсын дипломат сүлжээгээ өргөжүүлж, өөрийн стратегийн орон зайг тэлэх боломжтой.

Харин жинхэнэ шалгалт COP17-ын дараа эхэлнэ

Энэ бүхний цаана нэг хатуу асуулт хүлээж буй. COP17 дууссаны дараа Монголд яг юу үлдэх вэ? Олон улсын төлөөлөгчид буцна. Сайд нар уулзалтаа дуусгана. Санамж бичгүүдэд гарын үсэг зурна. Хэдэн арван зураг, хэдэн зуун мэдээ үлдэнэ. Гэхдээ хэдэн жилийн дараа монгол малчин “Энэ хурлаас бидэнд юу ирсэн бэ?” гэж асуухад хариулт нь бэлэн байх ёстой.

Бэлчээрийн доройтол буурсан уу? Усны хүртээмж нэмэгдсэн үү? Газрыг бодитоор нөхөн сэргээсэн уу? Малчдын орлого өссөн үү? Шинэ технологи орж ирсэн үү? Гадаадын хөрөнгө оруулалт бодит үйлдвэрлэл болсон уу? Монголын компаниуд олон улсын зах зээлд гарсан уу? Эдгээр асуултын хариу “тийм” байж чадвал COP17 Монголын хувьд үнэхээр дипломат амжилт болно.

Харин зөвхөн өндөр түвшний уулзалт, гоё илтгэл, санамж бичиг, зурагтай үлдвэл энэ бүх боломж богино хугацааны улс төрийн шоу болон өнгөрөх эрсдэлтэй.

Д.ЭРДЭНЭТУЯА