Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болж, хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлс, нийгмийн хамгаалал болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн. Энэ удаагийн хуралдааны анхаарал татсан гол асуудлын нэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай байв.
Монгол Улсад одоо мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 792 мянган төгрөг болсон. Үүнээс өмнө 660 мянган төгрөг байсныг 132 мянган төгрөгөөр буюу 20 хувиар нэмэгдүүлсэн юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сүүлийн жилүүдэд үе шаттай нэмэгдэж, 2023 онд 550 мянга, 2024 онд 660 мянга, 2025 оноос 792 мянган төгрөгт хүрсэн билээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх эсэх нь зөвхөн хамгийн бага цалинтай ажилтнуудын орлогод хамаарах асуудал биш юм. Цалингийн доод түвшин өөрчлөгдөх нь хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын зардал, ажилтнуудын нийгмийн даатгал болон бусад төлбөр тооцоонд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учраас уг асуудлыг төр, ажил олгогч, ажилтны төлөөлөл оролцсон гурван талын зөвшилцлөөр хэлэлцэж буй.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляц, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалинтай харьцах харьцаа, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр зөвхөн цалингийн хэмжээг өсгөх эсэхээс гадна ажил олгогч, ажилтанд үзүүлэх эдийн засгийн нөлөөлөл, өнөөгийн амьжиргааны өртөгтэй уялдуулах боломж зэрэг асуудлыг авч үзжээ.
Одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна. Үндэсний хороо уг асуудлыг өнөөдөр (2026.08.17)-т үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон. Цаашид шинэ хэмжээ тогтоох эсэх, тогтоосон тохиолдолд хэдий хэмжээний өсөлт хийх, хэзээнээс мөрдөж эхлэх зэрэг асуудал тодорхой болох нь.
Зарим эх сурвалж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгохоор талууд хэлэлцэж байгаа талаар мэдээлэв.
Баасан гаргийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс гадна төрийн өмчит компаниудын хувьчлалтай холбоотой бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн үед ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг хэрхэн хангах асуудлыг мөн хэлэлцжээ.
Энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ танилцуулга хийсэн байна. Төрийн өмчит байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орох, хувьчлал хийх үед ажилтнуудын ажлын байр, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгаатай холбоотой асуудал хөндөгддөг тул энэ асуудлыг гурван талын түншлэлийн хүрээнд авч үзэж байгаа аж.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5 дахь заалтад үндэслэн “Жагсаалт батлах тухай”, “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслүүдийг танилцуулж, хэлэлцсэн байна. Эдгээр зохицуулалт нь хөдөлмөрийн харилцаа болон иргэдэд зайлшгүй шаардлагатай үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахтай холбоотойгоор чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Тус хэлэлцээр нь төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг уялдуулахад чиглэж байгаа аж.
Хуралдааны үеэр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны саналаар “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх 2026-2031 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Ингэснээр ажлын байран дахь эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын ялгаатай хэрэгцээг харгалзан үзэх, тэгш боломжийг хангах, ажил болон гэр бүлийн амьдралын зохистой тэнцвэрийг дэмжих, ажлын байрны ялгаварлан гадуурхалт, дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.