Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын олон бүс нутагт түүхэн дээд хэмжээнд хүрсэн халалт үргэлжилж, Хойд Америк, Европт ой хээрийн түймэр дэгдэн, Ази тивд сая сая хүн хэт халууны нөлөөнд өртөж буй энэ үед цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх олон улсын асуудал урьд өмнөхөөсөө илүү их анхаарал татаж буй

Хүмүүн.мн сайт энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа дээрх асуудлын талаар нухацтай хэлэлцэж буй тухай Их Британийн "The Guardian" сонины нийтлэлийг онцолж байна.   

Энэ цаг үед дэлхийн улс орнуудын анхаарал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төвлөрч байна. Учир нь, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 наймдугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлж, дэлхийн улс орнууд ган гачиг, газрын доройтол, цөлжилтийн эсрэг авах арга хэмжээ болон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж байна.

Их Британийн нэр хүндтэй The Guardian сонин энэ үйл явдлыг онцолж, COP17-ын үеэр 74 эмзэг улсад зориулсан 12 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг хэрхэн бодит ажил, төсөл болгон хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал гол анхаарлын төвд байгаа талаар мэдээлэв.

Улаанбаатар дахь хэлэлцүүлгээс дэлхий юу хүлээж байна вэ?

The Guardian-ийн мэдээлснээр, COP17-ын үеэр олон улс орон цугларч, өмнө нь өгсөн олон тэрбум ам.долларын санхүүгийн амлалтыг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх бодит төсөл, хөтөлбөр болгон хувиргах ажлыг эхлүүлээд байгаа аж.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хэлэлцээрүүд нь олон талт хамтын ажиллагаанд эерэг дохио өгнө гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр, газрын доройтлыг бууруулах асуудлыг зөвхөн байгаль орчны хүрээнд авч үзэх бус, дэлхийн хүнсний аюулгүй байдалтай холбон шийдвэрлэх шаардлагатай болсон байна.

Тэр "Газрыг сэргээх тусам үржил шимтэй хөрс нэмэгдэж, хүнсний аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ. Тиймээс цөлжилттэй тэмцэх хөрөнгө оруулалт нь нэг талаар байгаль орчныг хамгаалах, нөгөө талаар дэлхийн хүнсний хангамжийг хамгаалах хөрөнгө оруулалт болно" гэж онцолжээ.

Хэт халалт хүнсний үнэд нөлөөлж эхэллээ

Дэлхий даяар хэт халалт, усны хомсдолын улмаас ургацын хэмжээ буурах эрсдэл нэмэгдэж буй. Үүний үр дагавар нь зөвхөн тариаланчдад төдийгүй дэлхийн нийт хүн амд мэдрэгдэнэ. Ургац буурах тусам хүнсний нийлүүлэлт багасч, улмаар хүнсний үнэ өсөх дарамт нэмэгдэх билээ.

The Guardian мөн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тооцооллыг дурдаад, "Одоо бүрэлдэж буй 'супер Эль Ниньо' хэмээн нэрлэгдэж байгаа цаг уурын үзэгдэл ирэх онд 50 сая орчим хүнийг өлсгөлөнгийн эрсдэлд оруулж болзошгүй" гэж мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл, цөлжилт, ган гачиг, газрын доройтол нь байгаль орчны асуудлаас хэдийнэ давж, хүнсний аюулгүй байдал, ядуурал, шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн тогтвортой байдалтай холбогдсон дэлхийн хэмжээний асуудал болсон юм.

12 тэрбум ам.долларын санхүүжилт

COP17-ын гол асуудлуудын нэг нь Риядын дэлхийн ган гачигт тэсвэртэй байдлын түншлэл буюу Riyadh Global Drought Resilience Partnership-ийг бодит ажил хэрэг болгох явдал.

Энэхүү санаачилгыг 2024 онд Саудын Арабын удирдлага дор байгуулсан бөгөөд уг түншлэл болон холбогдох санаачилгуудын хүрээнд улс орон, олон улсын байгууллагууд 7 жилийн хугацаанд 74 улсад 12 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор амлажээ. Эдгээр нь ган гачигт нэрвэгдсэн, газрын доройтолтой тэмцэх шаардлагатай байгаа улс орнууд юм.

COP17-ын үеэр энэ мөнгийг хэрхэн үр ашигтайгаар зарцуулах, өмнө нь боловсруулсан гангийн менежментийн төлөвлөгөөнүүдийг хэрхэн бодит төсөл болгон хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна.

Ясмин Фуадын хэлснээр, 70 гаруй улс ган гачгийн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж, танилцуулсан бөгөөд одоо тэдгээр төлөвлөгөөг бодит төсөл болгох шаардлагатай байгаа аж.

12 тэрбум ам.долларыг юунд зарцуулах вэ?

Энэ санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой ажлууд олон. Тухайлбал:

  • Усалгааны системийг шинэчилж, усны үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх;
  • Ган гачигт тэсвэртэй үр тариа, ургамлыг нутагшуулах;
  • Тариаланчдад зориулсан борооны ус хуримтлуулах байгууламж байгуулах;
  • Доройтсон газрыг нөхөн сэргээх;
  • Хөрсний үржил шимийг хамгаалах;
  • Гангийн эрсдэлийг бууруулах;
  • Усны нөөцийн менежментийг сайжруулах зэрэг төсөл хэрэгжүүлэх боломжтой.

Эдгээр арга хэмжээ нь зөвхөн тухайн улсын байгаль орчинд төдийгүй хүнсний үйлдвэрлэл, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх ач холбогдолтой.

12 тэрбум ам.доллар хангалттай юу?

Эндээс асуудлын цар хүрээ улам тодорхой харагдаж буй. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тооцоолсноор, энэ арван жилийн эцэс гэхэд дэлхий нийтэд 2.6 их наяд ам.доллар шаардлагатай аж.

Энэ хөрөнгөөр доройтсон газрыг нөхөн сэргээх, цөлжилтийг зогсоох, ган гачгаас хамгаалах, хөрсний үржил шимийг сэргээх зэрэг ажлыг хийх шаардлагатай. Тиймээс 12 тэрбум ам.доллар нь шаардлагатай нийт хөрөнгийн дэргэд харьцангуй бага дүн юм.

Гэвч энэ санхүүжилтийн амлалт нь дэлхийн байгаль орчны санхүүжилтийн хувьд чухал алхам гэж үзэж байна. Учир нь, өмнө нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын асуудлаас харьцангуй бага анхаарал татсаар ирсэн билээ.

Цөлжилттэй тэмцэх конвенц 30 гаруй жилийн түүхтэй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц буюу UNCCD нь 1992 онд Рио-де-Жанейро хотноо болсон Дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр бий болсон, байгаль орчны гурван томоохон олон улсын гэрээний нэг юм.

Нөгөө хоёр нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц; Биологийн олон янз байдлын тухай конвенц юм. Гэвч The Guardian "Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд цөлжилттэй тэмцэх конвенц нь эдгээрээс харьцангуй бага анхаарал, санхүүжилт авч ирсэн" гэж онцолжээ.

Харин сүүлийн жилүүдэд газрын доройтол, ган гачиг нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой болохыг улс орнууд улам бүр ойлгож эхэлснээр нөхцөл байдал өөрчлөгдөж буй аж.

Саудын Арабын байр суурь

Энэ өөрчлөлтөд Саудын Арабын оролцоо чухал байр суурь эзэлж байгаа билээ. Тус улс 2024 онд UNCCD-ийн COP16 хурлыг зохион байгуулж, цөлжилт, ган гачигтай тэмцэх үйл ажиллагааг дэмжихэд олон зуун сая ам.долларын хөрөнгө амлажээ.

Саудын Арабын Байгаль орчны дэд сайд Осама Факееха "Газрын доройтол, ган гачиг нь дэлхийн хүн амын бараг тал хувийн хүнс, усны аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын тэсвэртэй байдалд ихээхэн нөлөөлж байна" гэж онцлов.

Түүний үзэж байгаагаар, 2024 онд Рияд хотноо болсон COP16 нь газрын менежмент болон ган гачгийн асуудлыг дэлхийн хэмжээнд шийдвэрлэхэд чухал эргэлтийн цэг болсон байна.

Хувийн хэвшлээс хөрөнгө татах шаардлагатай

Одоогийн байдлаар амласан 12 тэрбум ам.долларын бүх санхүүжилт төрийн сектороос бүрдэж буй ч цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

UNCCD "Ялангуяа ус, газар тариалан, байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай хүнсний компаниуд, нэхмэлийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын компаниуд газрын доройтол, усны хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд илүү их оролцох ёстой" гэж үзжээ.

Учир нь, газрын доройтол нь зөвхөн хөгжиж буй орнуудын асуудал биш. Тухайн улс оронд үүссэн газрын доройтол нь дэлхийн хүнсний нийлүүлэлт, худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ, шилжилт хөдөлгөөнд хүртэл нөлөөлөх эрсдэлтэй.

Газрын доройтол дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна

Нидерландын Commonland байгууллагын төлөөлөгч Лили Максвелл-Лвин өндөр хөгжилтэй орнууд газрын доройтлыг зөвхөн хөгжиж буй орнуудын асуудал гэж харах ёсгүй гэж үзэж байгаа аж. Учир нь, бусад улс оронд доройтсон газар нутаг нэмэгдэх нь эцэстээ өндөр хөгжилтэй орнуудын хүнсний аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөний дарамт,  нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй.

Тиймээс тус байгууллага "Газрын нөхөн сэргээлтэд зориулсан санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах арга хэмжээнд зарцуулж буй хөрөнгийн хэмжээнд хүрэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлжээ.

Монгол Улсын хувьд COP17 ямар ач холбогдолтой вэ?

Дэлхий даяар цөлжилт, ган гачиг, газрын доройтол улам бүр хурцдаж буй энэ үед COP17-ыг Монгол Улс ийн зохион байгуулж байгаа нь олон улсын анхаарлыг Улаанбаатар хотод төвлөрүүлсэн томоохон үйл явдал болж байна.

Монгол орны хувьд ч энэ асуудал онцгой ач холбогдолтой. Учир нь, Монгол Улс өргөн уудам газар нутагтай, бэлчээрийн мал аж ахуйд түшиглэсэн эдийн засагтай. Уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, газрын доройтол зэрэг асуудал нь байгаль орчноос гадна мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн амьжиргаатай шууд холбоотой юм.

Иймд Улаанбаатарт болж буй COP17 нь Монгол Улсын хувьд дэлхийн улс орнуудтай хамтран цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцэхээс гадна өөрийн орны туршлага, тулгамдсан асуудлыг олон улсын түвшинд танилцуулах чухал боломж болж байна.

Эх сурвалж: THE GUARDIEN